Цэнхэр дэлгэцийн НААДАМ гэж юу байдаг юм бэ?
Өнөөгийн төр, засгаас гаргаж байгаа зарим шийдвэр амьдралд хэрэгжихгүй гэдгээрээ олон түмэнд таалагдах байтугай ад шоо үзэгдэх боллоо. Түүний нэг нь Улсын баяр наадам зохион байгуулах үндэсний хорооны сая гаргасан энэ жилийн улсын баяр наадмыг хэрхэн хийх тухай шийдвэр юм. Уг шийдвэрийг олон түмэн ёстой л тэнэг шийдвэр гэж нэрлэж байна л даа. Юу нь тэнэг юм бэ гэвэл улсын уламжлалт баяр наадмыг үзэгчгүйгээр зохион байгуулж бөх, морь болон сур шагайн харвааг зөвхөн телевизээр үзүүлнэ гэсэн нь тун ухвар мөчид хандлага юм. Ард түмний жилдээ ганц цэнгэл наадмыг ингэж гурилдах гэсэн нь төр, засгийнхан сонгуулиас өөр юмыг ухаарахаа байсны илрэл гэж болох юм. Улсын баяр наадмын түүхийг сөхөн үзэх юм бол өнө эртнийх гэдгийг мэдэж болох. Яг эхлэлийг 1200-гаад он буюу эзэн Чингисийн үетэй холбож үздэг. Түүхэнд тэмдэглэсэн нь гэвэл Монгол овогтон, эсгий туургатны нийгэм төрийн их баяр болох эрийн гурван наадам нь эр хүний бяр тэнхээ, эрхий хурууны оньч мэргэ хийгээд хурдан хүлгийн шандсыг шалгадаг өвөрмөц цэнгээн гэсэн бий. Тэр цэнгэл нь Монголын төр, нийгмийн бүх шатанд өөрчлөгдөж шинэчлэгдэж байсан ч бүх ард түмний наадам гэсэн чанараа алдаагүй явж ирсэн байдаг. МЭӨ үеийн эхэнд байлдааны сургууль хэлбэрээр анх үүссэн наадам хожмоо уул овоо тахилгын, халх долоон хошуу даншиг өргөх, арван засгийн наадам гэж нэрлэгдэж байгаад ардын хувьсгалын жилүүдэд улам боловсронгуй болж төрийн үндэсний их баяр жинхэнэ ард түмний цэнгэлийн дээд гэгдэх болсон билээ.
Монгол хүн жилийн жилд наадмаа үзээд ах дүүс, элгэн саднаараа хөгжин баясаж тэгснээр асар их эрч хүч, энерги авдаг төдийгүй монголоороо бахархах үзэл нь улам огшдог юм. Амьд явбал улсын наадам үзнэ хэмээн билгэшээсэн хэллэг ч бий. Бас нэг наадмын сонин сайхныг дараа жилийн наадам хүртэл ярьж дурсдаг аа. Гэтэл дэлхийг донсолгосон COVID-19 цар тахал өвчний шалтаг дор баяр наадам зохион байгуулах үндэсний хорооноос үзэгчгүй наадам хийнэ гэж омойтсон нь өргөн түмний цэнгэл наадам гэсэн агуулгыг алдагдуулж байна гэж бодном.
Басхүү дэнж хотойлгон наадах дэлхийд ганцхан наадам хэмээн өргөмжлөн хэлдэг. Дэлхий ч тэгж хардаг гэж болноо. Монгол наадам нь спортын аль нэгэн уралдаан тэмцээн биш ээ. Үзэгчгүйгээр болчихдог сүмо ч биш, хоёрхон хүн халз тулалддаг мэргэжлийн бокс юм уу, гардан тулаан бүр биш ердөө хоёр багийн халз тоглолт ч биш шүү дээ.
