В.Мөнхдаваа: Нэг ч болтугай өрхийг элэг бүтэн үлдээсэндээ баярлаж байна
Энэ сарын 23-ны өдөр өсвөр насны охин усанд живж амиа хорлохоор завдаж байсныг ЦЕГ-ын авто баазын цагдаа жолооч цагдаагийн ахлах ахлагч В.Мөнхдаваа таслан зогсоосон байна. Энэ талаар түүнээс тодруулахад тэрээр: 2020 оны зургаа дугаар сарын 23-ны өдөр ЦЕГ-ын ХМТ-ийн ажилчид хувиарийн дагуу мэдээ мэдээллээ бэлтгээд явж байсан. Биднийг ажлаа хийж байх үед нэг охин гүнзгий ус хаана байна, би үхмээр байна гэж орилоод гол руу гүйж байсан юм. Тэгээд тэр охиныг замд нь зогсоогоод машиндаа суулгаж харьяа цагдаагийн газарт нь хүлээлгэж өгсөн.
Охин архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн байсан болов уу? Ийм үйлдэл хийх болсон учир шалтгааныг асуусан уу?
Тийм бага зэрэг архи үнэртэж байсан. Тухайн үед охиныг машиндаа суулгаад тайвшруулахыг хичээсэн. Харин охин би бол ганцаараа, надад хэн ч байхгүй. Зүгээр намайг машинаасаа буулгаад өгөөч би үхмээр байна гээд уйлаад байсан. Удалгүй Баянзүрх дүүргийн гуравдугаар хэлтсийн эргүүлийн алаг машин ирж охиныг аваад явсан. Өсвөр насны хүүхдүүд бага зэрэг эмзэг байдаг. Тиймээс найз нөхөд, гэр бүлийнхэндээ гомдоод заримдаа буруу алхам хийх тохиолдлууд байдаг.
Та тэр үед ажлаа хийж явсан гэсэн. Ажлаа амжуулж чадсан уу?
Тийм. Манай ЦЕГ-ын ХМТ-ийн ажилчид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор маш олон мэдээ мэдээлэл, нэвтрүүлэг бэлтгэж олон нийтэд хүргэдэг. Мэдээж ажил бага зэрэг саатсан. Гэхдээ бид иргэдийн амар тайван, эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн улс. Хэн нэгний амийг аварлаа гээд хөөрөхдөө бус нэг ч болов өрх элэг бүтэн амар тайван байх боломжтой болсонд л баярлаж байна.
Та цагдаагийн байгууллагад хэр удаан ажилласан бэ? Иймэрхүү үйлдэлтэй хэр таарч байв?
Би цагдаагийн байгууллагад ажиллаад 12 жил болж байна. Мэдээж иймэрхүү үйлдэлтэй тааралгүй л яах вэ. Тэр болгонд хүлээсэн үүргийнхээ дагуу зохих арга хэмжээг авч ажилладаг.
Бид тухайн амиа хорлохыг завдсан гэх охины талаар тодруулахаар холбогдох байгууллагаас лавласан юм. Энэ сарын 23-ны өдөр БЗД –ийн 20-р хорооны нутаг дэвсгэрт 16 настай охин бусадтай маргалдаж архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд живж амиа хорлох завдсан үйлдлийuг цагдаагийн алба хаагч таслан зогсоосон бөгөөд охиныг эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн гэсэн юм.
Хэн нэгний амийг аварлаа гээд хөөрөхдөө бус нэг ч болов өрх элэг бүтэн амар тайван байх боломжтой болсонд л баярлаж байна хэмээн нүүр дүүрэн инээмсэглэн ярих эгэл даруу энэ эрхэмтэй адил өдөр бүр чимээгүйхэн ард иргэдийн төлөө гавьяа байгуулдаг төрийн өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж байгаа цагдаагийн нийт бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлэхийн зэрэгцээ та бүхэнд ажлын амжилт хүсье.
Эх сурвалж: etoim.mn
|