Ж.Аюуш: Найман улирал дараалан санхүүгийн тайлангаа гаргаагүй хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасахаар болсон

2020 оны 5 сарын 25

Arslan.mn

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын дарга Ж.Аюуштай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Юуны өмнө Улсын бүртгэлийн багц хууль батлагдаж, хэрэгжиж эхэлснээс хойш жил гаруй хугацаа өнгөрчээ. Түүнээс хойш ямар шинэлэг ажлууд хийгдэв. Тухайлбал, бүртгэлтэй холбоотой ажлуудыг иргэдэд хэр хүртээмжтэй болгож чадсан бэ?

- Улсын бүртгэлийн багц хууль нь 2018 оны зургаадугаар сарын 21-ний өдөр батлагдаж, мөн оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн.

Үүнтэй уялдан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар иргэд хуулийн этгээд рүү чиглэсэн нэлээд ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлж байгаа.

Тухайлбал, өмнө нь бид хуулийн этгээдийн улсын бүртгэлийг зөвхөн цаасан баримтад тулгуурлан архивт хадгалдаг байсан. Харин одоо бүртгэлийн цахимжуулж, цаасан болон цахим архив зэрэг үүсгэн бүртгэж буй.

Ингэж цахимжуулснаар харьяалал харгалзахгүйгээр үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн нь иргэдийн цаг завыг хэмнэдэг болсон.

Тодруулбал, иргэд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг Дүнжингарав, Мишээл экспо, Драгон, Оргил төвүүд болон Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс, гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан нэг цэгийн үйлчилгээний төв зэрэг газрын алинаас ч авах боломжтой болсон юм.

Түүнээс гадна өмнөх хуулийн зохицуулалтаар хуулийн этгээдийн бүртгэлийн талаар нээлттэй мэдээлэл байдаггүй байлаа.

Харин шинэ хуулиар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн талаарх 16 төрлийн мэдээлэл нийтэд нээлттэй болгосон.

Бид www.opendata.burtgel.gov.mn сайтад мэдээллүүдийг байршуулж, хуулийн этгээдэд холбогдох мэдээллийг хүргээд байна.

Ингэснээр хэн ямар хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал болох болоод ямар чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг болоод хаана хаягтай гэдгийг нээлттэй мэдэх боломжтой болсон нь маш том давуу тал.

Мөн иргэд зориулсан бас нэг үйлчилгээ нь, хуулийн этгээдийн нэрийн баталгаажилтыг онлайнаар захиалуулж эхэлсэн.

Өөрөөр хэлбэл, өмнө нь зөвхөн бүртгэлийн цэг дээр урт дараалал үүсгэж цагаа үрэлгүй, www.les.burtgel.gov.mn сайтаар дамжуулан өгсөн нэрээ баталгаажуулаад ажлын найман цаг дотор хариугаа хүлээн авч байгаа.

Одоогийн байдлаар 37,500 гаруй хуулийн этгээдээс оноосон нэрийн захиалга ирснийг тухай бүрт нь шийдвэрлэсэн байна.

Иргэд төрийн үйлчилгээг авахдаа улсын тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлсийг төлөхөд хүндрэл учирдаг байсныг шийдвэрлэн хуулийн этгээдийн бүртгэлийн найман төрлийн улсын тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлсийг цахимаар буюу "E-barimt" аппликэйшн болон төлбөрийн машин "Гэрэгэ киоск" төлөх боломжтой болгосон.

Гэх мэтчилэн цахим байдлаар нэлээд ажил хийсэн. 

Цаашид ч улсын бүртгэлийн үйлчилгээг цахимаар авах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр зорьж байна.

-Улсын бүртгэлд бүртгэлтэй хэчнээн хуулийн этгээд бүртгэлтэй байдаг вэ. Түүнээс үйл ажиллагаа нь идэвхгүй байдаг компаниудыг бүртгэлээс хасах тухай шинэ хуульд тусгагдсан байсан. Энэ хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

-Хуулийн этгээдтэй холбоотой улсын бүртгэлд тулгамдаж буй нэг асуудал нь яах аргагүй идэвхгүй үйл ажиллагаа явуулж буй байгууллага, компаниуд.

Тодруулбал, иргэд нийлээд нөхөрлөл, компани болон төрийн бус байгууллага байгуулж, бүртгүүлчихээд ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй.

Нэгэнт үйл ажиллагаа явуулдаггүй байж тэр компаниа албан ёсоор татан буулгадаггүй нь бүртгэлийн мэдээлэлд ачаалал үүсгэдэг.

Уг асуудлыг шинэ хуулиар цэгцлэхийн тулд, найман улирал дараалан санхүүгийн тайлангаа гаргаагүй хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасахаар болсон.

Энэ нь хуулийн дагуу ирэх арваннэгдүгээр сараас хэрэгжих эхэлнэ.

Ингэснээр зөвхөн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг компаниуд л улсын бүртгэлд албан ёсоор бүртгэлтэй байж, эмх цэгцтэй болох сайн талтай.

