“Блүүмберг” телевизийн захирал Э.Долгион хууль зөрчин, сурталчилгаагаа эхлүүлжээ
АН-аас Сүхбаатар дүүрэгт нэр дэвших эрхээ авсан “Блүүмберг” телевизийн захирал Э.Долгион сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлжээ.
Тодруулбал, “Санхүүгийн хямрал ба холбооны нөөцийн банк” номын зохиогчоор ажилласан бөгөөд өөрийн зураг бүхий самбарыг хотын төвийн хэд хэдэн газарт байршуулжээ. Хэдийгээр энэ нь номын танилцуулга мэт харагдавч үнэн хэрэгтээ УИХ-ын сонгуульд нэр дэвших гэж буй хүний хувьд шууд утгаараа хууль зөрчсөн үйлдэл юм.
Уг нь Сонгуулийн тухай хуулийн 39.1.-д “Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно” гэж тодорхой заасан.
Харин УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг СЕХ-оос 6 сарын 2-ны өдөр олгох товтой. Гэтэл СЕХ нэр дэвшигчийн үнэмлэхийг албан ёсоор олгоогүй байхад өөрийгөө “хоногшуулах” далд сурталчилгааг “Блүүмберг” телевизийн захирал Э.Долгион ийнхүү эхлүүлжээ.