Т.ГАНЗОРИГ: ИРГЭДИЙНХЭЭ ДЭМЖЛЭГИЙГ АВЧ ХАМТРАН АЖИЛЛАНА

2020 оны 6 сарын 17

Цагдаагийн хурандаа Т.Ганзориг: Иргэдийнхээ дэмжлэгийг авч хамтран ажиллана

Дорнод аймгийн цагдаагийн газраас  малын хулгайтай тэмцэх чиглэлээр арга хэмжээ зохиосны үр дүнд он дараалан малын хулгай  хийсэн бүлэг этгээдүүдийг илрүүлжээ. Энэ талаар бид Дорнод аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Т.Ганзоригоос тодрууллаа.

Дорнод аймгийн хэмжээнд 2020 он гарсаар гэмт хэргийн гаралт, нөхцөл байдал ямар байна вэ?

Манай аймгийн хувьд БНХАУ, Хэнтий, Сүхбаатар аймгуудтай хиллэн оршдог,замын хүмүүс худалдаа арилжааны чиглэлээр дайран өнгөрөх байдал ихэссэн, уул уурхай, газрын тос гээд ашигт малтмал, байгалийн баялаг ихтэй, мал нь таваарлаг, зах зээлд маш хурдан борлогддог өндөр ашиг шимтэй, түүх соёлын үнэт өв соёл, дурсгалт газрууд олонтой, аялал жуулчлал сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа, гадаадын иргэд олноор суурьшсан, хөдөлгөөн ихтэй, гэмт хэргийн гаралтаараа улсын хэмжээнд анхаарал татдаг аймгуудын нэг.

Би танд хэдэн тоо баримт хэлэх нь зөв байх. Аймгийн хэмжээнд 2020 оны эхний 05 дугаар сарын байдлаар 300 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 30 хэрэг буюу 19 хувиар буурчээ. Гэмт хэргийн илрүүлэлт аймгийн хэмжээнд 41.5 хувьтай, өмнөх оны мөн үеэс 10.8 хувиар өссөн байна. Малын хулгайн гэмт хэрэг 59 бүртгэгдэж 17 буюу 22.3 хувиар тус тус буурсан байна.

Малын хулгайн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр ямар ажил зохион байгуулсан бэ. Ямар үр дүн гарав.

Манай аймаг мал хулгайлах гэмт хэргийн гаралтаар улсын хэмжээнд дээгүүр үзүүлэлттэй явж байгаа нь малчид, иргэдийн санааг зовоосон асуудал хэвээр байна. Энэ байдалд дүгнэлт хийж, Цагдаагийн Ерөнхий газрын удирдлагад танилцуулсанаар 2019 оны 6 дугаар сард Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар  тус аймгийн Цагдаагийн газарт “Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэсэг”-ийг байгуулсан.  Энэхүү хэсэг байгуулагдснаар манай аймагт мал хулгайлах гэмт хэрэгтэй  тэмцэх, урьдчилан сэргийлэх, удирдлага зохион байгуулалтын хувьд ч ач холбогдолтой ажил болсон.

Цагдаагийн газар Мал хулгайлах гэмт хэргийг бууруулах, илрүүлэлтийг ахиулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр бодлого боловсруулж, “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг 2019-2022 онд эрчимжүүлэх тухай” Дэд хөтөлбөрийг санаачилан боловсруулж, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор батлуулан, энэ онд 198,0 сая төгрөгийн төсвийг дээрх ажилд зарцуулахаар төлөвлөсөн, төвийн мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсэгт 20 сая, орон нутгийн тасаг, хэсгийн төлөөлөгч нарт 160 сая төгрөгийн үнэ бүхий нийт 7 ширхэг албаны автомашиныг орон нутгаас шийдвэрлэж өгсөн нь үүрэг гүйцэтгэж буй алба хаагч нарт томоохон дэмжлэг боллоо.

“Малын хулгайн-Илрүүлэлт-2020” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж дүгнэлээ. Ямар үр дүн гарсан бэ?

Аймгийн Засаг даргын  захирамжаар аймгийн хэмжээнд “Малын хулгайн-Илрүүлэлт-2020” нэгдсэн арга хэмжээг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 60 хоногийн хугацаанд Цагдаагийн газраас зохион байгууллаа.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хот, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Төв аймгуудын нутаг дэвсгэрээр зэрэг нийт 5 чиглэлд давхардсан тоогоор 18 алба хаагчийг 14-45 хоног албан томилолтоор 12400 км явж ажиллуулан үр дүнг тооцсон юм.

Энэ үйл ажиллагааны хүрээнд малчиддаа хууль эрх зүйн зөвлөгөө, анхааруулга сэрэмжлүүлэг тараан, Аймгийн төв Чойбалсан хотын Хэрлэн голын зүүн, дунд, баруун гүүр, Хөлөнбуйр сумын Замын цагдаагийн байнгын ажиллагаатай 24 цагийн пост, Хэрлэн голын Дивизийн гарам, Батхаан гүүр зэрэг хулгайн зам маршрутад хөдөлгөөнт эргүүлийг томилж ажиллуулсан.

Дээрх байнгын болон хөдөлгөөнт постоор дамжин өнгөрсөн мал мах ачиж явсан болон малын гаралтай түүхий эд, арьс шир ачиж явсан тээврийн хэрэгслүүдэд үзлэг шалгалт явуулж гарал үүслийн бичигт дурдсан зүс им тамгатай тулгалт хийж, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг 1.1-т зааснаар гарал үүслийн гэрчилгээний зөрчилтэй явсан 15 иргэнийг 2 сая 250.000 төгрөгний торгуулийн арга хэмжээ авч, хариуцлага тооцсон.

Зохион байгуулалттай мал хулгайлах гэмт хэргүүдийг үйлдэж байсан бүлэг этгээдүүдийн талаар  ямар мэдээлэл байна?

Цагдаагийн газрын алба хаагчид нэгдсэн арга хэмжээний хүрээнд тус аймгийн Хэрлэн, Баянтүмэн, Булган, Хөлөнбуйр, Чойбалсан, Сэргэлэн, Халхгол зэрэг 10 гаруй сумдын нутаг дэвсгэрт 2017 оноос хойш үйлдэгдээд эзэн холбогдогч тогтоогдоогүй байсан хэргүүдийг толгойлсон 8 бүлэг 50 гаруй холбогдогчтой этгээдүүд мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр урьдчилж бэлтгэж, тээврийн хэрэгсэл 22-ийг ашиглан, иргэдийн 219 бод, 119 бог нийт 368 толгой малыг бэлчээрээс нядалж хулгайлж, 84 удаагийн үйлдлээр бусдад 233.489.800 /хоёр зуун гучин гурван сая дөрвөн зуун наян есөн мянга найман зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болохыг тогтоож, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Сүүлийн үед мал хулгайлах гэмт хэргийг үйлддэг аргууд нарийн зохион байгуулалтанд орсон талаар иргэд ярьдаг. Энэ талаар та юу хэлэх вэ.

Дээрх бүлэг этгээдүүд нь урьд өмнө мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж, шүүхээс олон удаагийн ял шийтгэлтэй, цагдаагийн байгууллагад сэжиглэгдэн шалгагдаж байсан хүмүүс байхаас гадна хулгайн гэмт хэрэг үйлдэх үедээ ашиглах багаж зэвсэг, тээврийн хэрэгслийг урьдчилан бэлтгэж, гол төлөв шөнийн цагаар иргэдийн малыг хөдөө хээр бэлчээрт нядалж, гэдэс, арьс, толгой шийрийг орхиж явахдаа айлын өвөлжөө, хаваржааны газрын барилга, байшин, пинд хууль бусаар нэвтрэн орж эд зүйлийг нь хулгайлдаг байжээ.

Мөн зарим тохиолдолд малын хулгайн гэмт хэргийг үйлдэх явцдаа малыг амьдаар нь тээвэрлэн өөрсдийн эцэг, эх, ах дүү болон хорих ангид хамт ял эдэлж байсан этгээдийн садан төрлийн хүмүүсийн нэр дээр багийн Засаг дарга, малын эмч нараас хуурамч гарал үүслийн бичиг гаргуулан авч, нийслэл хот, аймаг, сум дамжин өөрсдийн сүлжээ болох хулгайн замаар ирсэн эд зүйлийг худалдан авдаг мал махны ченжүүдэд хямд үнээр худалдах, зэрэг үйлдлийн аргуудыг ашигладаг байсан болох нь мөрдөн шалгах явцад тогтоогдон шалгагдаж байна.

Цаашид мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хэрхэн ажиллахаар төлөвлөж байна вэ?

Энэ оны эхний 05 сарын байдлаар аймгийн хэмжээнд Мал хулгайлах гэмт хэрэг 59 бүртгэгдсэн нь урьд оны мөн үеийнхээс  22.3 хувиар буурч, энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт 16.8 хувиар өссөн эерэг үр дүнтэй байна.

Малын хулгайг бууруулахад иргэд олон нийт, цагдаагийн байгууллагын хамтын ажиллагаа маш чухал. Нэг хэсэг малын хулгайтай тэмцэх ажил нь зөвхөн цагдаагийн байгууллагын ажил мэтээр хүмүүс ойлгодог, бусад байгууллагуудын оролцоо дэмжлэг муу байсан. Сүүлийн жилүүдэд аймаг орон нутгийн удирдлагууд, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлүүд, иргэд малчид маань мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцож, дэмжиж тусалж хамтарч ажиллаж байгаа учраас энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт ахиж, гаралт буурах хандлагатай байна. Цаашид бас бодож төлөвлөсөн олон ажил бий.

Энэ онд гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр аймаг орон нутгийн хэмжээнд орон байр, малын хулгай, байгаль орчин, эдийн засгийн гэмт хэргийн чиглэлээр томоохон арга хэмжээнүүдийг шат дараатай зохион байгуулахаар төлөвлөн, иргэдийнхээ дэмжлэгийг авч хамтран  ажиллана гэж бодож байгаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617912
2 эможи
keyboard_arrow_up