М.ОДБАЯР: ХҮҮХЭД бүр амар амгалан ХҮЧИРХИЙЛЭЛГҮЙ гэр бүлд өсөөсэй гэж хүсдэг

2020 оны 6 сарын 16

Arslan.mn

БГД-ийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн нийтийн хэв журмын тасгийн гуравдугаар хороонд хэсгийн байцаагч М.Одбаяртай ажил үүргийнх нь талаар товчхон ярилцлаа. 

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та цагдаагийн байгууллагад хэдэн оноос ажиллаж эхэлсэн бэ?

-Намайг Мөнхбатын Одбаяр гэдэг. БГД-ийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн нийтийн хэв журмын тасгийн гуравдугаар хороонд хэсгийн байцаагчаар ажилладаг. Монголын цагдаагийн албанд тасралтгүй 17 жил ажиллаж байна. Ажлын гараагаа 2003 онд эргүүл хамгаалалтын газар эргүүлийн цагдаагаар эхэлж, цаашлаад БЗД-т эргүүлийн цагдаа, ЦЕГ-ийн тусгай бүлэгт бүлгийн цагдаагаар, одоогоор БГД-ийн цагдаагийн зуравдугаар хороонд хэсгийн байцаагчаар тус тус ажиллаж байна.

-Албан үүргээ биелүүлж явахад сайнтай муутай зүйл бишгүй л тохиолддог байх. Үүнээс хамгийн сайхан нь болон хэцүү санагддаг зүйл бий юү?

-Ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг сахиулахаар төрдөө тангараг өргөсөн цагдаагийн албан хаагчид өдөр шөнөгүй ажлаа хийгээд явж байхад хүндрэл, саад бэрхшээл бишгүйдээ л тулгардаг.

Гэхдээ эдгээр хандлагаас иргэдийн “би” хэмээх үзэл нь ажил хийх явцад их саад болдог.

Иргэд “Би л болж байвал бусад нь хамаагүй” гэсэн дээрэнгүй үзэл сурталтай аливаад хандахаа болих хэрэгтэй. Албан үүргээ гүйцэтгэж яваа цагдааг доромжлох, дайрч, давшлах тохиолдол цөөнгүй. Харин сайхан зүйл нь иргэдээс “Баярлалаа” гэдэг үгийг сонсох нь урамтай.

Мөн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэн, нийтийн хэв журам хамгаалаад үндсэн цагдаагийн алба хаагчийнхаа чиг үүргийг мөрдөж буй явцад хохирсон иргэнд туслах, бидэнд хандаж тусламж дэмжлэг хүсэж буй иргэдтэйгээ ажиллах нь хамгийн сайхан. Миний хувьд сүүлийн гурван жил хороо хариуцсан хэсгийн байцаагчаар ажиллаж байна. Энэ хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллийг голчлон шалгаж ажиллаа. Архидан согтуураад гэр орондоо хүчирхийлэл үйлдээд, танхайрсан иргэнийг баривчилгаанд эсвэл архины эмчилгээнд явуулсны дараа хүчирхийлэлд өртсөн иргэн “Бүтэн нойртой санаа зовох зүйлгүй амрах нь маш их баярлалаа” гэсэн үгийг хэд хэд удаа сонсож байсан.

-Иргэдийн хувьд цагдаагийн алба хаагчдыг зодох, биед нь халдах, сошиал орчинд нэр хүндийг нь гутаах үйлдлүүд гаргадаг болсон. Цагдаагийн алба хаагч л харилцааны доголдолтой, цагдаа нар л болж бүтдэггүй гэсэн хариултыг өгдөг цөөн тооны иргэд байдаг. Энэ дээр та юу гэж боддог вэ?

-Иргэд хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл дутуу мөн эрх гэдгээс илүү үүрэг гэдэг зүйлээ мэддэггүй. Зайлшгүй нөхцөлд цагдаагийн алба хаагч өөрийн биеийг хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэдэг. Үүнийг иргэд ойлгодоггүй цагдаагийн алба хаагчийг буруутан мэт үзэж зарим болсон процессыг мушгиж ярих тохиолдлууд ихээр гардаг. Зарим тохиолдолд иргэд өөрөө буруутай ч буруутай үйлдлээ нуун дарагдуулж сошиал ертөнцөд худал, хуурмаг мэдээлэл тарааснаар ажил үүргээ гүйцэтгэж буй алба хаагчид хэлмэгдэх, нийгэмд буруугаар ойлгогдон эрх ашиг нь зөрчигдөх нь элбэг болжээ.

-Хэсгийн байцагчийн ажлын онцлог нь юу вэ?

-Цагдаагийн алба өөрөө их онцлогтой. Тэрэн дотроос хэсгийн байцаагчийн алба  нь нэг дор олон ажил хийхийг шаарддаг. Эргүүлээ ч хийчихнэ, материалаа шалгачихна, иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр архины албадан эмчилгээнд явуулна, мөн эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрээр баривчилгаагаа явуулчихна,  шүүхийн эрэн сурвалжилах гэх мэт бүхий л ажилд л оролцдог.

