Д.БУЯНХИШИГ: “Цагдаа танд баярлалаа” гэдэг үгийг сонсох нь ажлаа илүү сайн хийх ТОМ УРАМ өгдөг
Бид өнөөдөр ажил үүргээ чимээгүйхэн, хамгийн сайнаараа хийж гүйцэтгэж байгаа мянга мянган залуусын төлөөллөөс ярилцлага авч цувралаар хүргэж байгаа. Тэгвэл энэ удаа Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн VIII хорооны хороо хариуцсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Буянхишигтэй ярилцлаа.
-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө манай Arslan.mn сайтыг уншиж байгаа уншигчдад өөрийгөө танилцуулаач. Цагдаагийн байгууллагад хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?
- Сайн байна уу. Та бүхэнд мөн энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Д.Буянхишиг гэдэг. Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн VIII хорооны хороо хариуцсан цагдаагийн албыг хашдаг. Миний хувьд цагдаагийн байгууллагад эхний жилдээ ажиллаж байна. Өмнө нь зэвсэгт хүчний салбарт ажиллаж байгаад 2020 оны нэгдүгээр сараас эхлэн цагдаагийн байгууллагад алба хааж байна даа.
- Зэвсэгт хүчин ажилладаг байсан хүн цагдаагийн байгууллага руу татагдах болсон шалтгаан юу байв.
- Зэвсэгт хүчний байгууллагад ажиллаж байсан хүн цагдаагийн байгууллага руу татагдах болсон хамгийн том шалтгаан нь "ард иргэдтэй ажиллах хүсэл" гэж хэлж болно. Миний хувьд их нээлттэй, олонтойгоо ажиллахыг хүсдэг. Одоо харин хороо хариуцсан цагдаа болоод энэ хүсэл маань биелж олон аавын хөвгүүдтэй, ард иргэдийнхээ дунд сайхан л ажиллаж байна. Манай гэр бүлийн хүн бас цагдаагийн алба хаагч. Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст газрын бичээч, дэд ахлагч цолтой н.Чанцал гэж хүн бий.
- Тэгвэл бас таны хань таныг уруу татсан байх магадлалтай л юм байна.
- Бага зэрэг нөлөөлсөн байх. Миний хувьд хүүхэд байхаасаа л цэрэг, цагдаагийн хүн болно гэж мөрөөддөг байсан. Эрэгтэй хүүхдүүд ер нь л тийм мөрөөдөлтэй байдаг шүү дээ. Харин тэр мөрөөдлөө бодит болгосон нь хэд билээ, тийм ээ. Миний хувьд хар багынхаа мөрөөдлийг л биелүүлж яваа.
Ажилдаа гарамгай, шаламгай, эрэмгий байхыг хичээдэг жирийн л нэг алба хаагч.
Иргэдийн “Цагдаа танд баярлалаа” гэдэг үгийг сонсох нь ажлаа илүү сайн хийх том урам болдог.
- Цагдаагийн алба хаагчийн ар гэрийг авч яваа хүн гэдэг бас л амаргүй давааг давдаг, тэсвэр тэвчээртэй хүмүүс байдаг гэж олонтоо сонсож байсан. Гэтэл та хоёр маань хоёулаа цагдаагийн албанд зүтгэж байдаг. Ар гэрийг нь хэн хэрхэн зохицуулж байна даа.
- Тэр үнэн. Өнөөдөр миний хань цагдаагийн байгууллагад ажилладаггүй байсан бол намайг ойлгохгүй, ажлыг маань дэмжихгүй байсан байх. Цагдаагийн ар гэрийнхэнийг би хувьдаа бүгдийг нь хүндэтгэж явдаг. Бид хоёр бага насны нэг хүүхэдтэй. Өнөөдөр бол өвөө эмээгийн хүүхэд болчихоод л гүйж байгаа. Хүүхдэдээ зарцуулах цаг бага байдаг ч амралтын өдрийг харин аль болох гэр бүлээрээ хүүхэдтэйгээ өнгөрүүлэхийг хичээдэг. Хүүхэд маань жаахан байж л одооноос цагдаа болно гээд гүйж байгаа хүүхэд.