Улсын бүртгэлийн мэдээллийн санд нийт 190 мянга гаруй хуулийн этгээд бүртгэлтэй байдаг.

-Ер нь улсын бүртгэлд бүртгэлтэй хэчнээн компани, төрийн байгууллагын үйл ажиллагаа идэвхгүй байгаа бол. Урьдчилсан тооцоолол бий юу?

-Бид зургаадугаар сараас судалгаагаа боловсруулж эхлэх юм. Одоогоор бид төрийн бус байгууллагын судалгааг гаргаж байна.

Тухайлбал, манайд нийт 22 мянган төрийн бус байгууллага бүртгэлтэй байдаг. Үүнээс өнөөдрийн байдлаар 8,000 орчим нь л санхүүгийн тайлангаа өгчээ.

Гэхдээ бид бүрэн тайлангаа авч эхлээгүй учраас дээрх тоо эцсийнх биш.

Өөрөөр хэлбэл, бид ирэх сараас судалгаагаа нэгтгэж, арваннэгдүгээр сард бэлэн болгоод үйл ажиллагаа нь идэвхгүй гэж үзсэн компанийг улсын бүртгэлээс хасна гэсэн үг.

-Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд “2020 он гарахаас өмнө хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн этгээд нь өмчлөгчийн мэдээллээ бүртгүүлэх” тухай заасан байна. Энэ тал дээр аж ахуйн нэгжүүдэд анхааруулж хэлэх зүйл бий юу?

- 2020 оноос өмнө байгуулагдсан 190 мянга гаруй хуулийн этгээд нь 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө эцсийн өмчлөгчөө улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой тухай тус журамд тусгагдсан.

Өмнө нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчийг л бүртгэдэг байсан бол одоо хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч, анхны үүсгэн байгуулагч, удирдах зөвлөл, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гэх мэтээр дэлгэрэнгүй бүртгэдэг болсон.

Харин хуулийн этгээдүүд эцсийн өмчлөгчөө бүртгүүлэхдээ УБЕГ-ын даргын тушаалаар батлагдсан маягтыг үнэн, зөв бөглөх хэрэгтэй.

Түүнийг нь бид улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулах юм.

-Хуулийн хугацаа дуусахад зургаан сар гаруйн л хугацаа үлдэж. Одоогоор хэчнээн нь эцсийн өмчлөгчөө бүртгүүлээд байна вэ?

-Одоогоор нийт хуулийн этгээдүүдийн 20 орчим хувь нь эцсийн өмчлөгчөө бүртгүүлсэн.

Хуулийн хугацаа явсаар байгаа учир яаралтай хуулийн этгээдүүд эцсийн өмчлөгчөө мэдүүлэх хэрэгтэй байна.

-Хэрэв 2021 оноос өмнө эцсийн өмчлөгчийн мэдээллээ бүртгүүлэхгүй, эсвэл худал мэдүүлбэл ямар хариуцлага тооцох вэ?

- Мэдээж хуулийн этгээдүүд 2021 оноос өмнө эцсийн өмчлөгчөө мэдүүлэхгүй байх нь өөрөө хууль хэрэгжүүлээгүй үйлдэл болно.

Тиймээс хэрвээ бүртгүүлэлгүй хуулийн хугацаа өнгөрөөвөл Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.

Мөн Улсын бүртгэлийн хуулийн 14 дүгээр зүйлд мэдүүлгээ гаргаж буй иргэд үнэн зөв мэдүүлэх эрхтэйг сануулсан байдаг учир хуурамчаар мэдүүлбэл Зөрчлийн тухай хуулиас гадна Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэхээр заасан.

Иймд хуулийн этгээдүүд маш анхааралтай хандаж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой.

-Эцсийн өмчлөгч гэж яг хэнийг хэлэх вэ. Та дэлгэрэнгүй хэлж өгөхгүй юу?

- Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх тухай хуулийн 3.1.6-т зааснаар эцсийн өмчлөгч гэдэг нь хуулийн этгээдийн тухайд компанийн дийлэнх хувийг хамтарч эзэмшиж буй этгээдийг эсвэл удирдан зохион байгуулж буй этгээд, нэг бол хувьцаа эзэмшилгүй ч ашиг орлогоос хүртэж буй хүнийг хэлнэ гэж тодорхойлсон.

Татварын ерөнхий хууль шинэчлэгдэн батлагдсантай холбоотойгоор Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд дагаад нэмэлт өөрчлөлт орсон юм.

Өмнөх хуулиар хуулийн этгээдийн мэдээлэл гэдэг нь хувьцаа эзэмшигч, захирал, ТУЗ зэрэг байсан бол одоо нэмэлтээр эцсийн өмчлөгчийг хуулийн этгээдийн мэдээлэлд бүртгэх шаардлагатай болсон.

Гэхдээ эцсийн өмчлөгч нь одоохондоо нээлттэй мэдээлэлд хамаараагүй.

-Эцсийн өмчлөгчийн мэдээллийг бүртгэх нь зөв ч олон нийтэд нээлттэй биш байх нь учир дутагдалтай санагдаж байна. Энэ мэдээллийг нээлттэй болгох боломж хэр байгаа бол?

