Өнөөдөр Л.Эрдэнэчимэгийн бичлэгтэй холбогдуулан Х.Бат-Ялалтыг шүүнэ
“Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтад холбогдох шүүх хурал өнөөдөр (2020.06.17) болно. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Х.Бат-Ялалтад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ирүүлсэн байдаг.
Түүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан тавдугаар сарын 8-нд товлогдсон цагаас хойш гурван удаа хойшлоод өнөөдрийг хүргээд байна. Хамгийн сүүлд тавдугаар сарын 29-нд өдөр товлогдсон шүүх хуралдаанд Х.Бат-Ялалтын бие өвдсөн гэх шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулж өнөөдөр товлосон нь энэ юм.
Хэргийг эргэн сануулахад, УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийг шантаажилж, 50 сая төгрөг авсан хэрэгт холбогдсон бөгөөд түүнд хууль сахиулах байгууллагаас Эрүүгийн хуулийн 17.6-д заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэх үндэслэлээр буруутган яллагдагчаар тооцоод буй.
Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйл. Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх
1. Бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг:
2.1. байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;
2.2. албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн;
2.3. зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус, тус заажээ.