Гэтэл үзэгчгүй баяр наадам хийнэ гэсэн тэнэг шийдвэр яагаад гаргадаг юм бэ? гэсэн асуултад Засгийн газрын шадар сайдын тэргүүлдэг баяр наадам зохион байгуулах хорооныхон ер нь ямар хариу өгөх бол гэвэл мэдээж коронавирус өвчний улмаас сар шинийг хориглочихсон, одоо улсын баяр наадмыг цуцалж болохгүй. Тиймээс өнөө үе мэдээллийн эринд ингэж зохион байгуулахаас өөр арга алга гэх байх л даа. Ядсан хариулт энэ л дээ. Өмнө нь сар шинийг хориглосныг ард олон зөв зүйтэй гэж хүлээж авсан. Төр, засгийн бодлогыг хүндэтгэн үзэж айл бүхэн гэр гэртээ л золгож шинэлсэн. Болж байсаан. Тэгвэл улсын баяр наадам гэдэг үүнтэй огт адилгүй. Морь уралдана, бөх барилдана. Сур, шагайн харваа болно. Ийм байтал гэр гэртээ телевизээ ширтээд наадамлана гэж байж таарах уу. Яав ч бишээ. Бод л доо. Бөхийн өргөөний хаалгыг таг хааж байгаад хэдэн бөх барилдуулж телевизээр үзүүлж болох л доо. Харин хэдэн зуун харваач оролцдог сур, шагайн харвааг яах гээв. Хэдэн мянган хүлэг морьдоо сойсон олон арван уяачид, унаач хүүхдийг бас тоолж үзсэн юмсан уу. Үгүй л бололтой. Нэгэнт тахал өвчний улмаас гэж байгаа юм бол хоёрын хооронд хэрэгжихгүй шийдвэр гаргадаг нь яаж байгаа хэрэг вэ. Шадар сайд Ө.Энхтүвшин чинь өөрөө улсын онцгой комиссыг даргалдаг. Энэ нь гурван сая хүн ардаа аюулт өвчнөөс ангид байлгах үүрэгтэй гол хүн нь шүү дээ. Гэтэл коронавирус дэгдэх эрсдэл хэвээр байгаа, сар гаруйн дараа гэхэд байдал үргэлжлэх төлөв байсаар байхад ийм болчимгүй тэнэг шийдвэр гаргуулж суугааг буруутгахаас өөр арга алга.
Хамгийн гол нь тэд УИХ-ын сонгууль хийх атгаг санаагаа хамгаалах гэж л иймийг бодсон байх. Саяын шийдвэрийн дараа олон түмний санал сэтгэгдлийг тандвал төр, засаг жил жилийн баяр наадмыг тэрбум тэрбум төгрөгийн зардлаар хийдэг гэдэг. Тэрнийгээ төлөвлөсөндөө төлөвлөнө. Эцэс нь өөрсдөдөө юм унагаж авдагаа л бодсон хэрэг гэсэн үгс цахим сүлжээгээр дүүрэн байна. Үнэний л хувьтай болов уу.
Наадмын төсвийг наадмын нээлт, салбар хороодод гээд цацчихдаг. Бай шагнал хэрхэн олгогдсон нь ил тод биш байдаг. Ялангуяа морины бай шагнал авна гэдэг хэцүү даваа гэж уяачид хэлдэг. Айраг түрүү биш бол 10-аас хойш орсон морьдын эзэд төвгөөс нь болоод байгаа авалгүй орхидог гэдэг. Морины комиссынхон хөөрхөн юм цохьчихдог гэсэн үг.
Ер нь дээдчүүл сонгууль хийнэ гэх мөртөө наадам хориглолоо гэж ард түмэн эсэргүүцэх байх гэж санасан биз. Энэ нь ард түмэн гэдэг цагаан цаас гэсэн бодлоосоо салж чадаагүйнх. Тэгвэл өнөөгийнхөн өөр болсон шүү дээ. Юмны наад цаадахыг утгаар нь мэднэ. Ухаарч чадна. Иймээс энэ жилийн баяр наадмыг цуцалж байна. Зардлыг нь энэ удаа хэмнэе. Хойтнон Ардын хувьсгалын 100 жилийн ойгоо ёстой нэг өргөн дэлгэр сайхан тэмдэглэе гэхэд өвчний аюул нүүрлэсэн энэ цагт “Үгүй ээ заавал наадамлана” гэж мугуйдлах хүн гарахгүй л болов уу. Энэ жилдээ хойшлогдоод байгаа олимпийн наадамтай манай үндэсний баяр наадмыг утга агуулгаар нь дүйцүүлж үзэхэд буруудахгүй л дээ. Улсын баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулна гэж байна. Цаана нь аймаг сумын баяр наадмыг яах юм бэ? Бас л үзэгчгүй хийнэ гэх юм уу. Битгий хий гэх үү. Асуудал олон гарна. Цэнхэр дэлгэцийн наадам гэж юу байдаг юм бэ? Больж үз!
Д.Цэрэннадмид
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин