Иргэн хуулийн байгууллагад гаргасан гомдлоо аль шатанд, хэн шалгаж байгааг ЦАХИМААР ХЯНАХ боломжтой боллоо
Улсын Ерөнхий Прокурорын газар /УЕПГ/-ын бүртгэл мэдээллийн хэлтсээс гэмт хэргийн мэдээлэл авах E-JUSTICE.MN цахим сайтын талаар өнөөдөр /2020.06.09/ мэдээлэл хийлээ. Энэхүү мэдээллийн сангаас Цагдаагийн Ерөнхий газар /ЦЕГ/, УЕПГ, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар /ШШГЕГ/ мэдээлэл авч ашиглах юм.
Хэрэгт холбогдсон иргэн, сэжигтэй, яллагдагч, хохирогч болон ямар нэгэн хэргийн талаар гомдол гаргасан иргэд E-JUSTICE.MN цахим сайтад хандан, хэрэг маргаан ямар шатандаа явж байгаа, яаж шийдэгдэж буй талаар мэдэх бүрэн боломжтой аж.
E-JUSTICE.MN ЦАХИМ САЙТ НЬ ЗУРГАДУГААР САРЫН 18-нд АШИГЛАЛТАД ОРНО
Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын нэгдсэн мэдээллийг иргэдэд хүргэх e-justice.mn портал сайт нээгдлээ.
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос 2015 оны долоодугаар сарын 8- ны өдөр 23 дугаартай “Шүүх, хууль сахиулах байгууллагуудын мэдээллийн цахим нэгдсэн сүлжээ байгуулах тухай" тогтоол гарсан.
Тогтоолын хэрэгжилтийг хангахаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүх, Прокурор, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах ажилтнууд болон мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдсан. Дээрх байгууллагуудыг нэгдсэн сүлжээнд холбох харилцан мэдээлэл солилцох боломжийг бий болгож, мэдээллийн сан үүсгэх ажлыг “Цахим нэгтгэл" төслийн баг, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах төсөл хамтран хийж гүйцэтгээд байна.
Мөн ажлын хэсэг болон төслийн багаас санаачлан иргэдэд зориулсан e-justice.mn сайтыг гаргаад байгаа юм. Улсын Ерөнхий прокурорын газрын Бүртгэл, мэдээллийн технологийн албаны мэргэжилтнүүд хуулийн байгууллагын мэдээллийн санд суурилан мөрдөх байгууллагад гомдол гаргасан иргэн гомдол шалгах явц шийдвэрлэлтийн мэдээллийг, гэмт хэргийн улмаас хохирсон иргэн болон гэмт хэрэгт холбогдсон иргэн өөрт хамааралтай хэргийн бодит мэдээллийг интернэт ашиглан дурын газраас авах боломжийг бүрдүүлсэн e-justice.mn системд 2017 онooc хойш эрүүгийн хэргийн мэдээллүүд багтсан байна.
УЕПГ-ын Бүртгэл, мэдээллийн технологийн албаны дарга, ахлах прокурор Ц.Хашбаатар e-justice.mn системийн талаар танилцууллаа.
Тэрбээр “Хэн нэгэн иргэн цагдаагийн байгууллагад гомдол гаргаад тухайн гомдол нь хэрэг бүртгэлтийн шатанд явж байна уу, мөрдөн байцаалтын шатанд явж байна уу түүний дараа прокурор хянаад шүүхэд шилжүүлсэн үү, шүүх хэрхэн шийдэж байна гэдгийг цахимаар хянах боломжтой болж байна.
Энэ бол иргэдэд зориулсан мэдээллийн сайт юм. Хуулийн байгууллагуудын шийдвэр, үйл ажиллагааг иргэнд нээлттэй байлгахаар хийгдсэн. Иргэн цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаас хуулийн байгууллагуудтай харилцаж эхэлдэг. Ингээд хуулийн байгууллагад очих шаардлага үүсдэг. Үүнийг тодорхой хэмжээгээр багасгаж, цахимаар гомдол нь ямар шатанд явааг, хэн гэдэг мөрдөгч шалгаж байгааг хянах боломжтой болгосон гэсэн үг.
Энэ сайт нь 2020 оны зургаадугаар сарын 15-аас албан ёсоор ажиллаж эхэлнэ" гэлээ.
ШУУД ҮЗЭХ:
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|