Залилагчаас сэргийлж бусдын ЯТГАЛГА, ГУЙЛТЫГ үргэлж нягтал!!!
Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, арилжааны банкуудтай хамтран хэрэгжүүлсэн “Ятгах тусам нягтал” аяны үргэлжлэл болгон “Нягтлах тусам аюулгүй” аяныг зохион байгуулж байна. Энэ удаагийн “Нягтлах тусам аюулгүй” аяныг Цагдаагийн ерөнхий газар, Монголбанк, ХААН Банк зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж, иргэд, олон нийтэд санхүүгийн луйвар, залилангийн хохирогч болохгүй байх, хэрхэн нягталж, өөрийгөө болон бусдыг санхүүгийн луйвраас хамгаалах тухай жишээ, кейсүүдийг хүргэсээр байгаа билээ.
Тухайлбал, “Covid-19” халдварын тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан хууран мэхлэх аргаар ашиг хонжоо хайгчид цаг үеийн эмзэг байдлыг далимдуулан цахим орчинд гэмт хэрэг үйлдэх нь ихсэх болсон. Залилагчийн гол арга, хэлбэр нь онлайн худалдаа, бараа бүтээгдэхүүн зарах, мөнгийг өсгөж өгөх амлалт, амны хаалт, гар ариутгалын бодис, хамгаалах хувцас, хэрэгсэл зэрэг бараа бүтээгдэхүүн нийлүүлэхтэй холбоотой байна.
Нөгөө талаас коронавирустэй холбоотой сонирхол татсан гарчиг бүхий холбоос, и-мэйл нь иргэд, олон нийтийг төөрөгдүүлэх, хийсвэр эрэлт бий болгох, тэр бүү хэл энэхүү хуурамч холбоос, хаягаар дамжуулан таны хувийн мэдээллийг олж авах зорилготой байна. Тиймээс иргэд та бүхэн эх сурвалж нь тодорхойгүй и-мэйл, хавсралт, холбоосыг нээхгүй байж зөвхөн албан ёсны эх сурвалж нь баталгаатай сайтаас цаг үеийн мэдээлэл авч хэвшинэ үү.
Цар тахалтай холбоотой залилангийн гэмт хэргийн шинж тэмдгүүд:
- Утсаар залилан хийх: Гэмт хэрэгтнүүд эмнэлэгийн байгууллагын ажилтны дүрээр хэн нэг хүний (өвчтөний нэрийг ашиглаж болно) ар гэр, хамаатан садантай утсаар ярьж, эмнэлгийн хэрэгслийн болон эмчилгээний төлбөр нэхэмжлэх;
- Фишинг: Гэмт хэрэгтнүүд иргэдийн хувийн мэдээллийг авах зорилгоор тэдний сонирхлыг татах томоохон байгууллагуудын нэрийг ашиглан бүртгэлийн хуудас бөглүүлж, улмаар уг мэдээллийг (хувийн болон төлбөр тооцооны мэдээлэл гэх мэт) ашиглаж, тэдний данснаас мөнгө гаргаж авдаг. Та цахим шуудангаа Фишинг залиланд алдсан бол тус цахим шуудан дээр бүртгэлтэй байх интернэт банк болон фэйсбүүк хаяг, хувийн мэдээлэл тань алдагдах өндөр эрсдэлтэй тул нэн даруй цахим шуудангийн хаяг, интернэт банк болон фэйсбүүк хаягынхаа нууц үг, гүйлгээний нууц үгийг солих зэрэг арга хэмжээ авахыг зөвлөж байна.
- Санал тавих: Олон нийтийн сүлжээнд хуурамч хаягаас өндөр цалинтай ажилд оруулж өгнө, дуртай киногоо доорх хаяг дээр дарж үзнэ үү гэх мэт хуурамч холбоосыг хүмүүс рүү явуулж, нэвтрэх нэр, нууц үгийг авдаг.
- Фэйсбүүк компанийн аюулгүй албаны пэйж хуудсыг дуураймлаар хийж иргэд рүү “Та нууц үгээ яаралтай солино уу, таны фэйсбүүк хаяг халдлагад өртлөө” гэх мэт мессежүүдийг хуурамч холбоосын хамт илгээх зэрэг олон шинж тэмдэгүүдээр илэрч байна. Фэйсбүүк хаягаа залиланд алдсанаар таны хаягийг ашиглаж ойр дотны хүн болон найз нөхдөөс тань мөнгө гуйх, таны бүртгэлтэй пэйж хуудас болон группын эрхийг шилжүүлэн хулгайлах зэрэг эрсдэлтэй.
Анхааруулга:
Хэрвээ та онлайнаар эмнэлгийн бараа бүтээгдэхүүн болон бусад бараа худалдан авах гэж байгаа бол залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд худалдагч талыг нарийвчлан судлах нь зүйтэй бөгөөд дараах шинж тэмдэг байгаа эсэхийг анхааралтай ажиглана уу.
- Худалдан авалт хийхээс өмнө тухайн барааг санал болгож буй байгууллага, иргэний талаар судлах;
- Хуурамч вэб сайтуудаас болгоомжлох. Гэмт хэрэгтнүүд ихэвчлэн хувийн байгууллага болон олон улсын томоохон байгууллагын албан ёсны хаягтай ижил, төсөөтэй нэртэй вэб сайт ашигладаг;
- Худалдан авалт хийхээс өмнө тухайн компанийн сайтыг шалгаж, худалдан авсан бараа нь ирээгүй эсвэл залилуулсан зэрэг гомдол бий эсэхийг анхаарах;
- Бараа худалдагч иргэн, компанийн данс нь тухайн хүний эсвэл компанийн данс эсэхийг шалгаж, нягтлах
- Хэрэв та санхүүгийн гэмт хэргийн хохирогч болсон бол гүйлгээгээ цуцлах талаар харилцагч банкандаа хандаж, цаашлаад хууль хяналтын байгууллагад мэдэгдэх;
- Аливаа эх сурвалж нь баталгаагүй мэдээллийн холбоос, и-мэйлийн хавсралт хэсэг рүү орохгүй байхыг анхаарах (facebook, mail)
Хүнд цаг үеийг хамтдаа даван гарахын тулд цахим орчин дахь мэдээллийг илүү их нягталъя.