Б.Баатархүү: Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой гомдол мэдээлэл нэмэгдэж байна
ЦЕГ, Тагнуулын ерөнхий газраас сонгууль болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Цагдаагийн байгууллага нь УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа болон санал авах үед нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Цагдаагийн байгууллагад УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой байж болзошгүй гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нийт 676 дуудлага мэдээлэл ирсэн байна. Эдгээр дуудлага мэдээллүүдийг ангилж авч үзвэл, дийлэнх хувийг сонгуулийн сурталчилгааны самбар, зурагт хуудас болон сурталчилгааны материал устгах, сурталчилгааны явцад цахим сүлжээг ашиглан бусдыг гүтгэн доромжилж, худал мэдээлэл тараах, хуульд заасан арга хэлбэрээр өөр байдлаар сурталчилгаа явуулах зэрэг зөрчлүүд эзэлж байна.
Хүний улс төрийн эрх чөлөөтэй холбоотой нийт 390 гомдол мэдээлэл ирж, харьяаллын дагуу шалгалтын ажлыг хийж байна. Гомдол мэдээллийг ангилвал, нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндэд халдсан, гутаан доромжилсон хууль бус үйлдлийн талаар 108 буюу 27.6 хувь, хуульд зааснаас өөр хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулсантай холбоотой 228 буюу 58.4 хувь, харилцаа холбоо болон цахим сүлжээ ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий санал асуулга, шалгаруулалт зохион байгуулсантай холбоотой 20 буюу 5.1 хувь, сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа үйлдлийг сурталчилгаанд ашигласан 7 буюу 1.7 хувь, бүртгүүлээгүй цахим хаяг ашигласантай холбоотой 4 буюу 1 хувийг эзэлж байна. 17 гомдол мэдээллийг зөрчлийн хэрэг нээж, үүнээс гурван хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлж, 4 гомдлыг хялбаршуулсан байдлаар, 4 хүнийг 4.3 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. 204 гомдол мэдээллийг зөрчлийн шинжгүй үндэслэлээр хэрэг нээхээс татгалзан шийдвэрлэсэн байна” хэмээв.