“Covid-19”-тэй холбоотой залилангийн талаар Интерпол анхааруулж байна
“Covid-19” халдварын харанга дэлдсэн цаг үеийг далимдуулан хууль бус аргаар ашиг хонжоо хайгч хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа идэвхжих, залилангийн гэмт хэрэг үйлдэх тохиолдол гарах болжээ.
Тэдний гол арга, хэлбэр нь амны хаалт, гар ариутгалын бодис, хамгаалах хувцас, хэрэгсэл зэрэг бараа бүтээгдэхүүн нийлүүлнэ гэсэн худал мэдээллийг илгээдэг байна.
Тухайлбал, энэ гэмт хэрэг нь хүн, хуулийн этгээдийн харилцаанаас гадна улс дамнасан шинжтэй болоод байгаа бөгөөд эмнэлгийн байгууллагад халдвараас хамгаалах хувцас, хэрэгсэл нийлүүлэгч үйлдвэрийн нэр, албан бичгийг хуурамчаар үйлдэж, цахим сүлжээгээр бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулан төлбөр авсан тохиолдол Интерпол /INTERPOL/-д бүртгэгджээ.
Энэ талаар Интерполоос дараах анхааруулгыг өгч байна.
Цар тахлын халдварын эрсдэлтэй энэ үед гэмт хэрэгтнүүд залилангийн гэмт хэрэг үйлдэхдээ уг нөхцөл байдлыг ашиглах тохиолдол нэмэгдэж буй тул эмнэлгийн байгууллагын хэрэгсэл худалдан авахдаа анхааралтай байх шаардлагатайг анхааруулж байна. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор гэмт хэрэгтнүүд эмнэлгийн хэрэгсэл зарах интернэт дэлгүүрүүдийг байгуулж эхэлсэн ба иргэд бараа бүтээгдэхүүн худалдан авахаар мөнгө шилжүүлж, хохирох болжээ. Энэ нь цахим залилангийн гэмт хэргийн нэг төрөл болсон талаар Интерполын гишүүн орнууд мэдэгдэж байна.
“Covid-19” залилангийн схем:
Цар тахалтай холбоотой залилангийн гэмт хэргийн шинж тэмдгүүд:
Гар утсаар залилан хийх: Гэмт хэрэгтнүүд эмнэлгийн байгууллагын ажилтны дүрээр хэн нэг хүний (өвчтөний нэрийг ашиглаж болно) ар гэр, хамаатан садантай утсаар ярьж, эмнэлгийн хэрэгслийн болон эмчилгээний төлбөр нэхэмжлэх;
Фишинг: Гэмт хэрэгтнүүд иргэдийн хувийн мэдээллийг авах зорилгоор тэдний сонирхлыг татах томоохон компаниудын нэрийг ашиглан бүртгэлийн хуудас бөглүүлж, улмаар уг мэдээллийг (хувийн болон төлбөр тооцооны мэдээлэл г.м) ашиглаж, тэдний данснаас мөнгө гаргаж авдаг. Цар тахлын үед эрүүл мэндийн байгууллагын нэрийг ашиглан иргэдийг хуурч, бүртгэл хийх халхавчаар хувийн мэдээллийг нь авах хандлага гарах болжээ. Иймд эмнэлгийн хэрэгсэл худалдан авч буй иргэн, аж ахуйн нэгж нь тухайн бараа бүтээгдэхүүн нийлүүлэгчийн талаар нарийвчлан судалсан байх шаардлагатай.
Цахим залилангийн гэмт хэргийг таслан зогсоох, төлбөрийг буцаах:
Цар тахалтай холбоотой цахим залилангийн гэмт хэргийн хүрээнд их хэмжээний мөнгө эргэлдэж байгаа бөгөөд энэ нь улс дамнасан гэмт хэргийн шинжтэй болсон. INTERPOL-ын Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын гишүүн орнуудаас цахим гэмт хэргийн талаар болон улс дамнасан гүйлгээг зогсоох тухай мэдээлэл тогтмол илгээж байгаа бөгөөд гэмт хэргийн хохирогчдын ихэнх нь Азийн орнуудад байгаа бол гэмт хэрэгтнүүд төлбөр хүлээн авахдаа Европын улсуудын банкны дансыг ашигладаг аж. Ингэхдээ гэмт хэрэгтнүүд тухайн банкнаас мөнгөө шууд авдаггүй бөгөөд тус улсын бусад банк болон өөр улс руу дамжсан гүйлгээ хийж мөнгөө авдаг байна.
INTERPOL-оос энэ оны 3 дугаар сарын байдлаар цар тахалтай холбоотойгоор Ази-Европ тивийн хооронд хийгдсэн 30 орчим томоохон гэмт хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлсэн бөгөөд энэ хүрээнд 18 банкны дансыг царцааж, уг гэмт хэрэгтэй холбоотой байж болзошгүй 730,000 гаруй ам.долларын гүйлгээг зогсоожээ.
Мөн INTERPOL-оос цар тахалтай холбоотой гэмт хэргийн гаралтын талаар дэлхийн 194 улсын цагдаагийн байгууллагад урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг мэдээлэл өгчээ.
Анхааруулга: Хэрвээ та эмнэлгийн хэрэгсэл худалдан авах гэж буй бол залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд худалдагч талыг нарийвчлан судлах нь зүйтэй бөгөөд дараах шинж тэмдэг байгаа эсэхийг анхааралтай ажиглана уу.
Худалдан авалт хийхээс өмнө тухайн барааг санал болгож буй байгууллага, иргэний талаар судлах;
Хуурамч вэб сайтуудаас болгоомжлох. Гэмт хэрэгтнүүд ихэвчлэн эрүүл мэндийн байгууллага болон олон улсын томоохон байгууллагын албан ёсны хаягтай ижил нэртэй вэб сайт ашигладаг;
Худалдан авалт хийхээс өмнө тухайн компанийн сайтыг шалгаж, худалдан авсан бараа нь ирээгүй, эсвэл залилуулсан гэх мэт гомдол бий эсэхийг анхаарах;
Бараа худалдагч компанийн данс нь тус компанийн байрлаж буй улсаас өөр улсад байгаа эсэхийг анхаарч, ямар улсын компани, данс болохыг нягтлах (иргэний хувьд мөн адил);
Хэрэв та гэмт хэргийн хохирогч болсон бол гүйлгээгээ цуцлах талаар харилцагч банкиндаа хандаж хууль хяналтын байгууллагад мэдэгдэх;
Аливаа мэдээллийн талаарх холбоос, хавсралт хэсэг рүү орохгүй байхыг анхаарах /facebook, mail/
Эрүүл мэндийн албан ёсны байгууллагаас өөр байгууллага эмнэлгийн хэрэгсэл, бараа бүтээгдэхүүн санал болгох, эрүүл мэндийн үзлэгт хамруулах зэрэг үйлчилгээ үзүүлэх, цар тахлын нөхцөл байдлын талаар ирүүлсэн мэдээлэл зэрэгтэй холбогдохгүй байх.
Эх сурвалж: Тагнуулын ерөнхий газар
|