Д.ЭРДЭНЭЧИМЭГ: Жилд дунджаар 1200-1500 цагдаагийн алба хаагчид СЭТГЭЛЗҮЙН дэмжлэгийг тогтмол үзүүлдэг
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын чиглэлийн ахлах сэтгэл зүйч цагдаагийн дэд хурандаа Д.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.
Нийгмийг эмчлэгч нь сэтгэл зүйчид байдаг. Цагдаагийн алба хэзээнээс сэтгэл зүйчтэй болсон мөн албанд ажиллах болсон түүхээсээ манай уншигчдад хуваалцана уу?
-Цагдаагийн байгууллага нь анх 2001 онд эргүүл хамгаалалтын 801 дүгээр хорооны захирагч н.Нямсүрэн хурандаа анх алба хаагчид хүнд нөхцөлд ажил үүргээ тушаал, хуулийн дагуу гүйцэтгэдэг болохоор сэтгэл зүйн асуудал нилээдгүй тулгардаг тул сэтгэл зүйч зайлшгүй ажиллах шаардлагатай хэмээн үзэж, тухайн үеийн цагдаагийн удирдлагад санал тавьсан байдаг. Энэ үеэс цагдаагийн байгууллага сэтгэл зүйчтэй болсон түүхтэй. 2001-2006 онд цагдаагийн байгууллагад нэг сэтгэл зүйчтэй байсан бол 2008 оноос сэтгэл зүйчийн орон тоо нэмэгдэж, одоогоор төв орон нутагт 37 сэтгэл зүйч ажиллаж байна.
Бусад байгууллагын сэтгэл зүйчдээс ялгарах онцлог нь сэтгэл зүйн ажил үйлчилгээ үзүүлэхээс гадна цагдаагийн алба хаагчийн үндсэн үүргийг ч давхар хүлээсэн цагдаагийн алба хаагч гэж хэлж болох юм. Манай сэтгэл зүйчдийн үйл ажиллагаа алба хаагчдаа зориулсан нийгэм сэтгэл зүйн ажил үйлчилгээ үзүүлдэг. Өөрөөр хэлбэл байгууллагын сэтгэл зүйн албаны статустай ба дотооддоо чиглэгддэг.
Өнөөдрийн байдлаар нийт бие бүрэлдхүүн 10 мянга орчимд алба хаагчид 37 сэтгэл зүйч сэтгэлзүйн тусламж, үйлчилгээ үзүүлж байна.
Нэг талаараа хүний нөөцийн хувьд өргөжиж байгаа хэдий ч гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй асуудалд холбогдсон хүмүүстэй буюу байнгын гэж хэлж болохуйц сөрөг хандлагатай хүмүүстэй ажиллах цагдаагийн ажил мэргэжлийн онцлогтой холбоотой байгууллагын нэгж бүрт сэтгэл зүйчтэй болох шаардлага бидэнд бий. Мөн бид 2017 онд үйл ажиллагааны чиглэл иргэнрүү чиглэсэн үйл ажиллагааны орон тоо нэмэгдэж ажиллаж байгаа. Тухайлбал гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, гэрч хохирогчийн хамгаалах тухай хуулиуд батлагдсантай холбогдуулан гэрч хохирогч, гэр бүлийн хүчирхийлэлд өртөгч хохирогч нартай ажиллах сэтгэл зүйч ажиллуулж эхлэсэн. Цаашдаа ч цагдаагийн төрөл албаны чиглэл бүрт өргөжин ажиллах хэтийн төлөвтэй байна.
-Сэтгэл зүйч мэргэжлээр хэдэн онд, ямар сургууль төгссөн бэ?
