САЙН МЭДЭЭ: Дөрвөн оюутан эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны ажиглалт руу шилжлээ
ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг мэдээллээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Тавдугаар сарын 25-нд гурван лабораторид нийт 193 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнийг Задалж хэлбэл, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 18, тавдугаар сарын 14-нд Алтанбулаг боомтоор орж ирээд ахмадын сувилалд тусгаарлагдсан 24 хүнд давтан шинжилгээ хийсэн. 14-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн иргэд 12 хоноод байгаа бөгөөд энэ хугацаанд 2-3 удаа давтан шинжилгээ хийж хянасан. Дорноговь аймгаас илрүүлсэн 17 тээврийн жолоочийн сорьцоос коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор 10 хүнээс шинжилгээ авахад мөн коронавирус илрээгүй. Дархан-Уул аймагт 19 жолоочоос, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр, Орхонд тусгаарлагдсан 103 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Өнөөдөр дөрвөн оюутан эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны ажиглалт руу шилжлээ. Москвагаас ирсэн эдгээр оюутнууд 42-43 хоног эмчилгээ хийлгэж, эдгэрлээ. Нийт батлагдсан тохиолдол 141 байгаа бол эдгэрсэн нь 37 болж байна. Эмчлэгдэж байгаа 104 иргэний биеийн байдлыг үнэлбэл, хөнгөн 95, хүндэвтэр 9 хүн байгаа.
Өнөө өглөө 06:30 цагт буусан Москва-Улаанбаатарын онгоцоор 170 зорчигч ирсэн. Үүнээс зургаан хүнийг сэжигтэй гэж үзээд ХӨСҮТ-д тусгаарласан бол Альфа зочид буудалд 49, Зүчи зочид буудалд 60, Дрийм зочид буудалд 55 иргэн тусгаарлалтад орсон" гэв