- Цагдаагийн алба хаагчид ер нь хэрхэн ажиллах ёстой гэж боддог вэ? Дандаа л иргэдтэй харьцаж байгаа хүмүүс шүү дээ та бүхэн.
- Бидний хувьд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхээс гадна ард иргэддээ туслах, тэднийг аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэдэг. Иргэдийн хувьд бидэнд хандахдаа өөрт тохиолдсон зүйлээ өөрийнхөө өнцгөөр ярьдаг л даа. Тиймээс тухайн асуудал, болсон явдлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх гэж хичээдэг. Хорооны цагдаагийн ажлыг хийгээд багахан хугацаа өнгөрсөн байна. Давуу талууд ихтэй ч зарим нэгэн асуудалтай тулгарч байдаг.
Тухайн хорооны нутаг дэвсгэрийн бүхий л төрлийн мэдээллийг цуглуулж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тал дээр хорооны иргэдтэйгээ нүүр тулж хамтран ажиллаж байна.
- Танай хороонд хичнээн иргэд ажиллаж амьдарч байна.
- Манай хороонд 17 мянган хүн бүртгэлтэй ч түр оршин суугчидтайгаа нийлээд 22 мянга гаруй иргэн амьдардаг. Тэгэхээр хэсгийн байцаагч, хорооны цагдаа хоёр энэ олон мянган хүнд хүрч ажиллах нь жаахан хэцүү байдаг. Байшин хорооллын системд шилжиж байгаа учраас хүн амын төвлөрөл ихтэй болсон. Баянзүрх дүүргийн хувьд хүн ам ихтэй, газар нутаг ч томтой дүүрэг шүү дээ. Тэгэхээр хүн хүчний асуудал нэгдүгээрт тавигддаг. Манай хороо нь гэр хороолол, байшин хороолол холилдсон. Дахин төлөвлөлтөөр газар чөлөөлөлтөд орж, орон сууцнууд ихээр баригдаж байгаа. Тиймээс манай хороог чиглэсэн хүмүүсийн хөдөлгөөн нэмэгдэж байнаа гэсэн үг. Зүүн зүгийн орон нутгууд руу явдаг авто вокзалтай учир дамжин өнгөрөх хөдөлгөөн ихтэй. Офицерын тойргоос ботаникын эцэс, Эрдэнэтолгойн газар нутгийг эзэлдэг.
- Тэгэхээр бас нилээдгүй том газар нутгийг хамардаг хороо байна шүү дээ. Ер нь үйлдэгдэж байгаа гэмт хэргээс ямар төрлийн хэрэг давамгайлж байна вэ?
- Хөл хориотой холбоотойгоор 22 цагаас хойш найман нэрийн хүнсний дэлгүүрүүдийг хааж байгаа. Ингэснээр ахуйн хүрээний архидалт багасах хандлагатай байна. Үүнийг дагаад архи гар дээрээс зөвшөөрөлгүйгээр худалдаалах хэрэг гарч байгаа. Тиймээс цагдаагийн алба хаагчид архи байнга хэрэглэдэг хүмүүсийн судалгааг гаргаж, эмзэг цэгүүдийг бүртгэн байнгын хяналт шалгалт хийж ажиллаж байна.
Манай хорооны хувьд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цагдаагийн байгууллагаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу хорооны засаг дарга, хэсгийн байцаагч нартайгаа хамтран ажиллаж байна.
- Ажлын өдөр нь хэрхэн эхэлж байна. Өдөрт хэдэн хэрэг бүртгэгдэж байна.
- Цагдаагийн алба хаагчийн ажлын цаг нь тогтворгүй шүү дээ. Өглөө бол цагтаа л эхэлдэг. Тухайн өдөртөө иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэх, зөрчил гаргасан этгээдийн асуудлыг шийдвэрлэхээр шүүх прокурор луу очно гээд ер нь явдал ихтэй л өнгөрдөг. Тэгэхдээ хохирсон иргэдийн өргөдөл гомдлыг хуулийн хүрээнд шийдвэрлээд өгөхөд тухайн хүний баярлалаа гэх үг ажлын минь үр дүн юм даа.
- Бидэнд зав гаргаж ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.
-Баярлалаа.