-1999 онд Монголын анхны сэтгэл судлаач, доктор профессор асан Д.Санжжав үүсгэн байгуулсан Хан-Хөхий дээд сургуулийг бакалавраар төгсөж, МУБИС-д магистрын зэрэг горилсон. Одоогоор тус сургуулийн докторонтоор суралцаж байна. Энэ дашрамд хэлэхэд цагдаагийн сэтгэл зүйчид ур чадварын хувьд өсж хөгжих шаардлагын үүднээс жил бүр ур чадвар дээшлүүлэх богино хугацааны сургалтыг зохион байгуулж хэвшсэн байдаг. ОХУ-ын ДЯЯ-ний их сургуульд 8 сэтгэл зүйч бэлтгэсэн, мөн жил бүр ОХУ болон АНУ гээд эрдэмтэн судлаачдын сургалтуудад тогтмол хамрагдан мэргэжил дээшлүүлдэг байгаа.
Миний хувьд ЦЕГ-аас 2001 онд сэтгэл зүйчээр ажиллах санал тавьж ажлын гараагаа Эргүүл хамгаалалтын 801-р хорооноос эхлүүлж цагдаагийн байгууллагын анхны сэтгэл зүйчээр ажиллаад одоо 19 жил болж байна.
2001-2007 оны хооронд 801 дүгээр ангид ажиллаж байхад цагдаагийн алба хаагчдын дунд сэтгэл зүйн шалтгаант асуудал, сэтгэл гутралаас шалтгаалсан ноцтой асуудал гараагүй байдаг. Энэ нь цагдаагийн алба хаагч бол хүн, тиймдээ ч сэтгэлийн амьтан, урам дэм дэмжлэг нэн чухал гэдгийг харуулж байгаа юм. Цагдаагийн байгууллагын удирдлага үүнийг соргог харж чадсан учир бусад төрийн болон тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудаас сэтгэл зүйч ажиллуулсан анхдагч байгууллага болж чадсан. Бидний зүгээс уг ажлын байрны орон тоог цагдаагийн төрөл мэргэшил бүрт байршуулах, нэмэх шаардлагыг илэрхийлж байгаагаас цаашид бие даасан нэгж болж өргөжсөн гэж харж байна.
-Шинээр томилогдож байгаа алба хаагчдын сэтгэлзүй нь ямар байдаг. Тэдгээр алба хаагчдад ямар, ямар хүндрэл бэрхшээлүүд тулгардаг бэ?
-Хаана ямар газар гэмт хэрэг, байгалийн гамшиг, олныг хамарсан үймээн, өвчлөл гарна түүнд хамгийн түрүүнд цагдаагийн алба хаагчид дайчлагддаг. Шинээр томилогдож буй алба хаагчдын хувьд тухайн байгууллагад дасан зохицох чадвар хамгийн чухал. Цагдаагийн байгууллагад үйл ажиллагаа хэвийн нөхцөлд явагдах нь харьцангуй хомс байдаг. Ялангуяа шинээр албанд томилогдсон алба хаагчдын амьдралын шинэ орчин, хамт олон, хэрэг учралын холбогдогч, гэмт хэргийн хохирогч болсон туслалцаа ирсэн хүмүүстэй тулж харьцах нь сөрөг хандлага бүхий харьцааг илэрхийлдэг зэрэг сэтгэл зүйн уур амьсгал өөр өвөрмөц. Иймд яах аргагүй хүний сэтгэлзүйд эрс өөрчлөлт гардаг. Тэгэхээр шинээр орж буй алба хаагчдын хувьд яавал албандаа хурдан дасан зохицох вэ? гэсэн асуудал чухлаар тавигдана. Бид ч үүн дээр нь зөвлөгөө мэдээллийг өгөөд ажилладаг.
Мөн бид өнгөрсөн хугацаанд сайн туршлага хуримтлуулсан, сахилгын зөрчилгүй, амжилттай алба хаагчдын ажлын зураглал, дүн шинжилгээ, судалгаа хийсэн бөгөөд үүний үр дүнд ямар хэв шинж, сэтгэл зүйтэй хүн цагдаагийн албанд тохирох эсэх мэргэжлийн тохироц чанарын дүр зураглалыг гаргаж, үүнийг илрүүлэх сэтгэл зүйн сорил судалгаанд байгууллагын онцлог нийцүүлэн буулгасан сэтгэлзүйн тест, ярилцлагыг хийж хэвшсэн байдаг.
