Монгол залуусын маань мөрөөдөл 2 өрөө байртай болох төдийхнөөр хязгаарлагдах ёсгүй
Сонгуулийн албан ёсны сурталчилгаа эхэлсний 6 дахь өдөр. УИХ-ын сонгуулийн 27-р тойрог, Сонгонихайрхан дүүрэгт “Та Бидний Эвсэл”-ээс нэр дэвшиж буй МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Буяагийн Тулга, эдийн засагч Дашаагийн Бямбасүрэн нар өнөөдөр дүүргийн 1 болон 35-р хорооны иргэд, сонгогчидтой уулзалт хийж байна.
Сонгинохайрхан дүүрэг нь Засаг захиргааны 43 хороотой, 94 мянга гаруй өрхийн 330 мянга гаруй хүн амтай, нийслэлийн томоохон дүүргүүдийн нэг. Улаанбаатар хотын хүн амын 23 орчим хувь нь амьдардаг. Орон сууцны хороолол тун цөөхөн. Тийм ч учраас орон сууцны цогцолбор хотхонууд байгуулж, иргэдийн тав тухтай, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах шаардлагатай байгааг нэр дэвшигчид уулзалтын үеэр онцолж байлаа.
Уулзалтад ирж буй иргэд ч “Та Бидний Эвсэл”-ийн мөрийн хөтөлбөрт багтсан урьдчилгаагүй, хүү шаардахгүй түрээсийн орон сууц хөтөлбөрийг ихэд дэмжиж, сонирхож байгаагаа илэрхийлж байв. Ялангуяа алслагдсан дүүргийн иргэд бидний хувьд ажилгүйдэл, өр зээлийн асуудал хэрээс хэтэрлээ.
Ийм асуудалд “дарлагдаж” буй иргэд 30 хувийн урьдчилгаа төлж, ипотекийн зээлэнд хамрагдаж байртай болно гэдэг нь хэзээ ч биелшгүй мөрөөдөл юм хэмээн онцолж байсан. Нэр дэвшигч Буяагийн Тулга онцлохдоо, “Монгол залуусын маань мөрөөдөл 2 өрөө байртай болох төдийхнөөр хязгаарлагдах ёсгүй. Тэд эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд орчин үеийн хотын иргэд шиг амьдарч эх орон, ирээдүйн хөгжил, аз жаргалынхаа талаар том зорилго, том мөрөөдөлтэй амьдрах эрхтэй. Манай улс ард иргэдээ элбэг хангалуун амьдруулах хангалттай баян орон. Төр засгийн эрх мэдэлтнүүд ард түмнээ ядруу байлгах биш амгалан тайван, аюулгүй амьдруулах үүрэгтэй. Гэтэл буруу бодлого, буруу удирдлагаас болж ард түмэн минь эрх мэдэлтнүүдийн халаасанд багтаж амьдардаг болсон байна. Эрх мэдэлтнүүд гэдэг нь ард түмний төлөөлөл, асуудлыг нь шийдвэрлэгч болохоос хзгааргүй эрх мэдлийн дор нуугдаж, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэгч байх ёсгүй. Та Бид Хамтдаа шүү, Бүгдээрээ ирж, Зоригтой өөрчилж, Ухаалаг сонгоё! ” хэмээн уриалж байв. Ард иргэдийн хэрэгцээ шаардлага, “Та Бидний Эвсэл”-ийн зорилго, тэмүүлэл харилцан тохирч байгаа нь уулзалтаас тод харагдаж байлаа