Гандангийн дэнжийн гэр хорооллын эхний гудамжийг шинэчилж дууслаа
Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Гандангийн дэнжийн гэр хорооллын дэд бүтцийг цогц байдлаар шийдвэрлэх бүтээн байгуулалтын ажлыг ЭЗХЯ-ны “Гудамж” төслийн “Гэр хороолол” дэд төсөл эхлүүлээд байгаа билээ.
Өнөөдрийн байдлаар Орхоны 6-р гудамжийг авто болон явган зам, бетон суурь бүхий нэг загварын хашаатай болгон тохижуулж дууссан байна. Цаашид үлдсэн 30 гудамжийг яг энэ загвараар тохижуулах бөгөөд цэвэр, бохир ус, дулааны шугам сүлжээ, инженерийн бусад дэд бүтэцтэй болгох юм. Эдгээр ажлын зураг төслийг “Нью Урбанизм” ХХК боловсруулж байгаа бол эхний гудамжны зам барилгын ажлыг “Их зам Бүтээн байгуулалт” ХХК гүйцэтгэсэн байна.
Өмнө нь шавар шавхай их, өнгө үзэмж муу, тээврийн хэрэгсэл болон явган хүн зорчиход хүндрэлтэй байсан Орхоны 6-р гудамжны 713 ам метр талбайд байгалийн чулуун авто зам, 289 ам метр талбайд явган зорчигчийн зам тавьж, зориулалтын гэрэлтүүлэг, орчны бусад тохижилтыг шийджээ. Эдгээр бүтээн байгуулалтад нийт 352.9 сая төгрөг зарцуулсан байна.
Гандангийн дэнжийн гэр хороолол нь нийт 55 га талбайг хамардаг бөгөөд нийт 31 гудамжны 857 хашаанд 1875 өрх оршин суухаас гадна 65 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг аж.
Нийслэл байгуулагдсан цагаас анхны төвлөрсөн суурьшлын бүс болж, 100 гаруй жилийн нүүр үзсэн ч өнөөдрийг хүртэл дэд бүтцийн хөгжлөөр хоцрогдсоор ирсэн Гандангийн дэнжийн гэр хорооллыг ийнхүү инженерийн нэгдсэн шугам сүлжээ, зам харгуйтай болгосноор оршин суугчдын өмчилж буй үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ өсч, хотын I зэрэглэлийн бүсэд жинхэнэ утгаараа шилжих юм. Түүнчлэн, тохилог амины орон сууцтай болох, хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломж нээгдэж, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх тодорхой хэмжээгээр хангагдаж байна.
Энэхүү бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлснээр нийслэлийн бусад гэр хорооллын газрыг дахин зохион байгуулж, дэд бүтцээр хангах сайн жижиг болно гэж төсөл хэрэгжүүлэгчид үзэж байна.