- Цагдаагийн албанд зан төлөвийн хувьд ямар хүмүүс тохирох вэ?
- Цагдаагийн алба хаагчид хамгийн гол нь суралцах чадвар сайтай байх ёстой. Богино хугацаанд аливаа зүйлд дасан зохицох чадвартай, сэтгэл хөдлөлөө хянадаг, хувь хүний зан чанарын хувьд төлөвшилттэй байх нь ажлын байран дээр гарахад илүү хялбар, дөхөм болдог.
Мөн тухайн байгууллагад ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Юуны төлөө яаж ажиллаж байгаа гэдгээ сайтар ухамсарлан зорилгоо тодорхойлсон байх нь чухал. Чадна гээд цагдаагийн байгууллагад ороод ажилдаг гэтэл орчин, нөхцөл, мөн өөрийнх нь хүссэн ажил мөн үү биш үү, миний зан араншин энэ мэргэжилд хэр нийцэх эсэх нь эргэлзээтэй болоод ирэхээр тухайн албандаа дасан зохицоход асуудал болдог. Ямар ч нөхцөлд аливаа зүйлийг даван гарах чадвартай хүн цагдаагийн байгууллагад илүү тохирдог. Өөрийн сэтгэл хөдлөлөө хянах, залах, стрессийн сөрөг нөлөө, хоруу чанарыг зөв тайлж чадахгүй алба хаагч ажлын байранд гараад ямар нэгэн байдлаар сөрөг харилцаатай хүмүүсийн харилцаан дунд ороод ирэхээр нөлөөлж буй сөрөг хүчин зүйлийг хүндрүүлж хүлээж авах, сэтгэл санаа тогтворгүй болох, стрессээ тайлж чадахгүйгээс харилцааны доголдолд гарч улмаар ажлаасаа халшрах хам шинж илэрдэг.
Тэгэхээр харилцаа, бие хүнийх өөрийнх нь хандлага, хувь хүний төлөвшил аливаа ажлыг хийхэд хамгийн чухал.
-Цагдаагийн албанд ажиллаад олон жилийг үджээ. Энэ хугацаанд хамгийн бэрхшээлтэй болон сэтгэлд ойр үлдсэн сайхан дурсамжуудаасаа хуваалцвал?
-Сэтгэл зүйчийн ажил бэрхшээл гэхээсээ илүүтэй надаас зөвлөгөө аваад тэр зөвлөгөөний дагуу алба хаагч маань өөрийн зүг чигээ зөв олсон, гэр бүлийн асуудлаа эерэг шийдлийг олж чадсан шүү гэх үгийг сонсох үед хамгийн сайхан байдаг.
Алба хаагчид ажлын байран дах харилцааны зөрчил, стрессийн хоруу чанарыг бууруулах, ажил мэргэжилд сэтгэл зүйн арга тактикийг ашиглах чиглэлээр зөвлөгөө авдаг. Мөн цагдаагийн алба хаагчдын ард гэр бүл ойлгож, дэмжиж, тусалж байдаг. Гэвч зарим тохиолдолд гэр бүлтэйгээ үл ойлголцох тохиолдолд болон гэр бүл сэтгэл зүйн чиглэлээр зөвлөгөө их авдаг. Энэ албанаас хүн тэсвэр тэвчээр, богино хугацаанд их зүйлийг амжуулах хурдтай байхад аяндаа суралцдаг онцлог бий. Ажлын ачаалал их байдаг учраас ар гэртээ зарцуулах цаг нь төдийлөн их биш. Бас алба хаагчид гэр бүлдээ өөрийгөө ойлгуулах, үр хүүхдүүдийнхээ боловсрол, хүмүүжилд туслалцах хомс байх нь нилээдгүй байдаг. Үүнээс улбаалан алба хаагч маань өөрт олдож байгаа цөөхөн цаг хугацааг хэрхэн яаж үр дүнтэй зарцуулах, цагийн менежментээ хэрхэн яаж төлөвлөх нь алба хаагчдын хувьд доголдолтой байдаг асуудал. Үүнийгээ хэрхэн яаж зохицуулах талаар зөвлөгөөнүүдийг авч байна.
Би сүүлийн 5 жилийн хугацаанд алба хаагчдийн авч буй зөвлөгөө гэр бүл, хүүхдэд чиглэсэн зөвлөгөөг түлхүү өгч байна.
Анх сэтгэл зүйн зөвлөгөө хэрхэн авах вэ, яаж авах вэ гэх ойлголт сул, байгууллагад ажиллаж байгаа сэтгэл зүйч манай хэлтэс тасагт хэзээ ирэх вэ бараг ирдэггүй шүү дээ гэх асуудлууд тулгарч байсан бол одоо сэтгэл зүйн хэрэгцээгээ алба хаагч маань зөв тодорхойлж чадаж байна.
Тиймээс байгууллагад цөөн орон тоонд ажиллаж буй сэтгэл зүйч таныг хайж, ийм асуудал байна уу гэж алсаас олж харах боломжгүй юм та өөрийнхөө сэтгэл зүйн байр байдал, онцлог илэрч байгааг шинжийг таних, асуудлын гарц шийдлээ олохдоо сэтгэл зүйчид өөрөө хандаж мэргэжилтний туслалцаа авдаг тогтолцоонд шилжиж байгаа талаар ойлголттой болж чадаж байгаа нь баярлууштай байдаг.
-Сургалт зохион байгуулдаг гэсэн. Сургалтынхаа талаар мэдээлэл өгнө үү?
-Цагдаагийн байгууллага албаны сэтгэлзүйн ажил сэтгэл зүйн судалгаа, сэтгэц оношилгоо, сургалт хөгжлийн, сэтгэл зүйн зөвлөгөө, тусламж гэсэн үндсэн гурван чиглэлээр явуулдаг.Үүний нэг нь мэдээж хувь хүнээ хөгжүүлэх, сэтгэл зүйн хэрэгцээт мэдээллээр хангах асуудал. Үүнд стрессээ тайлах энгийн аргууд буюу өөртөө хохиролгүйгээр хэрхэн даван туулах стресс менежмент, харилцааны зөрчлийн чиглэл, ой тогтоолт анхаарлаа хэрхэн төвлөрүүлэх, танин мэдэхүйн чиглэлийн сургалтууд ордог. Хүн стресстэй үед ой тогтоолт муудах эсвэл анхаарал төвлөрүүлэх чадвараа суларч, алдах тохиолдол байдаг. Тэгвэл энгийн нэг танин мэдэхүйн процессын бодлогыг бодоход оюун ухааныг хөгжүүлэх, сэтгэл санааг сэргээх зэргээр танин мэдэхүйн хөгжлийн чиглэлийн сургалт нь стрессийг бууруулахад нөлөө үзүүлдэг чухал хичээл болдог. Сүүлийн үеийн чиг хандлагаар эерэг хандлага, сэтгэлгээ, EQ буюу сэтгэл хөдлөл, хувь хүн байгууллагын үнэт зүйл гэсэн сэдвийн хүрээнд сургалтууд хийгдэж байна.
Алба хаагчдад манай сэтгэл зүйчдийн баг “Хувь хүн өөрийгөө таних, сайн дадал зуршлийг бий болгож, тархиа дасгалжуулах талаар мессэжийг, үгийн байнга хэлдэг болсон.
