“Дарханы Төмөрлөгийн үйлдвэр“ компанийн ажилтнууд ажил хаялт зарлахаа мэдэгдэв

2020 оны 6 сарын 16

Arslan.mn

Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос тус үйлдвэрийн ажилчдын нийгмийн асуудал, ажиллах нөхцөл, цалин хөлсний асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ц.Сувдгэрэл "Компанийн хөрөнгө, баялаг шударга бусаар хяналтгүй зарцуулагдаж, баялгийг бүтээж буй ажилчид баялгаасаа хүртэж, хөдөлмөрөө шударга үнэлүүлж чадахгүй байгаа тул ийнхүү мэдээлэл хийхэд хүрсэн.

Ган бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэр маань өнөөдөр 27 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Гэтэл өнөөдөр үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, хүдэр зөөдөг уурхай болон хувирлаа. Хүнд нөхцөлд ажилладаг туршлага дадлагатай ажилчдын маань цалин орлого нэмэгдсэнгүй. Нийгмийн хамгааллын асуудал огт шийдэгдсэнгүй.

Өнөөдөр бусад төрийн өмчит компаниуд ашигтай ажиллаж, жил болгон ажилчдадаа ашгаасаа өгч байхад манайх сүүлийн таван жил нэг ч урамшуулал олгогдоогүй. Шалтгааныг нь асуухаар алдагдалтай ажиллаж байгаа гэдэг. Манай компани уг нь Монгол Улсын хамгийн их нөөцтэй, хүдрийн өндөр агууламжтай стратегийн ордыг ашигладаг. Тэгээд өдөр шөнөгүй хоёр уурхайгаасаа олборлолт борлуулалт хийж байна. Манай үйлдвэр уул уурхайн салбарын бусад үйлдвэрүүдээс хамгийн бага цалинтай. Уул уурхайн салбарын 2019 оны дундаж цалин 2.6 сая байхад манай үйлдвэрийн ажилчид 50 хувийн цалинг нь ч авдаггүй.

Ажилчид үйлдвэрийнхээ ирээдүйд итгэлгүй ажиллаж байна. Бид 2020 оны зургаадугаар сарын 8-нд компанийнхаа ТУЗ-д найман заалт бүхий шаардлагыг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл албан ёсны хариу ирээгүй. Иймд хуулийн хүрээнд тэмцлийн дараагийн шатны арга хэмжээг авна. Цаашлаад ажил хаяна гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617894
7 эможи
keyboard_arrow_up