Ялалтын баярын жагсаалд МОНГОЛ ЦЭРГИЙН сүрийг гайхууллаа
Аугаа эх орны дайны Ялалтын 75 жилийн ойн Ялалтын баярын сүрт жагсаал Москва хотын Улаан талбайд зургаадугаар сарын 24-нд боллоо.Уг жагсаалд Монгол Улсын Зэвсэгт хүчний төлөөлөл буюу БХЯ, Зэвсэгт Хүчний Жанжин Штаб, “Алдар” спорт хороо болон Зэвсэгт хүчний 19 анги, байгууллагаас бүрдсэн шилдэг 31 офицер, 44 ахлагч монгол цэргийн сүрийг гайхууллаа.
Монгол Улс дайны эхний өдрөөс ЗХУ-ын итгэлт түнш байсныг жагсаалын үеэр хөтлөгч онцлон тэмдэглэв.
Covid-19 цар тахалтай холбоотой хойшлуулсан баярын жагсаалыг 6 дугаар сарын 24-нд зохион байгуулах шийдвэрийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин өнгөрсөн сард гаргасан билээ. Энэ дагуу ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг баярын жагсаалд оролцохыг урьсан юм.
Парадад оролцох бие бүрэлдэхүүнийг БХЯ, ЗХЖШ-ын 19 ангийн алба хаагчдаас шилэн сонгож энэ сарын 14-нд ОХУ-ын Агаар-сансрын хүчний Ил-76 онгоцоор Москва хотноо хүргэсэн. Тэд маргааш Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр эх орондоо ирнэ.