МСҮТ-д 2.7 сая долларын төсөл хэрэгжиж байна
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавын орон нутаг дахь томилолт үргэлжилж байна. Тэрээр уржигдар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ Хөдөлмөрийн яамны харьяа Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд зочилж, сургалтын орчинтой нь танилцлаа.
Тус МСҮТ 2013-2014 оны хичээлийн жилд аймаг, орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн дагуу элсэлтийг зохион байгуулж, чадварлаг чадамжтай мэргэжилтэн ажилтан бэлтгэж байгаа аж. Тухайлбал, барилгын засал чимэглэлчин, өрөг угсрагч, мужаан, уул уурхайн нөхөн сэргээлт, үс засал, гоо засалч зэрэг 15 мэргэжлээр элсэлт авч 2.5 жилийн 1-р ангид 364, ажлын байран дахь сургалтанд 27, нийт 391 суралцагч суралцаж байгаа юм байна.
Харин 2-р ангид 285, 3-р ангид 106, насанд хүрэгчдийн 180, түр сургалтанд 120, жолооны В ангиллын сургалтанд 80 суралцагчийг мэргэжлийн болон мэргэжлийн боловсрол олгох, чадамжийн сургалтанд хамруулжээ.
Мөн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх зорилтын хүрээнд богино хугацааны сургалтаар 5 мэргэжлээр 180 хүнийг хамруулан сургасан байна. Энэ талаар МСҮТ-ийн захирал н.Нямсан “Манай сургууль Засгийн газар болон Оюутолгой компани, Мянганы сорилтын сангийн тусламжтайгаар сургалтын орчноо сайн тохижуулж чадсан. Цаашид жишиг сургууль болон загвар сургуулийн хэмжээнд очих байх. Өнөөдрийн байдлаар сургалтын орчин хангалттай сайн гэж хэлж болно. Мөн 13 мэргэжлээр төсөл хэрэгжүүлсэн. Багш нараа чадавхижуулж, гадаадын өндөр хөгжилтэй орнуудад сургалтанд хамруулж байна. Жишээлбэл, Австралийн хөрөнгө оруулалттай 2.7 сая долларын хөрөнгө оруулалттай төсөл хэрэгжээд дөрвөн сар болж байна. Түүгээр багш нараа сурган, чадавхижуулж, сургалтын агуулга, сатандартыг шинэчилэн, олон улсын жишигт хүргэнэ гэсэн төлөвлөгөөтэй байна” гэлээ.
Дээрх сургалтын төв нь 70 гаруй багш, ажиллагсадтай, 1.57 га эдэлбэр газрыг хамарсан хичээлийн төв байр, үйлдвэрлэл сургалт явуулах дадлагын газрууд, 100 хүүхдийн дотуур байр, компьютерийн иж бүрэн лаборатори, цайны газар, 5.2 мянган номын фондтой номын сан, соёлын төв, 20 га талбай зэрэг сургалтын орчин бүрдүүлэн сургалт үйлдвэрлэлийн ажлаа явуулж байна.
Мөн Оюу толгой ХК-ийн 5 сая долларын хөрөнгө оруулалтаар Авто засварын ашиглалт, Хийн болон цахилгаан гагнуур, Барилгын мужааны дадлагын газрын өргөтгөлийн барилга бариулсан нь, ашиглалтанд ороход бэлэн болоод байна. Шинээр баригдаж буй Барилгын өргөн мэргэжил, Барилгын мужаан, Авто машины засварчин, Гагнуурын онол, дадлагын газрыг шинэ техник тоног төхөөрөмжөөр ханган, сургалтын үйл ажиллагааг явуулахад бэлэн болжээ.