У.Чойжанцан: Үүргээ амжилттай гүйцэтгэсэндээ баяртай байна
Идэр есийн хүйтэн хасах 28 градуст, зуны аагим халуун нэмэх 28 градуст зогсоо зайгүй сүлжилдэх автомашинуудын дунд тоос шороо, дуу чимээнд нэг газраа хэдэн цаг тэсвэртэй зогсч чаддаг хүмүүс бол Замын цагдаа нар юм. Тэдэнд ажил үүргээ гүйцэтгэхэд өвлийн хахир хүйтэн, зуны халуун нар, хаврын хавсарга салхи, шороон шуурга, аадар бороо гээд байгалийн ямар ч үзэгдэл саад болно гэж үгүй. Ард иргэдийнхээ амгалан тайван байдал, осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийн тулд бүхий л зүрх сэтгэлээ зориулж яваа алба хаагчдын төлөөлөл бол Баянзүрх дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч У.Чойжанцан юм. Түүнийг ийнхүү онцлох болсон шалтгаан бий.
Тэрбээр зургадугаар сарын 10-ны өдөр “Монжаргалант” ХХК-ийн зоогийн газарт гарсан галыг газар авахаас нь өмнө амжиж унтраан олон хүний эрдэнэт амь насыг авран хамгаалжээ. Зоогийн газрын ажилчид тухайн үед сандралдан гал унтраасан алба хаагчид баярласнаа илэрхийлж чадаагүй аж. Тиймээс “Монжаргалант” ХХК-ийн удирдлагуудын зүгээс түүнийг олж уулзан өнөөдөр /2020.06.12/ талархал, цэцгийн баглаа болон мөнгөн шагналаар урамшуулсан байна. Ингээд У.Чойжанцантай цөөн хором ярилцсанаа хүргэе.
ХҮМҮҮСТ АЛЬ БОЛОХ ЧАДЛААРАА ТУСЛАХЫГ ХИЧЭЭДЭГ
-Зургадугаар сарын 10-ны өдөр таны гал унтрааж буй бичлэг цахим хуудаснаа нийтлэгдсэн байсан. Олон ч хүний талархлыг хүлээсэн шүү дээ. Тэр өдөр чухам юу болов?
-Зургадугаар сарын 10-ны өдөр албан үүргээ гүйцэтгэсний дараа зүүн дөрвөн замын ойролцоо байрлах “Монжаргалант” ХХК-ийн зоогийн газар руу өдрийн хоолоо идэхээр орсон юм. Гэтэл гэнэт зоогийн газрын заалны хананд байрлах цахилгааны шиднээс гал авалцаж, үйлчлүүлж байсан иргэд болон ажилчид яах учраа олохгүй сандралдаж эхэлсэн. Тухайн үед сандралдсан хүмүүс зоогийн газраас аль болох хурдан гарахыг хичээж байсан.
Үнэнийг хэлэхэд би ч өөрөө сандарсан. Тэглээ гээд зүгээр гараад явах нь утгагүй хэрэг. Мэргэжлийн онцлог ч юм уу ер нь орчин тойрныг ажиглаж явдаг л даа. Гал авалцаж байх үед галын аюулгүй байдлын булангаас галын хорыг авч унтраасан. Өмнө нь галын хорыг ерөөсөө ашиглаж үзээгүй ч сандарсандаа маш хурдан ашиглаж сурсан шүү/инээв/.
-Ингэхэд зоогийн газрын ажилчид өөрийг тань яаж олсон юм бэ? Хүмүүс эрэл сурал болсны эцэст өөрийг тань олж талархсан сэтгэлээ илэрхийлэхэд мэдээж сайхан санагдсан байх.
-Тэгэлгүй яахав. Зоогийн газрын ажилчид байгууллагынхаа хяналтын камерыг шүүж, гал унтраахын өмнөх дүрс бичлэгийг Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн пэйж хуудас руу явуулж намайг олж өгөхийг хүссэн байсан. Зоогийн газрын ажилчид баярласан талархсанаа хэлж амжилгүй явуулсан гээд намайг хайж эхэлсэн юм байна лээ. “Монжаргалант” ХХК-ийн зүгээс галын аюулаас байгууллагын эд хөрөнгийг хамгаалсан, үйлчлүүлэгч, ажилчдыг эрсдэлээс хамгаалсан гээд надад талархал илэрхийлсэн. Гал унтраах мөчид олон хүмүүсээс талархал хүлээнэ гэж ерөөсөө бодоогүй. Араас нь гарах үр дагаврыг бодолгүйгээр чимээгүйхэн тусалъя гэж бодсон.
Цагдаагийн байгууллагынхан “Монголын цагдаа” гэсэн нэг тэргүүнтэй учраас энэ нэрээ хичээж, өндөрт өргөх учиртай гэж боддог. Бидний ажил бол хэн нэгний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахын төлөө, түүнийг аливаа аюулаас сэргийлэх байдаг.
Согтоод гудамжинд унтаж байгаа болон тусламж хэрэгтэй байгаа хүмүүст тусалж, гэрт нь хүргэж өгч байсан тохиолдлууд надад бий. Хүмүүст аль болох чадлаараа туслахыг хичээдэг.
-Замын цагдаа өглөө, оройдоо өвөл, зуны алинд ч зам дээр зогсож зохицуулалт хийдэг. Миний хувьд маш хүнд ажил гэж боддог. Өөрөө цагдаагийн байгууллагад тав дахь жилдээ ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд шантрах үе гарч байв уу?
-Манай хамаатан, садан дунд цэрэг цагдаагийн хүн байдаггүй. Хамгийн анхных нь би. Тиймээс надад шантрах эрх байхгүй. Гэр бүлийнхнийхээ надаар бахархаж байгаа харцыг харахад л эрч, хүч сэргээд ирдэг/инээв/. Би мэргэжлээрээ маш их бахархдаг.
Цагдаа тэр дундаа замын цагдааг хэр баргийн аавын хүү хийж чадах ажил биш. Хүмүүс биднийг харахдаа дохиур модоо дохиод л болоо гэж боддог юм шиг байгаа юм. Гэхдээ Замын цагдаа бол тэсвэр, тэвчээр шаардсан мэргэжил.
-Цаашдын ажилд нь амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: www.news.mn Сэтгүүлч Э.Бурам