Ж.Батсайхан: Гэрийн тусгаарлалт зөрчсөн иргэнийг 500 мянган төгрөгөөр торгоно

2020 оны 6 сарын 10

Arslan.mn

УОК-ын шуурхай штаб, цагдаагийн байгууллагатай хамтран гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд энэ сарын 3-нд гэнэтийн шалгалт хийсэн. Нийт 94 хүнийг хамруулан шалгахад 11 нь гэртээ байгаагүй, 2 иргэний хаяг тодорхойгүй байсан тухай мэдээлэл гарсан. Гэртээ тусгаарлагдсан иргэдийг хэрхэн хянаж шалгаж буй асуудлаар ЦЕГ-ын Нийгмийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Батсайханаас тодрууллаа.

-Гэрийн тусгаарлалтад нийт хэдэн иргэн байна вэ?

-Энэ оны 1 дүгээр сарын 6-наас эхлээд Монгол Улсын хилийн 20 гаруй боомтоор 131 мянга 680 иргэний хөдөлгөөнийг хянаж ажилласан. Үүнээс 7 578 иргэнийг тусгаарлах байранд авч, 4285 иргэнийг гэрийн тусгаарлалтад байхад нь хянаж ажилласан. Одоогоор 1100 гаруй иргэн гэрийн тусгаарлалтад байна.

-Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийг хэрхэн хянаж байгаа вэ?

-ЦЕГ, УОК-ын Шуурхай штаб, Өрхийн эрүүл мэндийн төв гэсэн 3 байгууллага хамтран, байнгын хяналт тавьж байгаа. Тухайн байгууллагууд яаж зохион байгуулалтад орсноосоо шалтгаалан өдөр бүр утсаар болон биеэр очин хяналт тавьж байна.

-Гэрийн тусгаарлалтад буй иргэд дэглэм журмыг хэрхэн сахиж байна, зөрчил гаргасан иргэдэд ямар хариуцлага тооцсон бэ?

-Коронавирусээс сэргийлэхээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг нийт 40 иргэн зөрчсөн. Шалгалтын үеэр 13 иргэнийг зөрчлийн хуулийн дагуу хэрэг үүсгэн, зөрчлийг арилгуулсан.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 буюу “Халдварт өвчний үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах” заалтыг хэрэгжүүлж байна.

-Өмнө нь гэртээ тусгаарлагдсан иргэнд байршил тогтоох гарын чип зүүлгэх, гэрийнх нь хаалганд тэмдэг наах тухай мэдээлэл гарч байсан. Үүнийг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн үү?

-Хүний эрхийн асуудал хөндөгдөх учраас энэ талаар хэлэлцэж байгаа. Манай байгууллагаас энэ тухай асуудлаар УОК-т хүсэлтээ гаргасан.

Б.Мандуул

Эх сурвалж: montsame.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
617697
2 эможи
keyboard_arrow_up