Би сүүлийн үед нойргүйтээд байна уу? стресс бухимдлаас болоод энгийн асуудлыг түрэмгий эсвэл зөрчилдөөнөөр ч юм уу, сөрөг хандлага үйлдлээр илэрхийлж асуудал үүсгээд байна уу? Эсвэл нэг л гутранг, сэтгэл тогтворгүй байдалтай байна уу? гэж өөрийгөө таньж өөртөө асуулт тавьж хариултыг нь олохыг хичээх хэрэгтэй гэж зөвлөх болсон. Өөрийгөө таньж мэдсэн алба хаагчид сэтгэл зүйчид очих ёстой, хандаж тусламж үйлчилгээ авах хэрэгцээтэй болсон байна гэдгээ ойлгож, сэтгэл зүйчид ханддаг болдог. Эдгээр асуултыг өөрөөсөө асууж хэвшвэл сэтгэл зүйчийг ирэхийг нь хүлээх биш сэтгэл зүйчдээ хандаад асуудлаа хамтдаа шийдэж эерэг үр дүнг бий болгох боломжтой. Яагаад үүнийг хэлээд байна гэхээр байгууллагын сэтгэл зүйч намайг хэцүү байгааг олж харж үйлчилгээ үзүүлэх ёстой гэх өрөөсгөл ойлголт зарим алба хаагчдад байгаад байдаг. Гэтэл байгууллагын сэтгэл зүйч 50-60 орчим хүнд үйлчилгээ үзүүлэхэд норматив ачаалал хэвийн үйлчилгээ болдог бол 1 цагдаагийн хэлтэс дунджаар 100 дээш ажиллагсадтай гэхээр алба хаагч өөрийн сэтгэл зүйн өөрчлөлтийг олж хараад хэрхэн шийдэх вэ гэдгийг мэргэжилтэнд хандаж, асуудлаа хамтран шийдэх орчин цагийн сэтгэл зүйн үйлчилгээг авах арга барилд суралцах дадах зүйтэй юм.
Бид 2017 оныг хүртэл алба хаагчдын нийт бүрэлдэхүүнийг хамарсан лекц сургалт, хувьчилсан зөвлөгөө, судалгааг зохион байгуулж нэг удаагийн сургалтад 70 орчим хүн хамруулдаг байсан. Үүнийг улам бүр чанаржуулах үүднээс олноор хамруулсан сургалтаас татгалзаж тасаг албадаар бүлгийн сургалтыг чухалчлан үзэж энэ жишгээр сүүлийн жилүүдэд бүлгийн сургалтыг зохион байгуулж байна.
Ингэснээр сургалтад 10-15 орчим хүн хамрагдаж алба хаагчийн оролцоонд тулгуурласан, харилцан ярилцаж өөрийнхөө асуудлыг ойлгох, шийдвэрлүүлэх боломж нэмэгдэж сургалт илүү үр дүнтэй болдог болсон.
-Иргэд алба хаагчидтай ёс бусаар харилцаад алба хаагчдыг сэтгэлзүйн хувьд гэмтээх нөхцөл үүсдэг байх. Ийм тохиолдолд орсон алба хаагчдад ямар сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг вэ?
-Дээр дурьдсанчлан цагдаагийн алба хаагч энгийн хүнтэй харьцуулбал өөрийн амьдрал дахь асуудал, ажил үүргийн онцлогтой зөрчилдөөнд асуудлууд зэрэг давхар ачаалал алба хаагчид тулгардаг. Хэн нэгэн хүний дарамт үзүүлснээс шалтгаалаад гэр бүл болон амьдрал ахуй, сэтгэл санааны хувьд албанд итгэх итгэл үнэмшил буурдаг. Шийдвэр гаргахаас татгалздаг. Гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг шийдвэрлэснээр дараа нь яах бол гэсэн айдаст автдаг. Ард иргэд өөрийн эрхийг эдэлдэгтэй ижил алба хаагч хуулиар олгосон эрх үүргийнхээ хүрээнд үүргээ гүйцэтгэсний төлөө хэн нэгэнд доромжлуулах, зодуулах, цохиулах ёсгүй. Мөн хийж буй ажлын онцлогийг тайлбарлавал нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг гэдгийг ард иргэд минь ойлгоосой.
