ХОШУУЧ М.ЭНХМАНЛАЙ: “ШАЛГАГЧ” АППЛИКЕЙШНИЙГ АШИГЛАН БИЕ ДААН СУРАЛЦАХ, МЭДЛЭГ БОЛОВСРОЛОО ДЭЭШЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
Хилийн 0218 дугаар ангийн 0341 дүгээр салбарын захирагч, хошууч М.Энхманлай “Шалгагч” аппликейшн бүтээжээ. Тус бүтээл нь Монгол Улсын хилийн боомтуудад ажиллаж байгаа шалгах бүрэлдэхүүний албаны мэдлэг, ур чадварыг сорихоос гадна нийт хилчдийн мэдлэгийг тэлэх боломжтой гэлээ.
-Амрыг эрье. Өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг хошууч М.Энхманлай гэдэг. ХЦДС-ийг 2008 онд хилийн алба, эрхзүйч мэргэжлээр суралцан төгссөн. Төгссөнөөсөө хойш Хил хамгаалах байгууллагад ажиллаж байгаа. Хилийн 0108, 0146, 0198 дугаар ангид ажиллаж байсан. Хилийн 0218 дугаар ангид томилогдон ажиллаад нэг жил болж байна.
-Ямар аппликейшнийг хэрхэн бүтээсэн талаар танилцуулаач?
-Хил хамгаалах байгууллагаас дэвшүүлсэн зорилтын хүрээнд хилийн шалган нэвтрүүлэх албаны сургалтад ашиглах “Шалгагч” аппликейшнийг бүтээлээ.
Энэхүү аппликейшнийг гар утасны андройд үйлдлийн системд суурилуулан ашиглах боломжтой. Шалган нэвтрүүлэх албатай холбоотой Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээр, конвенц, Монгол Улсын хилийн тухай хууль, тогтоомж, бусад холбогдох хуулиуд, Монгол Улсын Засгийн газрын тогтоол, чиглэл хариуцсан сайдын тушаал, Хил хамгаалах ерөнхий газрын даргын “А” тушаалууд, гадаад хэл, хил нэвтрэх эрхийн баримт бичгийн төрлүүд, визийн загвар, нууцлал сургалтад ашиглах бусад шаардлагатай мэдээллийг цахим хэлбэрээр боловсруулж, бэлтгэснээр онцлог давуу талтай.
Хил хамгаалах байгууллагад ажиллаж байгаа офицер, ахлагч нар зөвхөн танхимын сургалтаар суралцах биш, чөлөөт цагаараа бие даан суралцах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломжийг олгож байгаа юм. Аппликейшн нь арван хэсэгтэй.
-Тухайн аппликейшнийг өөрийн утсан дээр суулгаснаар толь бичиг, лавлах үйлчилгээг нэг дор авах боломжтой гэж ойлгож болох нь ээ?
-Тэгэлгүй яахав. Хэрэглэгч хоёр төрлөөр ашиглах боломжтой. Нэгдүгээрт өөрийгөө боловсруулах, хөгжүүлэх боломж бий болно. Хоёрдугаарт энгийн иргэд ч өөрийгөө хөгжүүлэх, мэдлэгээ сорих боломжтой. Энгийн иргэд харилцаа холбоо хөгжсөн энэ цаг үед олноор гадаадад ажиллаж, амьдарч байна. Тухайн улс оронд ямар баримт бичиг, визийг үндэслэж байгаа вэ гэдгийг хүртэл харах боломжтой юм.
-Энгийн иргэд ашиглах боломжтой гэхээр нууцын шинжтэй агуулга байхгүй юу?
-Нууц, мэдээллийн аюулгүй байдлын журам зөрчсөн агуулга байхгүй.
-Тус аппликейшнийг бүтээхэд ямар хугацаа зарцуулсан бэ?
-Хилийн ангид ажиллаж байхдаа анх санаагаа гаргасан юм. Харин төвийн бүсийн хилийн ангид шилжин ажилласнаар санаагаа хэрэгжүүлэх боломжтой болсон. Нийт зургаан сар орчим ажилласан байх. Холбогдох материалыг цуглуулах, эмхэтгэх, аппликейшн хийх компанитай гэрээ байгуулах зэргээр багагүй ажил болсон. Одоо цагт эрүүл мэндийн үйлчилгээ, татвар, даатгал гээд бүхий л үйлчилгээ аппликейшнтэй болсон. Хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн цаг хугацааг хэмнэх, ашиглахад амар хялбар зэрэг олон давуу талтай учраас энэ төрлийн үйлчилгээг чухалчлах болжээ. Хил хамгаалах байгууллага шинэ үеийн дүр төрхийг бий болгох зорилт дэвшүүлснийг та бүхэн мэднэ. Хилчид өөрийн гэсэн өнгө төрхтэй байх ёстой. Тус өнгө төрхийг бүрдүүлэхэд өөрийн гэсэн нэрийн аппликейшнтэй байх ёстой гэж би бодсон.
-Шалгагч бүрэлдэхүүний хувьд энэхүү аппликейшнийг ашиглах нь өөр ямар боломжийг бий болгох вэ?
