Б.Өсөхбаяр: Экологийн алба байгуулагдсанаар энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажил эрчимжсэн

2020 оны 6 сарын 26

Arslan.mn

ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Өсөхбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Байгаль орчныг хамгаалах, энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлж танайх ямар ажлууд хийж байна вэ? 
-
Дэлхийн усны өдрийг тохиолдуулан байгаль дэлхийгээ хамгаалж, байгаль орчинтойгоо зохицон амьдарч ирсэн үндэсний өв уламжлалаа шинжлэх ухаан, инноваци, технологийн ололтод тулгуурлан, тогтвортой хөгжлийн төлөөх үзэл баримтлалаар баяжуулан, бүх нийтийн экологийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Усны төлөө зөв үйлдэл хийе” аяныг арван хоногийн хугацаанд зохион байгуулсан.

Мөн Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Мөрдөн байцаах алба, Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/-тай хамтран “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Таны дуу хоолой байгалийг хамгаалж чадна” уриан дор “Ногоон дуу хоолой” мэдээлэл, сурталчилгааны аян явууллаа. Энэ аян дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15-ны хооронд нэг сарын хугацаанд үргэлжилж давхардсан тоогоор 5.6 сая хүнд хүрлээ. 

-Экологийн цагдаагийн алба байгуулагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд байгаль орчны эсрэг хэчнээн гэмт хэргийг илрүүлэв.

-Сүүлийн үед бүртгэгдсэн гэмт хэргийг бүртгэгдсэн зүйлээр нь авч үзвэл,хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох 147 гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үеэс  112 хэргээр буюу 3.2 дахин өссөн үзүүлэлт. Харин  хууль бусаар ан агнах гэмт хэрэг 52 бүртгэгдсэн нь өмнөх оноос 21 хэргээр буюу 67.7 хувиар, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг 144 бүртгэгдсэн нь 38 хэргээр буюу 35.8 хувиар өссөн.

Түүнчлэн ургамал хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг зургаа гарсан нь өмнөх оны мөн үеэс гурван  хэргээр буюу нэг дахин өссөн байгаа юм. Ой хээрийн түймэр тавих гэмт хэрэг найм бүртгэгдсэн нь өмнөх оноос найман хэргээр буюу 50 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Эдгээр тоон үзүүлэлтээс тус алба байгуулагдсанаар энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажил нэлээдгүй эрчимжсэн гэдгийг харж болно. Манай албанаас сүүлийн таван жилийн хугацаанд Монгол Улсад үйлдэгдсэн хүрээлэн байгаа орчны эсрэг 1578 гэмт хэргийн судалгааг гаргаж, мэргэжлийн албадаас бүрдсэн судалгааны баг ажиллуулж, дүгнэлт гаргалаа.

Энэ дүгнэлтээр хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил нь хүний буруутай үйлдлээс хамаарч байна. Дэлхийн байгаль, цаг уурын өөрчлөлт, нийгэм, эдийн засгийн суурь үзүүлэлтээс хамаарч байгаль руу халдах иргэн, байгууллагын тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа юм. Байгалийг ноцтой хохироодог техник хэрэгсэл, химийн хорт бодисын хэрэглээ,  энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн хохирогч субъектив шинжгүй зэрэг байдлаас хамаарч энэ төрийн гэмт хэрэг үйлдэгдэж байна гэж дүгнэсэн.

Иймд хүрээлэн байгаа орчинд хандах иргэд, олон нийтийн ухамсар, дадал хандлагыг өөрчлөх, нөлөөлөхөд чиглэсэн ажил арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөсөн. 

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618158
0 эможи
ЦЕГ
ЭЦА

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up