Ойн гүнд орших өвөрмөц ресторан наймдугаар сард үүдээ нээнэ
Халдварт өвчин гарсантай холбоотойгоор дэлхий нийтээрээ зай барих зөвлөмжийг мөрдөж байгаа билээ. Тэгвэл бизнес эрхлэгчид шинэ амьдралын хэв маягт нийцүүлэн үйлчилгээгээ өөрчилж байна. Тэдгээрийн нэг нь ирэх наймдугаар сард нээгдэх Nowhere ресторан юм. Шведийн дарс үйлдвэрлэгч Oddbird компани Стокгольм хотын ойролцоох үзэсгэлэнт байгалийн цогцолборт шинэ ресторанаа нээхээр бэлдэж байгаа аж.
Nowhere ресторан нийт зургаан ширээтэй бөгөөд тус бүр байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоц дунд байрлах гэнэ. Тухайлбал, ойн гүнд, усан онгоцны зогсоолд, хадлангийн талбайд гэхчлэн үйлчлүүлэгчид өөр хоорондоо таарах боломжгүй өөр өөр байршилд хооллох юм байна.
Ширээний загварыг Данийн интерьер дизайны The Norrmans компани дахин боловсруулсан тавилга, материалаар хийжээ. Харин хоолны цэсийг Стокгольм хотын Гарба рестораны ахлах тогооч Линн Сөдерстром, Мэрион Рингборг нар гаргасан байна.
Урьдчилсан захиалгыг зургаадугаар сарын 22-оос авч эхэлсэн ба Nowhere ресторан 2020 оны наймдугаар сарын 20-нд албан ёсоор нээгдэнэ гэжээ.