-Нийт 200 гаруй орны паспорт, визний нууцлалыг өндөр нягтралтайгаар цахим (зураг) хэлбэрээр суулгаж өгсөн. Төрөл бүрийн бодлого, тестийг бөглөж өөрийнхөө мэдлэгийг шалгах боломжтой. Мөн анги, салбарууд “Шалгагч” аппликейшнийг сургалтад ашиглахаас гадна удирдлагын бодлого, шийдвэр, байгууллагын дотоод мэдээ, мэдээлэл, зарлан мэдээлэлт хүргэх зорилгоор ашиглаж болох давуу талтай юм. Тус аппликейшнийг цаашид илүү хөгжүүлэн төгөлдөржүүлэхээр ажиллаж байна.
-Та түрүүн хэлний мэдлэгээ сайжруулах боломжтой гэсэн?
-Орос, англи, хятад гурван хэлний цэс суулгасан. ДХИС дээрх гурван хэл дээр гарын авлага гаргаж байгаа юм билээ. Уг гарын авлагыг тус аппликейшнд суулгаж тус сургуулийн багш, шалгах бүрэлдэхүүн бэлтгэж байгаа чиглэлд хамтран ажиллах талаар санал тавьсан.
-Хэрхэн ашиглах вэ. Хэрэглэгчийн гарт хүрэхэд бэлэн болсон уу?
-Эхний ээлжинд Хилийн 0218 дугаар ангийн хэмжээнд ашиглаж, туршиж байна. Ололт болоод дутагдалтай тал ч байна. Цаашид хөгжүүлэлтийн тал дээр анхаарч үргэлжлүүлэн судална. Харин үүний дараа олон улсын боомтууд дээр туршин амжилттай болвол нийт шалгагч бүрэлдэхүүнд хүргэх бодол бий.
-Туршилтын хугацаанд нийт хэдэн хэрэглэгч ашиглаад байна вэ?
-Өөрийн нүүр номондоо тус аппликейшний талаар судалгаа оруулахад ихэд сонирхож байна билээ. Манай ангийн 200-аад цэргийн алба хаагч эхний ээлжинд ашиглаж байгаа.
-Эхний хэрэглэгчид ямар санал сэтгэгдэлтэй байгааг мэдээж тандсан байх?
-Сэтгэгдэл өндөр байгаад урамтай байгаа. Та хуулийн эмхэтгэл, гадаад хэлний толь бичиг ч юм уу цэргийн дүрэм үзэж харж судлах шаардлагатай боллоо гэхэд ном худалдаж авах, интернэт орох зэргээр цаг хугацаа шаардах нь тодорхой. Мэдээж хилчин бүрт цэргийн дүрэм хүртээмжтэй байхгүй нь тодорхой. Аливаа толь, сурах бичгийг худалдан авлаа гэхэд хамгийн багадаа арван мянган төгрөгнөөс дээш үнэтэй байх болов уу. Энэ бүхнийг нэгтгэн цахим хэлбэрээр аппликщейшн дээр суулгаснаар та хүссэн мэдлэгээ олж авах, хуулийн тодорхой заалтыг олж харах зэрэг давуу тал бий. Гэхдээ Хил хамгаалах байгууллага нэрийн дор албаны агуулга багтсан учраас “google”, “play store” дээр одоогоор суулгаагүй. Албан ёсоор удирдлагад танилцуулан, туршилтын хугацааг амжилттай дуусгаснаар хэрэгжүүлэх боломжтой.
-Тус аппликейшн дээр ажиллаж байгаа баг гэвэл?
-Санааг өөрөө гаргасан. Хилийн 0218 дугаар анги болон хилийн 0341 дүгээр салбарын бүрэлдэхүүн хамтран ажиллаж байна. Манай хэд англи хэл болоод олон улсын гэрээ хэлэлцээрийн хэсэг гэх мэтээр төрөлжүүлэн хөгжүүлж байгаа. Тус аппликейшнийг бүтээхэд тодорхой хэмжээний мөнгө зарцуулагдсан. Санхүүгийн тал дээр ч анги хамт олон дэмжиж байгаа. Энэ дашрамд хилийн 0341 дүгээр салбарын бүрэлдэхүүндээ талархал илэрхийлье. Сар бүр апплейкшнийг бүтээсэн, хөгжүүлэлтийг хариуцдаг компанидаа төлбөр төлдөг.
-Албыг хөгжүүлэхийн төлөө өөрийн сэтгэл зүтгэлээ зориулан ажиллаж байгаад баярлалаа. Амжилт хүсье.
-Баярлалаа. Тухайн аппликейшнийг ашиглаж байгаа хэрэглэгч өөрийн мэдлэгээ шалгах, сорих боломжтойг ахин хэлье. Англи хэлний хэсэг рүү ороход тестийн талбар гарч ирнэ. Та энд мэдлэгээ сорьж болно. Шалган нэвтрүүлэх албаны ижилсүүлэлтийн хэсэг рүү өөрийн албаны ур чадвар, мэдлэгийг мөн шалгах боломжтой юм шүү.
Эх сурвалж: http://bpo.gov.mn/
|