Б.БОЛОРЦЭЦЭГ: Сайн АЛБА ХААГЧ-ийн хажуугаар сайн ээж байхыг хичээдэг

2020 оны 6 сарын 09

Arslan.mn

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэв журмын ахлах байцаагч, цагдаагийн хошууч Д.Болорцэцэгтэй ярилцлаа

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Таны хувьд хэдэн оноос эхлээд цагдаагийн байгууллагад ажиллаж байна?

 -Сайн байна уу намайг Доодамба овогтой Болорцэцэг гэдэг. 1983 онд Төв аймаг Угтаал цайдам суманд төрж,  2001 онд Нийслэлийн 97 дугаар бүрэн дунд сургуулийг дүүргэсэн.  2001­­­-2005 онд Цагдаагийн академийн Эрх зүйн ангийг Эрх зүйч мэргэжлээр,  2011-2013 онд Хууль сахиулахын их сургуулийг Хууль зүйн Магистраар тус тус суралцаж төгссөн. Ажлын анхны гараагаа 2006 онд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст эргүүлийн цагдаагаар томилогдон ажиллаж,  дараа нь 2008-2009 онд Сүхбаатар дүүргийн цагдаагийн гурав дугаар хорооны хэсгийн байцаагч, 2009-2013 онд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн Захиргааны зөрчил хариуцсан байцаагч,  2013-2014 онд Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хоёр дугаар хорооны хэсгийн байцаагч, 2014-2015 онд Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Захиргааны зөрчил хариуцсан ахлах мэргэжилтэн, 2015-2018 онд Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Төлөвлөлт зохион байгуулалтын ахлах мэргэжилтэн,  2019 оноос Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэв журмын ахлах байцаагчаар, тус дүүрэгтээ тасралтгүй 14 жил ажиллаж байна.

-Цагдаагийн байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ямар, ямар ажлуудыг хийн хэрэгжүүлэн ажиллаж байна вэ?

-Цагдаагийн байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр олон талт арга хэмжээг зохион байгуулан ажилладаг. Иргэдээс ирж буй дуудлага мэдээллийг түргэн шуурхай хүлээн авч, шийдвэрлэн, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг тасралтгүй зохион байгуулж, иргэдэд гэмт хэрэг, зөрчлөөс өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалах талаар урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл, санамж сэрэмжлүүлгийг цахим орчинд тогтмол байршуулах ажлыг хийж байна.  Мөн өдөр бүр тодорхой цэг, цагуудад цагдаагийн албан хаагч, олон нийтийн цагдаа, урамшилт эргүүл, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагатай хамтран эргүүлийн үүргийг гүйцэтгэдэг.

-Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн нутаг дэвсгэрт ямар зөрчлүүд ихэвчлэн зонхилж байна ?

-2020 оны 05 дугаар сарын байдлаар Сүхбаатар дүүргийн нэгээс есдүгээр  хорооны нутаг дэвсгэрт иргэд, аж ахуй нэгж байгууллагаас

8189 зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл хүлээн авч, үүнээс 2967 гомдол, мэдээллийн бүртгэлд авч, өргөдөл гомдлын шийдвэрлэлт 80 хувьтай байна.

Тус дүүргийн нэгээс есдүгээр хороонд Сүхбаатарын талбай, Төрийн ордон, Яам болон төрийн онцгой хамгаалалттай байгууллага болон их дээд сургуулиуд байрладаг учир тус хороогоор дамжин өнгөрдөг иргэд маш олон.  Хүн амын хөл хөдөлгөөн, нягтшилт ихтэй дүүрэг болохоор гудамж талбай олон нийтийн газар танхайрах зөрчил илүү зонхилдог.

-Сүхбаатар дүүргийн хувьд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна вэ?

-Дэлхий нийтэд Ковид цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор иргэдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр цахим хэлбэрээр санамж, сэрэмжлүүлэг, шторкуудыг бэлтгэн хүргэж байна.  Мөн 1197 ерөнхий болон нэгдсэн, хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж, иргэн, аж ахуй нэгжид 2801 мэдэгдэл, шаардлага өгч үр дүнг тооцон  ажилласан.

Хороодын нутаг дэвсгэрт “Эргүүл”, “Эмзэг-цэг” арга хэмжээний хүрээнд цагдаагийн алба хаагч олон нийтийн цагдаа, урамшилт эргүүл, иргэд байгууллагын оролцоотойгоор эргүүлийн үүргийг зохион байгуулан ажиллаж байна. 

Мөн цар тахалтай холбоотойгоор цагдаагийн албан хаагчид 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж эхэлсэн. Бид бүгд цар тахлын үед иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, өдөр болон шөнийн цагаар эргүүлийн үүрэг гүйцэтгэн мөн иргэдэд  хорио цээрийн дэглэм сахиж, урьдчилан сэргийлэх чиглэлээр санамж, сэрэмжлүүлгийг хүргэх мөн эргүүлийн алба хаагчид гадаад орноос ирж тусгаарлагдсан иргэдийн байранд хамгаалалтад гарч ажиллах, хэсгийн байцаагч хороон цагдаа нар Дүүргийн онцгой комисс, өрхийн эмнэлэгтэй хамтран гэрийн тусгаарлалтад гарсан иргэдэд хяналт тавих үүргүүдийг гүйцэтгэж байна.

Arslan.mn

-Нийтийн хэв журам хамгаалах албаа нэг өгүүлбэрээр тодорхойлбол ?

