Сонгуулийн үеэр илт ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ тараасан үндэслэлээр жагсагч Б.Цэгмэдийг ШАЛГАХААР болов

2020 оны 6 сарын 12

Arslan.mn

Нэг бус удаа жагсаал зохион байгуулсан иргэн Б.Цэгмэдийг тагнуулын байгууллага шалгахаар болжээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 14.8-1 дэх хэсэгт заасан “сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараасан” гэх үндэслэлээр шалгуулахаар өргөдөл гаргасныг цагдаагийн байгууллагаас харьяаллын дагуу ТЕГ-т ирүүлсэн хэмээн эх сурвалжууд мэдээлэв.

Хуулийн дээрх заалтад “Сонгуульд оролцогч улс төрийн нам, намуудын эвсэл, нэр дэвшигчийн нэр хүндэд халдаж, илт худал мэдээлэл тараасан бол 450-5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” хэмээсэн байдаг.

Б.Цэгмэдийг шалгуулах болсон үндэслэл нь өөрийнхөө олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа нэгэн нэр дэвшигчийг илт гүтгэсэн мэдээ, мэдээлэл байнга оруулж, ураны зөвшөөрөл олгосноос нь болж гаж хөгжилтэй төл гарах болсон гэж нийтэлж байгаатай холбоотой гэнэ.

АМГТГ-аас “2016 оноос хойш ураны ямар нэгэн тусгай зөвшөөрөл олгоогүй. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд ураны нэг ч зөвшөөрөл гадаад, дотоодын ямар нэг аж ахуйн нэгжид өгөөгүй. Уран нь стратегийн ашигт малтмал тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 77 дугаар зарлигийн хоёрдугаар зүйлд “Цацраг идэвхт ашигт малтмал, газрын ховор элемент, газрын тосыг ашиглахтай холбогдсон бодлогын асуудлыг ҮАБЗ-ийн хурлаар хэлэлцүүлж байхыг Засгийн газарт чиглэл болгосугай”, гуравдугаар зүйлд “Цацраг идэвхт ашигт малтмал, газрын ховор элементийн хайгуул, олборлолтын тусгай зөвшөөрөл олгох, эрх шилжүүлэх, мөн газрын тосны хайгуулын бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн холбогдох хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлүүлж байхыг төрийн холбогдох байгууллагуудын удирдлагад үүрэг болгосугай” гэж зарлиг болгосон байдаг. Тиймээс УУХҮЯ, АМГТГ-аас ураны ямар нэг тусгай зөвшөөрлийг бие даан олгох боломжгүй гэх тайлбар зэргийг хавсарган Б.Цэгмэдийг шалгуулахаар болсон аж.

Тагнуулынхан яагаад шалгах болсон бэ гэвэл Эрүүгийн хуулийн 14.5-14.9 дүгээр зүйлд заасан хүний улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1-1 дэх хэсэгт зааснаар дагуу ТЕГ-ын Мөрдөн байцаах газарт шалгах харьяалал тогтоосонтой холбоотой гэнэ. Б.Цэгмэдийн хувьд цагдаагийн байгууллагад нэг бус удаа шалгуулж, улмаар харшил нь хөдөлж бие нь муудсаныгаа цагдаагийнхан эрүүдэн шүүж, хүчээр хорьсноос болсон хэмээн олон нийтийн сүлжээнд цацсаныг хууль сахиулах байгууллагынхан тогтоогоод буй. Тэрбээр Өмнөговь аймагт хууль бусаар жагсаал, цуглаан зохион байгуулсан учраас тус аймаг дахь Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтан 100 000 төгрөгөөр торгох шийтгэлийн хуудас бичсэнд өширхөн эрүүдэн шүүсэн хэмээн олон нийтийн сүлжээгээр цацсан нь нарийвчилсан шалгалтаар тогтоогдсон байна.

Түүгээр зогсохгүй Б.Цэгмэд нь АН-аас жагсаал, цуглаанаа санхүүжүүлдэг, тус намын дарга С.Эрдэнийн ойрын хүн хэмээн олон нийтийн сүлжээгээр зурагтай мэдээлэл нь цацагдах болсон бөгөөд урантай холбож нэр дэвшигчийг гүтгэх захиалга авсан байж ч болзошгүй байгаа юм. Тиймээс энэ мэт хууль зөрчиж, бусдыг гүтгэж байгаа хүмүүст хариуцлага тооцох, илт худал гүтгэлэг тарааж байгаа фэйсбүүкийн пэйж хуудсанд хяналт тавих үүрэг Харилцаа холбооны зохицуулах байгууллагад хуулиар оноосон л байлтай. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35.3-т “Нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэх, ийм агуулга бүхий хэвлэмэл материалыг нийтэд тараах, эсхүл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин дахь олон нийтийн сүлжээгээр тараахыг хориглоно”, 47.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 35.3, 47.4-т заасныг зөрчсөн талаарх гомдлын дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн дараах арга хэмжээг нэн даруй авна” гээд тухайлбал, цахим хуудасны Монгол Улсаас хандах хандалтыг сонгуулийн дүн гарч дуусталх хугацаагаар хаах, эсхүл түр хязгаарлах арга хэмжээ авах” хэмээн хуульчилжээ. Тэгэхээр илт гүтгэлэг тараагаад байгаа Б.Цэгмэдэд хуулийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчин хангалттай байна гэсэн үг.

Бид энэ удаа зөвхөн Б.Цэгмэдийн тохиолдлоор л жишээ татлаа. Сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараасан гэх гомдол ганц үүгээр тогтохгүй. Зөвхөн нэг дүүргийн Цагдаагийн газарт л гэхэд энэ төрлийн 12 гомдол долоо хоногийн дотор ирсэн байгаа юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
4
ouch an post
confuse an post
angry an post
617790
11 эможи
keyboard_arrow_up