Алба хаагч хүн учраас хийсэн ажлынх нь төлөө ямар нэгэн байдлаар гутаан доромжлогдсон бол тухайн алба хаагч стресс бухимдал таагүй байдлыг мэдрэх эргүүлээд сэтгэл санааны гутралд орох тохиолдол байдаг. Та бүхэн бодоод үзээрэй. Хэн нэгэн иргэн хүний хулгайд эд зүйлээ алдах, хэн нэгэн хүнийг гэмтээх, амь нас хохироох гэмт үйлдэл хийгдсэн байлаа гэхэд тэр хэрэг учралын мөн чанарыг олж тогтоох гэж цагдаа тэр хэрэгтэй холбогдож болох хэн нэгэн хүнийг холбогдуулан шалгах хэрэгтэй болно. Нэг хүн нь эд зүйлээ хурдхан олуулах гэж бухимдах бол нөгөө хүн нь хэрэг үйлдсэн хэрнээ нуун дарагдуулах гэж оролдох ч янз бүрийн ааш аяг гаргана. Үүнээс үзвэл цагдаад ихэвчлэн сөрөг сэтгэл хөдлөлтэй хүн харьцдаг. Цагдаа нарын маань ажлын онцлог нь энэ. Иймд хуулийн хүрээнд үүргээ биелүүлсний төлөө цагдаагийн алба хаагчийг хүндэтгэж харьцаасай гэж хэлмээр байна. Мөн цагдаа гэх нэрийн цаана яг та шиг хүн, өөрийн үнэт зүйлтэй, хайрлах гэр бүл үр хүүхэдтэй хүмүүн юм шүү гэж хэлъе.
-Танай алба сүүлийн үед ямар ажил дээр түлхүү төвлөрч ажиллаж байна вэ?
Шинээр хийж хэрэгжүүлж байгаа ажлын хувьд алба хаагчийг албанд дасан зохицох чадварыг хэрхэн нэмэгдүүлэх, түүнд дэмжлэг үзүүлэх чиглэлд түлхүү ажиллаж байна.
Учир нь алба хаагчдын үүргийн хувиарлалт, өөрчлөлт, нэг албанаас нөгөө албанд шилжин байршихтай холбоотойгоор сэтгэл зүйд асуудлууд тохиолдол ажиглагддаг. Үүнд хувь хүний ажилдаа дасан зохицох чадварыг суулгаж, богино хугацаанд зөв дадал хэвшүүлэх нь чухал.
Уг чадварыг хөгжүүлэх зорилгоор цагдаагийн үйл ажиллагааны журамд алба хаагчийг албанд дасан зохицох талаар заалт оруулж өгсөн байдаг ба тухайн алба хаагчдыг ажил албандаа богино хугацаанд дасан зохицуулахаар алба хаагчдад байгууллага хамт олонтой нь хүндэтгэлтэй хүлээн авах, танилцуулах, алдаа оноо амжилтыг нь мэдүүлэх, ажлын ачааллыг хэрхэн зөв даван туулах талаар таниулах зэрэг 1-6 сарын хугацаанд ажлын байранд дадлагажуулждаг. Үүнээс гадна 2017 онд батлагдсан цагдаагийн албаны тухай хуулийн 86-ийн 11,12-т алба хаагч онц ноцтой гэмт хэрэгт ажилласан, ажиллаж байгаа мөн энхийг сахиулах үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн, ажлын онц ачаалалтай ажиллаж албан үүргээ гүйцэтгэсэн алба хаагчаа нөхөн сэргээх сэтгэл зүйн эмчилгээнд хамруулах журам заалтыг оруулж өгсөн байдаг. Уг журмаар байгууллагад ажиллаж буй сэтгэлзүйч юу хийхийг тодорхойлсон байх ба өөрөөр сэтгэлзүйн чиглэлээр оношилгоо судалгаа хийх, зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлэх юм.