-Нийтийн хэв журам хамгаалах алба нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох үүрэгтэй бөгөөд иргэдэд хамгийн ойр хүрдэг цагдаагийн байгууллагын нүүр царай болсон хариуцлагатай алба юм. 

-Цагдаагийн байгууллагад эмэгтэй хүн ажиллахад хүндрэлтэй зүйл байдаг уу, Ажиллах хугацаанд шантрах зүйл байсан уу?

-Миний хувьд цагдаагийн байгууллагад ажиллахад хүндрэлтэй зүйл байдаггүй, анх цагдаагийн албанд эргүүлийн цагдаагаар ажиллахдаа яг эрчүүдийнхээ адил эргүүлд явж, өдөр шөнө гэхгүй хамгаалалтад зогсож, хаана хэзээ хэдэн цагт ч дуудсан хүрч очоод ажиллана. Би Сүхбаатар дүүргийн гурав дугаар хороонд дэд ахлагч цолтой байхад дарга нар эмэгтэй хүн  хэсгийн байцаагч хийж чадах бол уу гэж анх хэсгийн байцаагчийн үүрэг гүйцэтгэгчээр томилсон, тэр үед "би чадах болов уу, яах бол" гэсэн бодол төрж байлаа.

Тус албанд томилогдоод тодорхой хугацааны дараа ажлыг минь үнэлж эмэгтэй хүн эрчүүдээс дутахгүй ажиллаж чадах юм байна гээд хийж гүйцэтгэсэн ажлыг минь үнэлж цагдаагийн дэслэгч цолоор шагнуулж байсан.

Тэндээс би цааш улам сайн ажиллах урмыг авч байлаа. Ажиллах хугацаандаа шантарч байсан хэсэгхэн үе гэвэл  2009 онд захиргааны зөрчил хариуцсан байцаагчаар /Одоо Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст ажиллаж, цагдаагийн хошууч н.Чимэгбалын хамт/ ажиллаж байхдаа 1-20 дугаар хорооны зөрчлийг бид хоёр авч шийдвэрлэдэг байсан, зөрчил дотроо ар гэртээ агсам тавьж танхайрсан, гудамж талбайд байнга архидан согтуурдаг тэнэмэл иргэд, мөн биеэ үнэлэгч нарыг шүүхээр оруулж шийдвэрлэх ажлыг хариуцдаг байсан л даа.

Хоёр эмэгтэй хүн жижиг өрөөнд өдөр бүр архины үнэр ханхлуулсан хүмүүстэй харьцдаг, цайндаа ч гарах завгүй ажлаа хийхдээ тухайн хэсэгхэн үед бага зэрэг шантарч байсан боловч дарга нараас н.Чимэгбал бид хоёрыг ажлаа сайн хийдэг гэсэн урмын үг, мөн зөрчил гаргасан иргэний ар гэрийнхнээс хэргийн шийдвэрлэлт сайн байгаад баярлаж баярлалаа байцаагчаа эмэгтэй хүн гэхэд мундаг ажиллах юмаа гэж хэлэхэд нь өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж, ар иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажиллаж байгаа бидэнд шантрах эрх байхгүй юм байна гэдгийг ойлгосон. Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэдэг шиг иргэний чин сэтгэлээсээ баярлаж  талархсан үгэнд нь урамшаад л явчихдаг.

-Таны хувьд энэ албаны сайхан болон хэцүү тал нь юу вэ?

 -Цагдаагийн албаны ажил бусад ажил мэргэжлүүдээс өөр гэж боддог. Бид эх орныхоо төлөө амь биеэ хайрлахгүй зүтгэх тангарагтай.  Ямарваа нэгэн үймээн гарах үед ар гэрээ орхин хэд хоногоор ч ирэхгүй ажиллах ч тохиолдол байдаг.  Гэхдээ түүнээсээ шантарч байгаагүй. Учир нь би мэргэжилдээ дуртай албандаа ч хайртай.

-Цагдаагийн алба хаагчид ажлын ачаалал ихтэй, шахуу цагийн хуваарьтай ажилладаг . Таны хувьд гэр бүлдээ цаг зав гаргах нь хэр их байдаг вэ? Чөлөөт цагаараа юу хийж стрессээ тайлдаг вэ?

- Амарсан үедээ гэр бүлдээ аль болох цаг гаргахыг хичээдэг.  Хүүхдэдээ зааж зөвлөнө.  Ер нь би хүүхэддээ "хичээлдээ сайн бай" гэхийн оронд хүмүүжилтэй, дотоод сэтгэлтэй, мөн чанартай байгаасай гэж хүсдэг.  Хүүхдээ ингэ тэг гэхээсээ илүү аль болох биеэрээ үлгэрлэх, хүүхдээ сонсох дуртай. Хүүхэдтэйгээ хамт байхыг хичээдэг. Бяцхан үрээ хараад ядарснаа мартаад сайхан амардаг. Гэр бүлийн гишүүдтэйгээ байх нь л миний хувьд стрессээ тайлж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж байгаагийн нэг хэлбэр юм бол уу гэж боддог. Сайн ээжийн хажуугаар сайн алба хаагч байхыг хичээдэг. Энэ ташрамд их ажлын хажуугаар арын албыг сайн хариуцдаг хүүг минь өсгөж байгаа ээждээ баярлалаа, тандаа хайртай шүү гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье. 

-Баярлалаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
10
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617676
30 эможи
keyboard_arrow_up