Хүүхдийн сурахын төлөөх жим нь өвлийн хүйтэн, харанхуй гудамж, айдсаар цохилсон зүрх байх ёсгүй
УИХ-ын сонгуулийн 27 дугаар тойрог, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт “Та Бидний Эвсэл”-ээс нэр дэвшиж буй МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Буяагийн Тулга, эдийн засагч Дашаагийн Бямбасүрэн нар өнөө өглөө тус дүүргийн 1 дүгээр хорооны Толгойт, Нарангийн гол орчмын иргэд, сонгогчидтой уулзав. Уулзалт өглөө эрт 7 цагаас эхэлсэн ч хорооны иргэд тун идэвхитэй олноороо хүрэлцэн ирж, нэр дэвшигчдийг халуун дотноор угтлаа. Иргэд, “Та 2 Намбарын Энхбаяр даргын намаас дэвшиж байгаа хүмүүс мөн биз дээ?” хэмээн лавласны эцэст санаа нь амарч, тайван сууцгааж харагдсан.
Нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулахаас илүүтэй иргэдийн аж амьдрал хэр байгаа болон тулгамдаж буй асуудлуудын талаар нухацтай сонсож, хамтдаа ямар үр дүнд хүрч болохыг иргэдийн санал бодолд тулгуурлан хэлэлцэж байлаа. Иргэд “Өглөө эртлэн ирээд бидний санаа бодлыг ингэж анхааран сонсож уулзалт хийсэн нэр дэвшигч байхгүй. Бусад нэр дэвшигч нар бид чадна, бүтээнэ л гэхээс юу хүсэж, бодож байгааг маань сонирхдоггүй” хэмээн онцолж байв. Сонгинохйрхан дүүргийн 1 дүгээр хороо нь 2, 20,22,21-р хороодтой хил зааглан байрладаг, 2 дунд сургууль, 1 хүүхдийн цэцэрлэг, 1 өрхийн эмнэлэг, нийт 12 хэсэгтэй томоохонд тооцогддог. Нийт 3300 орчим өрхийн 12800 орчим хүн амтай, ажилгүйдэл, сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муу, айл өрхүүд таруу суурьшсан онцлогоос шалтгаалан сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд холоос ирж очдог зэрэг бусад хороодын адил түгээмэл асуудалтай. Хэрвээ тэд сургууль, цэцэрлэг нь зэрэгцээ оршдог орон сууцны цогцолбор хороололд амьдардаг болчихвол хүйтэн өвлөөр, харанхуй бүрэнхийгээр хаздаг ноход, бусад аюулын айдас тээн гудамж дамнан, уул гэтлэн, уруудан сургуульдаа ирж, очдогоо болих юм. Та бидний ирээдүй эндээс л эхлэх ёстой. “Энэ дүүргийнхэнд эрхлэх ажил алга, ажилтай хэдэд нь орон сууц зээлээр авчих урьдчилгааны мөнгө ч алга, сар бүр төлөх асар өндөр хүүтэй зээлийн боломж ч алга. Тиймээс л “Та Бидний Эвсэл” Монгол улсын иргэн бүр урьдчилгаагүй, хүүгийн нэмэгдэлгүйгээр сар бүр боломжийн хэмжээгээрээ зээлээ төлөх түрээсийн орон сууцаар хангагдах ёстой гэж тэмцээд байгаа юм шүү дээ. Тийм боломж Та бүхэнд байгаа, тэгэхийн тулд бүгдээрээ сонгуульдаа идэвхитэй хүрэлцэн ИРЖ, Ухаалаг СОНГОЖ, зоригтой ӨӨРЧИЛЬЕ!” гэж нэр дэвшигчид уриалж байлаа.