Сэтгэл зүйн оношилгооны үзүүлэлтээр сэтгэл зүйн нөхөн сэргээх эмчилгээ үйлчилгээнд хамрагдах шаардлагатай алба хаагчийг Засгийн газрын 249 тогтоолд зааснаар тухайн алба хаагчдыг эрүүл мэндийн байгууллагад нөхөн сэргээх эмчилгээнд үнэ төлбөргүй хамруулах заалт тусгагдсан байдаг.
Алба хаагчдын ажлаа хэвийн гүйцэтгэх, иргэдтэй зөв боловсон харилцах, өөрийнхөө стрессийг зөв аргаар тайлах туслалцаа үзүүлэх чиглэлээр жилд дунджаар 1200-1500 орчин алба хаагчид сэтгэлзүйн дэмжлэгийг байгууллагын зүгээс тогтмол үзүүлдэг бөгөөд он гарснаас хойш 136 алба хаагч ганцаарчлан сэтгэлзүйн үйлчилгээ, зөвлөгөө авсан.
COVID-19 цар тахалтай холбоотойгоор алба хаагч нарт 2-оос дээш алба хаагчтай сургалт явуулах боломжгүй тул алба хаагч нь сэтгэл зүйн хэрэгцээт мэдээллийг авах, авсан мэдээлэлдээ тулгуурлах өөртөө анхан шатны сэтгэл зүйн тусламж үзүүлдэг чадварт суралцах чиглэлээр зөвлөгөө мэдээллийг подкаст хэлбэрээр хүргэх ажил эрчимтэй явагдаж байна. Одоогоор стресс менежмент, сэтгэлзүйн дархлаа, ажлын байранд хэрхэн дасан зохицох, үнэт зүйлийн талаар зочин сэтгэл зүйч нартай хамтран бэлтгэсэн подкастыг алба хаагчдын өдөр тутмын хэрэглээний дотоод сүлжээнд байршуулан ажиллаж байна.
Өөр нэг чухал ажил бол сэтгэл зүйн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагатай хамтран алба хаагчдаас судалгаа авах, дүгнэх арга аргачлалыг хөнгөвчлөх үр дүнг нэмэгдүүлэх үүднээс алба хаагчдынхаа үйл байдал, сэтгэцийн байр байдлыг сэтгэл зүйн шинжлэх ухааны үндэслэлтэй оношлох програм аргачлалыг ашиглан богино хугацаанд алба хаагчийнхаа сэтгэл зүйн дүр төрхийг бүхий л талаас тайлбарлах шинжилгээ хийх боломжтой болсон байгаа.
-Цагдаагийн байгууллагын алба хаагчид нийгмийн стресс дунд өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байна. Албан үүргээ сэтгэл тайван гүйцэтгэхэд ар гэрийн дэмжлэг хамгийн чухал. Ар тал болсон ар гэрийнхэнд нь зөвлөмж, мэдээлэл өгнө үү?
-Цагдаагийн алба хаагчийн ачаалал их гэр бүлдээ тэр бүр хангалттай цаг зарцуулж чаддаггүй. Гэр бүлийн гишүүдийн хувьд ч ажил ихтэй ч гэсэн гэр бүлийн ажлаа зохицуулж анхаарал тавих ёстой гэх зэргээр ойлголцлоос илүүтэй бие биеэ сонсохгүй зөрчилдөх асуудал бий. Бид алба хаагчдаа ажил үүргийн ачаалал, харилцааны талаар албаны сэтгэл зүйн чиглэлээр зөвлөхөөс гадна гэр бүлийн харилцааны талаар сэтгэл зүйчээс зөвлөгөө авдаг.
Гэр бүлийн харилцаанд харилцан бие биенээ ойлгох, сонсох, хүндлэл ойлголцол нэн чухал.
