Б.Ундармаа: Энэ оны эхний дөрвөн сард бүртгэгдсэн гэмт хэрэг 188 хэргээр буюу 41 хувиар буурсан
Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Ундармаа бүртгэгдсэн гэмт хэрэг болон урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тодруулга мэдээлэл өглөө.
Тэрбээр "Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст 2020 оны эхний 04 сард нийт 259 гэмт хэрэг бүртгэгдэж урд онтой харьцуулахад 188 хэргээр буюу -41,1 хувиар буурсан үзүүлэлтэй байна. Үүнээс гэмт хэрэгт холбогдсодын 48 нь согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг эзэлж байгаа.
Үүнтэй холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр ахуйн хүрээний архидан согтуурах, удаа дараа эрүүлжүүлэгдсэн, архинд донтох өвчтэй нь эмнэлэгийн байгууллагаар тогтоогдсон иргэдийг сайн дурын болон албадан эмчилгээнд хамруулахаар төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран 11 иргэнийг дүүргийн эрүүл мэнд төвд үзлэг шинжилгээнд хамруулан ажиллаж байна." гэв.
Мөн тэрбээр "Улсын онцгой комиссын 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 16 дугаар хуралдаанаар Сүүлийн үед иргэд олон нийтийн дунд дэлхий нийтэд тархаад байгаа Ковид-19 халдварын болзошгүй аюулаас сэргийлэх хандлага суларч байгаатай холбогдуулан “Маскаа зүүцгээе” аяныг 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн 05 дугаар сарын 31-ний хооронд зохион байгуулах удирдамжийн дагуу арга хэмжээнүүдийг зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал, алба хаагчдын аюулгүй байдлыг ханган үүрэг гүйцэтгэх явцад тогтмол маск зүүж хэвших талаар зааварчилга өгч, өдөр бүр хяналт шалгалтыг зохион байгуулан мэргэжил арга зүйгээр ханган, иргэдэд авто эргүүлийн 3 автомашины урд хэсэгт аяныг сурталчилсан зурагт хуудас байршуулан, Дэлхий нийтэд тархаж байгаа шинэ коронавирус халдварт /КОВИД-19/ өвчинтэй тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх, тогтмол, амны хаалт маскаа зүүж хэвших талаар чанга яригчаар сэрэмжлүүлэг, зөвлөмж мэдээг өдөр бүр иргэд олон нийтэд сурталчилан ажиллаж байна.
Мөн шинэ коронавирус халдварт өвчинтэй тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хариуцсан 13 хороодын 66 хэсгийн ахлагч нарыг хамруулан хороо тус бүр дээр сургалт зохион байгуулан мэргэжил арга зүйгээр хангаж, иргэдэд халдвараас урьдчилан сэргийлэх, тогтмол, амны хаалт маскаа зүүж хэвших талаар сэрэмжлүүлэг, зөвлөмж мэдээг хүргэн ажиллаж байна" гэсэн юм.