Тэгэхээр хэсгийн байцаагч гэдэг хүн албандаа маш хүндэтгэлтэй хандаж, иргэдтэйгээ илүү ойрхон ажиллах хэрэгтэй болдог.

- Хороонд үйлдэгдэж буй гэмт хэргийн гаралт нөхцөл байдал ямар байна вэ? Ер нь үйлдэгдэж байгаа гэмт хэргээс ямар төрлийн хэрэг давамгайлж байна вэ?

-Хоногт дунджаар 15-20 орчим дуудлага мэдээлэл бүртгэгдэж, өдөрт гурваас зургаан өргөдөл гомдол тогтмол хүлээн авдаг. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд тав хоногийн хугацаанд зөрчлийг шалгах ёстой байдаг. Тухайн хугацаанд зайлшгүй шүүхээр орж баривчлах хүмүүсийг прокурортой танилцуулж, зөрчлийн хэргийг нээж шүүхээр шийддэг. Хүлээн авсан өргөдлөө өдөрт нь шийдвэрлэж чадахгүй бол шөнийн цагаар ч  сууж хийх тохиолдлууд зөндөө гардаг. COVID-19 цар тахлын хүрээнд  ахуйн хүрээний архидалт ихэссэн учир гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл өссөн. Мөн гудамж талбайн танхайн дуудлага, ганц нэг гэрэлтүүлэггүй, камергүй гудамжинд авто машины цонх хагалж, хулгай хийх гэмт хэрэг зөрчлүүд үйлдэгдэж байна. ААНБ-уудын цагийн хуваарьт өөрчлөлт оруулснаар иргэд гудамжинд архи ууж танхайрах зөрчлүүд нэмэгдсэнтэй холбогдуулан бид анхаарлаа өндөрсгөж шөнө бүр цагийн хуваарийн дагуу эргүүлд гарч ажиллаж байна.

- Хүчирхийлэл үйлдэгч давтан хүчирхийлэл үйлдэх магадлал хэр өндөр байдаг вэ?

- Гэр бүл хүчирхийлэл, архины албадан эмчилгээ, баривчилгаанд явсан иргэн эргээд гэмт хэрэг үйлдэх нь харьцангуй ховор. Эмчилгээнд нэг яваад ирсэн хүн яах аргагүй их зүйлийг ойлголоо, одоо би архи уухгүй гэсэн иргэн гурван сарын дараа ямар ч зөрчил гаргаагүй байсан. Баривчилгаанд явж буй гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд гаргасан зөрчлийнх нь талаар сургалт, сэтгэл зүйн зөвлөгөөг өгдөг. Бид хорооны хамтарсан багтайгаа хамтран тухайн асуудлын хүрээнд  хохирогч болон холбогдогч нарыг хорооны сэтгэл зүйчтэй холбон зуучилж ярилцлага хийлгэдэг. Хүүхдүүд хүчирхийлэлгүй орчин өсөөсэй, нэг ч гэсэн гэр бүл хүчирхийлэлгүй амар амгалан тайван л байвал бидний ажил үүргийн үр дүн гарч байгаа гэсэн үг.

-Ажилдаа баримталдаг зарчим тань?

-“Сэтгэл, сэтгэл, сэтгэл бас дахин сэтгэл” гэж хэлнэ дээ.

Би ажилдаа хэр их дуртайгаас хамаарч надаас төдий хэмжээний сэтгэл гарна. Сэтгэл гаргаж байгаа болохоор надаас тэр хэмжээний ажлын бүтээмж гарна гэж боддог. Мөн хурд маш их хэрэгтэй. Эцэст нь хамгийн том зарчим бол хуулиа дээдлэх.

-Цагдаагийн цаг наргүй ажлыг ар гэрийнхэн нь хамгийн сайн ойлгож байж л ажлаа хийх бүрэн бололцоогоор нь хангаж өгнө. Таны хувьд 17 жил энэ албыг хашихад ар гэрээс нь том дэмжлэг үзүүлж байсан биз?

-Хэдий завгүй ч ажил мэргэжилдээ дуртай. Хэдий ажилтай байсан ч ажил мэргэжилдээ өөрийн сонирхлоороо орж ажилсан учир цаг харвасан сум шиг л өнгөрдөг. Аливаа бүхэн дардан байдаггүй, ажилдаа ядарсан ч гэсэн халамжит хань, хайрт хүүхдүүдээ хараад ядаргаа арилсан мэт л болдог. Манай гэрийнхэн миний ажил үүргийг маш сайн ойлгодог. Энэ дашрамд ар гэрийн ажил мөн хөөрхөн хүүхдүүдээ сайн өсгөж, хүмүүжүүлдэг намайг ойлгодог ханьдаа маш их баярлалаа хайртай шүү гэж хэлмээр байна. Ер нь өөрийнхөө гурав хүүхдүүддээ түүх бүтээж үлдээхийг хүсдэг. Ааваараа бахархаж, миний аав төрийн цагдаа хүн гэж хүндэлж, цагдаагийн албыг дээдэлж яваасай гэж хүсдэг.

-Ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
8
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617871
27 эможи
keyboard_arrow_up