“Байгаль эн тэргүүнд” төсөл хэрэгжиж эхлэв
ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх шинэ үеийн нэгдмэл үзэл, төлөвшил, байгаль хамгаалах зөв дадал хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Байгаль эн тэргүүнд” төслийг хэрэгжүүлж эхэллээ.
Уг төслийн хүрээнд “Байгаль орчныг хамгаалах тухай хууль”-ийн 3 дугаар зүйл “Газар, түүний хөрсийг аливаа нөлөөлж болзошгүй үйл ажиллагаанаас хамгаалж, байгаль орчны тэнцэл алдагдахаас урьдчилан сэргийлэх” тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэх, мөн “Хотын болон аяллын дүрэм, Хог хаягдлын алтан дүрэм” сэдвээр олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажлууд хийгдэх юм.
Үүнд: Энгийн аюултай, барилгын болон уул уурхайн хог хаягдлын талаарх мэдээллийг олон нийтэд өгөх, хөрс, усны бохирдлын эх үүсвэрийг бууруулах, экологийн тэнцвэрт байдал алдагдахаас урьдчилан сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв соёлыг төлөвшүүлэх, зөв үйлдэлд уриалах, эерэг өөрчлөлт гаргах зорилгоор “Хогоор бүү хорло” хэсэгчилсэн арга хэмжээг өнөөдрөөс 7 дугаар сарын 10-нд ШУА-ын Хими, химийн технологийн хүрээлэн, Монкон группийн хэрэгжүүлж буй Мандала Гарден төсөл, М-Си-Эс Кока-Кола хамтран хэрэгжүүлж байна.
Мөн тус албанаас иргэдийг дээрх аянд идэвхтэй оролцож дэмжин байгаль хамгаалах иргэний журамт үүргээ биелүүлэхийг уриаллаа.