Гэр бүлд маргаан гарна. Гэхдээ энэ маргаан нь 1 зүгт чиглэсэн 2 өөрийн үзэл бодлын хувьд өөр өөрийн хандлага байхаас биш нэг нэгнээ хүндлэхээ болих, нэгэндээ зүй бус үг хэлэх, сонсохгүй байх гэсэн үг биш юм шүү. Хамгийн энгийнээр 1 зөвлөмжийг хэлмээр байна. Гэр бүлийн маргаан боллоо гэхэд маргаанд хэн нэг нь тоомжиргүй хандлага гаргасан, зүй бус үг хэллэг хэлсэн зэрэг нь тэр үеийн асуудал намжсанаар асуудлыг шийдэлгүй өнгөрөөсөн бол дахин маргаантай асуудал гарахад сөхөгддөг сул талтай. Яагаад гэвэл хайртай хүнээсээ сонссон үл тоосон хандлага, хүндлэлгүй байдал нь гомдол, үл ойлголцол болж үлддэг. Иймд гэр бүлдээ асуудлаа шийдэх ярилцлага, мэдрэмжээ хуваалцах тодорхой товлосон цаг гаргаад үзээрэй. Бид хоорондоо өдөр тутмын ажил амьдралын харилцаа, яриа тогтмол хийдэг хэрнээ ойлголцол, сонсох, мэдрэх ярилцах цаг байхаа больсон байдаг. Мэдрэмжээ хуваалцан ярилцахгүй байснаас асуудал хүндэрч гомдлыг томруулж, асуудлыг хүндрүүлдэг нэгэн том хүчин зүйл болдог. Иймд энэ цагтаа гэр бүлийн харилцааг халуун дулаан болгох, хэн хэнд нь юуг мэдрэгдсэн, мэдрэмжээ биендээ хуваалцдаг байх дотно харилцааг бэхжүүлдэг. Энэ цагт зөвхөн ярилцах биш гэр бүлээрээ хамтдаа хийж болох зүйл буюу хоол хийх, хэн нэгэндээ тулгарсан асуудлыг хамтын оролцоотойгоор шийдэх зэргээр байж болно. Үүнд хүүхдийнхээ оролцоог ч мартаж болохгүй.
- Хүн ямар нөхцөлд мэргэжлийн сэтгэл зүйчид хандах шаардлагатай болдог вэ? Үүнийг хэрхэн тодорхойлж мэдэх вэ?
Таны эргэн тойронд муу үйлдэл хийж, муухайг байнга ярьдаг хүн муу хүн биш, харин муу бүхэнд татагдах болсон сэтгэл зүйн шалтгаан байгаад байна гэсэн үг. Бид бүгд анх төрөхдөө цав цагаан цаас шиг ямар нэгэн үзэл бодол, хандлагагүй цэвэр ариун байдаг. Гэтэл эргэн тойронд маань элдэв муухайг үлгэрлэх хэн нэгэн байгаа бол, хүчирхийллийг үйлддэг гэр бүлийн орчинд байгаа бол, телевиз, интернетээр байнга сөрөг мэдээлэл гарч байдаг бол, ойр дотны хэн нэгэн байнга бүхнийг муулж, шүүмжилдэг бол тэр бүхнийг өөр дээрээ хуулбарлаж үлгэрлэх загвараа болгон дуурайж байдаг. Энэ бүгд ямар нэгэн байдлаар бидний амьдралд их, бага хэмжээгээр тохиолдсон байдаг учир өнөөдөр та өөрийгөө ойлгохгүй, хэн нэгэнтэй харилцах харилцаан дээр асуудалтай, ажил мэргэжлийн хувьд асуудалтай тулгардаг бол сэтгэцийн хувьд эрүүл байж чадахгүй байна гэж ойлгож болно. Иймээс дээр дурдсан өөрийгөө таньж мэдэх асуултуудыг асууж хэвшсэнээр сэтгэлзүйн байдлаа энгийнээр томьёолж, сэтгэл зүйч дээр очих шаардлагатай эсэхээ мэдэх боломжтой.
-Бидэнтэй халуун дулаан ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа. Таны ажилд өндөр амжилт хүсье.
Баярлалаа.