Өнөөдөр Бурхан багшийн ИХ ДҮЙЧИН өдөр тохиож байна
Бурхан багшийн Их дүйчин өдрийн нээлтийн ёслол боллоо.
Өнөөдөр зуны эхэн сарын шинийн 15. Энэ өдрийг Бурхан багшийн эхээс мэндэлсэн, 35 сүүдэртэйгээ төгс гэгээрсэн Бурхны хутгийг олсон, мөнхүү 81 сүүдэртэй гаслангаас хагацан нирваан дүр үзүүлсэн гурван их үйл давхацсан билэгт сайн өдөр эрхэмлэн үздэг.
Монголчуудын хувьд 1990 оноос хойш "Бурхан Багшийн Их дүйчэн өдөр" нэрэн дор энэрэл нигүүлслийг дэгжээх, эрдэм мэдлэгийг эрхэмлэх, гэгээрэл бясалгалыг чухалчлах, өв соёл, ёс заншлаа өвлүүлэн үлдээх эрхэм зорилготойгоор 30 дахь жилдээ тэмдэглэж байна.
Буддын шашинтнууд уг өдрийг нийтээр тэмдэглэх баяр болгон амрахаас гадна өөр олон улсад янз бүрийн хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Монгол Улсад 1990 оноос хойш уг өдрийг тэмдэглэх болсон ч бүх нийтийн амралтын өдөр биш юм.
Тэгвэл Бурхан багшийн Их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох хуулийн төслийг Д.Оюунхорол нарын гишүүд санаачлан өргөн барьж, УИХ-аар батлуулсан.
"Арван хар нүглийг тэвчиж чадвал үйлдсэн буян 100 дахин арвижна"
Их дүйчин өдрөөр арван хар нүглийг тэвчиж хомхой сэтгэлээ татах, сөрөг зүйл бодохгүй, шунал тачаалыг тэвчиж, бие хэл сэтгэлээр үйлдэх нүглийг цээрлэдэг. Хамгийн чухал нь хорт зуршил, махан хоолноос татгалзах нь энэ өдрийн утга учир юм.
Хэрэв маанийг 1 удаа уншвал буян 3 дүнчүүр болж арвижна. Тухайлбал, багш болон өөрийн дээдэс таалал төгссөн өдөр буян үйлдвэл живаа дүнчүүр болно. Нар хиртсэн өдөр буян хийвэл дүнчүүр болно. Сар хиртсэн өдөр хийсэн буян живаа дүнчүүр болно. Сайн цагт хийсэн бүхэн 100 дахин арвижна” гэж Банчин шагжаа ширий номолжээ. Буян үйлдэхдээ тодорхой өдрүүдэд үйлдвэл хэрхэн яаж өсөн үржих талаар энэ мэт сургасан байна.
Түүнээс гадна сар бүрийн шиний 8, 14, 15, 22-ны өдөр хийсэн буян 100 дахин арвижих учиртай аж. Иймээс өчүүхэн буян үйлдсэн ч үр дүн нь цаглашгүй гарна гэж үздэг. Бие, хэл, сэтгэлийн үүднээс буян үйлдэхийг хичээх нь зохимжтой гэж мэргэд онцолдог билээ.
Энэ жил анх удаа "Бурхан Багшийн Их дүйчэн өдөр" -ийг бүхэн нийтээр тэмдэглэх баяр болгон амран өнгөрөөж байна.