СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон нутгийн замд машин онхолдож, найман сартай хүүхэд энджээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас долоон хүн гэмтсэн бол нийслэлд нэг, орон нутагт гурван хүн амиа алджээ.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
- 2020.05.23-ны 06:00 цагийн орчим Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт асфальтан замд Toyota Crown маркийн автомашин онхолдож, жолооч 34 настай, эрэгтэй Х-ын амь нас хохирсон байна.
- 2020.05.23-ны 20:50 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 17-р хороо, Чингэлтэйн замд Toyota Prius маркийн Н жолоочтой автомашин нь явган зорчигч 43 настай, эрэгтэй Г-г мөргөж, Hyundai Porter маркийн автомашин араас мөргөсөн байна. Явган зорчигч Г нь ГССҮТ-д хүргэгдээд нас баржээ.
- 2020.05.24-ний 16:50 цагийн орчимд Говь-Алтай аймаг, Баян-Уул сумын нутаг дэвсгэрт Haojue маркийн улсын дугааргүй мотоцикл, Toyota Ist маркийн автомашинтай мөргөлдөж, мотоциклын жолооч 20 настай, эрэгтэй Г-гийн амь нас хохирчээ.
- 2020.05.24-ний 16:50 цагийн орчимд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 3-р багийн нутаг дэвсгэрт шороон замд Toyota Spacio маркийн Э жолоочтой автомашин замын хажуу уруу онхолдож, зорчигч 8 сартай, эрэгтэй Э-гийн амь насыг хохироосон хэргүүдийг тус тус шалгаж байна.
Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 11,2 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 9,9 хувиар, ослын улмаас нас барсан хүн 25 хувиар өсжээ.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан, автомашиныхаа “ОЙРЫН ГЭРЛЭЭ” асааж Covid-19 халдвараас сэргийлэх уриалгад нэгдэж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
Эх сурвалж: ТЦА
|