-Бид хуулийн этгээдүүдийн мэдээллийг үе шаттайгаар нийтэд нээлттэй болгож буй. Шинэ хуулийн дагуу 16 төрлийн мэдээллийг нь нээлттэй болгосон.

Цаашид хууль, журамд өөрчлөлт оруулж, эцсийн өмчлөгчийн мэдээллийг нийтэд нээлттэй болгох боломжийг судалж байна.

Ер нь эцсийн өмчлөгчийн мэдээллийг нээлттэй болгох тухай саналууд манайд их ирдэг. Олон улсын түвшинд ч нээлттэй байлгах шаардлага тавигддаг. Хамгийн гол нь хуульд нийцүүлэх шаардлагатай.

-Саарал жагсаалттай холбоотой Санхүүгийн зохицуулах хороо үл хөдлөх хөрөнгө, үнэт металлын худалдаа эрхлэгчдийг бүртгэж байгаа. Энэ ажил дээр ямар түвшинд яваа вэ?

-Санхүүгийн зохицуулах хорооноос өнгөрсөн гуравдугаар сард “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх олголт, бүртгэлийн журам”, “Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олголт, бүртгэлийн журам”-ыг тус тус баталсан.

Харин өмнө нь тусгай зөвшөөрөл олгодоггүй байх үед энэ чиглэлийн компани байгуулаад бүртгүүлсэн хуулийн этгээд нэлээд олон бий.

Тэд дахин Санхүүгийн зохицуулах хороон дээр тусгай зөвшөөрлөө дахин баталгаажуулахгүй бол улсын бүртгэлээс шууд хасах зохицуулалттай.

Улсын бүртгэлийн мэдээллийн санд энэ чиглэлээр бүртгэлтэй 4,000 гаруй хуулийн этгээд бий.

Тэд эхнээсээ тусгай зөвшөөрлөө аваад хуулийн дагуу дахин бүртгүүлээд явж байгаа.

-Ер нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг өдөрт хэчнээн хүн авдаг вэ. Бүртгэлтэй холбоотой ямар зөрчил түгээмэл гардаг бол?

-Өдөрт дунджаар 200 орчим хүн хуулийн этгээдийн бүртгэлийн үйлчилгээ авч байна.

Тэдгээрээс нэлээдгүй нь торгуулийн арга хэмжээ авагдах асуудалд хүрдэг.

Учир нь тухайн компани хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлт буюу компанийн хаяг, үйл ажиллагаа, хөрөнгө өөрчлөх, хувьцаа шилжүүлэх зэрэг өөрчлөлтөө улсын бүртгэлд бүртгүүлэхдээ тухайн өөрчлөлтийг тусгасан шийдвэр, тогтоол гарснаас хойш холбогдох баримт бичгийн хамт ажлын 15 өдрийн дотор улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх ёстой байдаг.

Гэтэл тэд 15 хоногоос илүү хугацаа хэтрүүлснээр Зөрчлийн тухай хуулийн дагуу 500 мянган төгрөгөөр торгуулах асуудал үүсэж байна.

Энэ тал дээр компаниуд анхаарлаа хандуулах шаардлагатай бий.

Мөн компаниуд тамга тэмдгээ хаяж, гээгдүүлсэн тохиолдолд мөн доод тал нь 500 мянган төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай.

Тиймээс тамга тэмдгээ хаяж гээлгүй, хянамгай байх хэрэгтэйг сануулмаар байна.

-Түүнээс гадна хуулийн этгээдийн нэрээ иргэд аваад хүчингүй болох тохиолдол өмнө нь цөөнгүй гардаг байсан байх. Харин шинэ хуулиар энэ хугацаа уртассан. Энэ тал дээр мэдээлэл өгөхгүй юу?

-Өмнөх хуулиар иргэд хуулийн этгээдийн нэр баталгаажуулснаас хойш 10 хоногийн дотор улсын бүртгэлийн байгууллагад хандан хуулийн этгээд байгуулах шаардлагатай байсан бөгөөд тус хугацаанд бүртгүүлж амжаагүй тохиолдолд баталгаажуулсан нэр нь хүчингүй болдог байснаас иргэдэд ихээхэн чирэгдэл үүсдэг байсан.

Дээрх асуудлыг 2018 оны хуулиар хугацааг нь 30 хоног болгон уртасгаж өгсөн бөгөөд шаардлагатай тохиолдолд 60 хүртэл хоногоор сунгаж болохоор өөрчилсөн.

Энэ нь иргэн, хуулийн этгээдүүд 90 хоногт багтаан баримт бичгээ бүрдүүлэх боломжтой болсон ач холбогдолтой болсон гэсэн үг юм.

Гадаадын хөрөнгө оруулагч нар зориулсан бүртгэлийн хугацааг богиносгосон.

Энэ нь шинээр гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулахад өмнөх хуулиар ажлын 10 хоногт бүртгэдэг байсныг хоёр дахин багасгаж, ажлын тав хоногт дотор бүртгэхээр болсон юм.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: ikon.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617327
0 эможи
keyboard_arrow_up