Б.ЭРДЭНЭБАТ: ДХИС дээд боловсролтой иргэдэд зориулан “Цагдаагийн ажил-эрх зүй” бакалаврын мэргэшүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна

2020 оны 6 сарын 03

Arslan.mn

ХЗДХЯ-ны харъяа ДХИС-ийн Цагдаагийн сургуулиас бакалавр болон түүнээс дээш боловсролтой иргэдэд зориулсан “Цагдаагийн ажил-Эрх зүй” мэргэшүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус хөтөлбөрийн элсэлт, сургалтын үйл ажиллагааны талаар Цагдаагийн сургуулийн Эрүүгийн процессын эрх зүйн тэнхимийн эрхлэгч, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбаттай уулзаж ярилцлаа. 

-ДХИС нь дээд боловсролтой иргэдэд зориулсан “Цагдаагийн ажил-Эрх зүй” бакалаврын хоёр жилийн мэргэшүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд удаагүй байна. Энэ хөтөлбөрийн талаар ярилцлагаа эхлүүлье?

-Сайн байна уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Манай сургууль нь ХЗДХЯ-ны харъяа Үндэсний аюулгүй байдлын чиг үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ажилладаг цагдаа, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдал, шүүх шинжилгээний байгууллагын ажилтнуудыг бэлтгэдэг.

Энэ жилийн хувьд дээр дурдсан байгууллагуудын боловсон хүчнийг бэлтгэх, чанарыг сайжруулах зорилгоор “Цагдаагийн ажил-Эрх зүй” бакалаврын хөтөлбөрийн хүрээнд эрх зүйн бус бакалаврын боловсролтой иргэдэд зориулсан мэргэшүүлэх хоёр жилийн хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж, эхний төгсөгчид болох гурван ангийн 60 оюутан ажлын байран дээр гаран ажиллаж байна.

Тус хөтөлбөрийн гол зорилго нь нийгэм, хүмүүнлэг байгалийн ухааны онолын суурь мэдлэгийг ашиглах чадвартай, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах цагдаагийн албаны чиг үүргийг хэрэгжүүлэх чадварлаг хүний нөөц бэлтгэхэд оршино. Бид цагдаагийн байгууллагын чадварлаг алба хаагч ямар байх ёстой вэ? гэсэн судалгааг хийж энэ дагуу, мөн захиалагч байгууллагын захиалгын дагуу мэргэжилтнээ бэлтгэж байна. Ихэвчлэн байгалийн шинжлэл, банк санхүү, татвар, гааль, анагаахын, авто, компьютер инженерийн чиглэлийн дээд боловсрол эзэмшсэн оюутан залуучуудыг энэ хөтөлбөртөө урьж оролцуулдаг. Товчхон тайлбарлавал өмнө нь авсан бакалаврын боловсролоо ахиулж, гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох, илрүүлэх энэ чиглэлийн мэргэшсэн алба хаагчид болж гарах бүрэн боломжтой.  

-Цэрэг цагдаагийн боловсрол, ажлын байрыг төр хариуцна гэж заасан байдаг. Тэгэхээр эдгээр төгсөгчид ч гэсэн ажлын байраар бүрэн хангагдана биз?  

-Манай их сургууль их онцлогтой. Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлд “Цэрэг, цагдаагийн боловсролыг төр хариуцна” гэж заасан байдаг. Тиймээс манай сургуульд элсэн суралцсан сурагчийн дөрвөн жилийн хугацаа, болон мэргэшсэн хөтөлбөрийн оюутны бүх зардал буюу байрлах байр, сургалтын төлбөр, хувцас, хоол гэх мэт бүх зардлыг төр хариуцдаг.

Дээрх хөтөлбөрт хамрагдсан хүмүүс захиалагч байгууллагын захиалгын дагуу ажлын байран дээр офицер цолтойгоор ажил үүргээ гүйцэтгэх бүрэн боломжтой. Цагдаагийн байгууллагын бүхий л төрлийн алба, нэгжүүдэд томилогдон ажиллана.

-Энэ хөтөлбөрт хамрагдахыг хүссэн хүмүүс бакалаврын зэрэгтэй байхаас гадна өөр ямар шалгуурыг хангах ёстой вэ? Хэрхэн бүртгүүлэх вэ? Энэ жилийн хувьд хэдэн хүн бүртгэхээр байна вэ?

-Тус хөтөлбөрт элсэгчид нь өмнө нь төгссөн сургуулийн бакалавар төгссөн голч дүн нь 2,4-оос дээш байх, 25 хүртэлх насны, цэргийн албаны журамд зааснаар цэргийн алба хаах болзол шалгуурыг хангасан, шивээс, сорвигүй, сэтгэцийн хувьд эрүүл, ял шийтгэгдэж байгаагүй, 170 см хүртэл өндөртэй, эрэгтэй, ДХИС-ийн элсэлтийн шалгалт, цэргийн хэргийн бэлтгэл сургалтад хамрагдаж тэнцсэн байх зэрэг шалгуурыг хангасан байх ёстой. Энэ жилийн хувьд захиалагч байгууллагаас урьд жилийн элсэлтийн тоог нэмэгдүүлэх чиглэл өгч, 120 оюутан элсүүлэх төлөвлөгөөтэй байна.  Эхний төгсөлтийн оюутнууд маань шинжээч, мөрдөгч чиглэлээр төгссөн бөгөөд  энэ онд оюутны тоог нэмэгдүүлсэн.  Энэ жилийн хувьд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэшүүлэх нэг анги, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, мөрдөх, эдийн засгийн чиглэлийн гэмт хэрэгтэй тэмцэх, мэргэшүүлэх ангийг нээхээр төлөвлөн ажиллаж байна.

-Мэргэшсэн цагдаагийн алба хаагч дутагдалтай байгаагийн гол шалтгааныг та юу гэж харж байна вэ?

-ДХИС нь оюутнуудаа эрх зүйн суурин дээр, эрх зүйч гэсэн мэргэжилтэй, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлд нь мэргэшүүлэн сургадаг. Тэгвэл өнөөдөр дэлхий нийтэд үйлдэгддэг хүний наймаатай холбоотой, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл бодисыг хууль бусаар олж авах, мансууруулах бодис хэрэглэх, цахим гэмт хэрэг гэх мэт шинэ төрлийн гэмт хэргүүдийг илрүүлэхэд тодорхой нарийн мэргэжил шаардлагатай болж эхэлсэн.

Тиймээс тусгай бэлтгэгдсэн алба хаагчид энэ төрлийн гэмт хэргийг түргэн шуурхай, үнэн зөвөөр илрүүлэх боломжтой гэж үзэж мэргэшсэн мөрдөгчийн ангийг нээсэн.

Сүүлийн үед сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлийг хууль бусаар борлуулах хэрэг их гарах болсон. Тэгэхээр энэ чиглэлээр мэргэшсэн алба хаагч зайлшгүй байх хэрэгтэй. Үүнээс гадна Экологийн цагдаагийн алба байгуулагдсантай холбоотой байгаль орчны эсрэг гэмт хэрэг дээр ажиллах энэ чиглэлээр мэргэшсэн алба хаагчийг бэлтгэх зэрэг шаардлагатай газарт нь шаардлагатай мэргэжилтнийг бэлтгэх зайлшгүй шаардлагатай болсон байна.

Arslan.mn

-ДХИС энэ хичээлийн жилд хэдэн мэргэжлийн чиглэлээр хэд орчим оюутан элсүүлэн авах вэ? Онцгой нөхцөл байдалд элсэлтийг хэрхэн зохион байгуулах вэ?

-Энэ жилийн хувьд ХЗДХЯ-аас батлагдсан элсэлтийн комисс ажилдаа гараад үйл ажиллагаа нь жигдрээд Дотоодын хэргийн их сургуулийн цахим хуудас буюу www.uia.gov.mn цахим хуудсаар дамжуулан бүртгэлээ хийж эхэлсэн. Элсэлтийн бүртгэл зургаадугаар сарын 26-ны өдрийн 17 цагт хаагдана. ЭЕШ-ийн дараа онооны голчыг харж, элсэлтүүдээ авах юм.  Бие бялдарын, цэргийн эрдмийн шалгалтыг хөл хорио тавигдахаар хийнэ. Энэ жилийн хувьд ХЗДХЯ-ны харъяа агентлаг, байгууллагууд болон Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний Онцгой байдлын байгууллагаас манай сургуульд хүний нөөц, алба хаагчийг бэлтгэх захиалга ирүүлсний дагуу 2020-2021 оны хичээлийн жилд бакалаврын зэрэг олгох цагдаа, хил, онцгой, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, эрх зүйн чиглэлийн нийт 12 хөтөлбөрт элсэлт авна. 

-Шинэ сургуулийн байр ашиглалтад ороод удаагүй. Хотхон хэлбэрээр хөгжиж үйл ажиллагаагаа явуулж байгаа талаар?

-ДХИС нь эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийн чиглэлийн хөгжүүлэх зорилгыг тавьж, сургуулиа хотхон хэлбэрээр хөгжүүлэх ажил эрчимтэй явагдаж байна.

2013 онд 850 сонсогчийн дотуур байр, 2016 онд их сургуулийн 3000 сонсогчийн хичээлийн төв байр, 2018 онд Гүнжийн хоолой дахь сургалт, дадлагын төвийг өргөжүүлж, 720 мкв бүхий талбай бүхий хоёр давхар ус, цахилгаан, дулааны хангамжийг бүрэн шийдсэн сургалтын байртай болсон. Энэ ондоо багтаан “Номын сан, спорт цогцолбор” барилгыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Их сургуулийн статустайгаар үйл ажиллагаа явуулсан сүүлийн цөөхөн жилийн хугацаанд төр, засгийн дэмжлэгтэйгээр хичээлийн болон сонсогчийн байрууд, номын сан, спорт цогцолбор, сургалт-дадлагын төв, багш алба хаагчийн орон сууц зэрэг олон байгууламж бүхий сургалтын таатай орчинг бүрдүүлж байгаа нь хотхон хэлбэрээр хөгжих эхний суурь тавигдсан гэж хэлж болно.

-Ард иргэдийн аюулгүй байдлыг хангахад хамгийн их үүрэг гүйцэтгэдэг цагдаа, цэрэг, онцгой байдлын алба хаагчдыг бэлтгэдэг сургуулийн хувьд практик дадлагыг хамгийн их хийлгэх хэрэгтэй гэж боддог. Тэгэхээр оюутнууд маань энэ дадлагаа хаана, хэрхэн хийж байна вэ?

-Манай төгсөгчдөд мэргэжлийн ур чадвар хамгийн чухал. Ер нь сургалтын хөтөлбөрийн гол зорилго нь “Мэдлэг, чадвар, хандлага” гэсэн чиглэлд хүүхдүүдийг боловсруулахад оршино. Тэгэхээр ур чадварын сургалтууд тогтмол зохион байгуулагддаг. Хээрийн сургалтаар ур чадвар эзэмшинэ, шинээр баригдсан спорт цогцолборт ур чадварын сургалтууд түлхүү орно. 25 метрийн урттай усан бассейн, 30 метрийн гүнтэй аврах ажиллагааны бассейн ашиглалтад орж байна. Гэмт хэрэгтэй тэмцэх, шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой бүх төрлийн тоног төхөөрөмж, лабораториуд ашиглалтад орж, дадлагаа хийгээд явж байна. Мөн ХЗДХЯ-ны харъяа агентлагууд, цагдаа, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдал, шүүх шинжилгээний байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан бөгөөд энэ санамж бичгийн хүрээнд өөрсдийн захиалгаар бэлтгэгдэж байгаа суралцагчдад практик дадлага хийх бололцоог бүрэн олгодог.

-Их сургуульд эрдэм, шинжилгээ, судалгааны ажил томоохон байр суурь эзэлдэг шүү дээ. Танай их сургууль энэ тал дээр хэрхэн анхаарч ажилладаг вэ?

-Их сургууль өөрөө олон улсын жишигт хүрэхийн тулд эрдэм шинжилгээнд суурилсан байх ёстой. Манай сургуулийн хувьд эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж, шинжлэх ухааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж, судалгааны ажил, арга зүйг эзэмшсэн баг, хамт олныг бүрдүүлж чадсан. Онол, практикийг сургалтанд хэрхэн хослуулах вэ, хэрхэн засаж сайжруулах вэ зэрэг асуудлуудыг гаргаж, сургалтын системийг улам л боловсронгуй болгох чиглэл дээр анхаарч ажиллаж байна. Мөн салбаруудын тэргүүлэх судалгааны бүтээл, судлагдахуунуудыг нэгтгэх, эрэмбэлэх, эрдэм шинжилгээний улсын болон олон улсын хурлыг зохион байгуулах ажлыг эрчимжүүлээд явж байна. Мөн Их сургуулийн статусын хэв шинжид нийцэхийн тулд эрдэм шинжилгээ, түүнээс гарч байгаа бүтээгдэхүүн, шинэ санааг ажил хэрэг болгох тал дээр анхаарч ажиллаж байна. Өнгөрсөн онд Үндэсний магадлан итгэмжлэлийн зөвлөлөөр хөтөлбөрүүдээ магадлан итгэмжлүүллээ.  Ингэснээс бусад их, дээд сургуулиудад хүлээн зөвшөөрүүлэх, цаашлаад гадаадын их дээд сургуулиудтай хамтран ажиллах, хос хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж нээгдэж байгаа юм. Одоогийн байдлаар ДХИС нь 10 гаруй орны 20 гаруй их, дээд сургуультай хамтын ажиллагаатай ажиллаж байна. Оюутан солилцоо, багш алба хаагчдыг чадваржуулах сургалт, туршлага судлуулах, зочин профессоруудыг урих, илгээх ажлыг хийж байна.

-Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
1
617522
8 эможи
keyboard_arrow_up