Гэмт этгээдүүдийг мэргэжлийн ур чадвар гарган илрүүлсэн цагдаагийн алба хаагчдыг шагнажээ
Хэргийн газраас зугтсан, хүнд гэмтэл учруулан автомашин дээрэмдсэн, барьцаалдан зээлдүүлэх газрыг хүч хэрэглэн дээрэмдсэн бүлэг этгээдүүдийг мэргэжлийн ур чадвар гарган, шуурхай илрүүлсэн цагдаагийн алба хаагчдыг “Цагдаагийн гавьяа” тэмдгээр шагнаж, урамшуулжээ.
Тодруулбал,
- Энэ оны гуравугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шадивлангийн автобусны хоёрдугаар буудлын замд зам тээврийн осол гаргаж бусдын амь насыг хохироогоод хэргийн газраас зугтсан этгээдийг
- Дөрөвдүгээр сарын 16-ны шөнө Чингэлтэй дүүрэгт бусдын биед мэс ашиглан хүнд гэмтэл учруулаад автомашиныг нь дээрэмдэж авч явсан,
- Гуравдугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 хорооны нутаг дэвсгэрт байрлах барьцаалдан зээлдүүлэх газрыг хүч хэрэглэн дээрэмдсэн бүлэг этгээдүүдийг тус тус мэргэжлийн ур чадвар гарган шуурхай илрүүлсэн байна.
Замын цагдаагийн газрын Хөдөлгөөн зохицуулах хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Баярбат, Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Д.Мөнх-Эрдэнэ, цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч А.Эрдэнэдаваа, Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч М.Ням-Очир нарыг тус тус Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар ийнхүү шагнажээ.
Эх сурвалж: ЦЕГ