Ц.Амарсанаа: Миний хань хэзээ ч хуурамч дүр эсгэдэггүй
Grand Family: Хань Ц.Амарсанаа: Адьяасүрэн гэж охин их энгийн, хуурамч дүр эсгэдэггүй нь надад таалагдсан
Хань Ц.Амарсанаа: Адьяасүрэн гэж охин их энгийн, хуурамч дүр эсгэдэггүй нь надад таалагдсан
А.Адьяасүрэн: Би ихэвчлэн түрүүлж буулт хийдэг
2020 он бүхэлдээ гэр бүлийн он болж байна. Хүмүүс гэртээ цагийг их өнгөрөөж, гэрийн хоол идэж юу юунаас илүү халуун дотно байгаа цаг үе. Чухам ийм үед “Гранд” сэтгүүл “Grand Family” буланг эхлүүлж байгаа нь учиртай. Олон жилийн өмнөөс бодож явсан булан билээ. Айлд зочилж, халуун дулаан яриа өрнүүлж, амьдралын хэв маягийг нийтэд түгээх сэн гэсэн сэтгүүлчийн чин хүсэл маань биелсэнд баяртай байна. ШУТИС-ийн барилга архитектурын сургуулийн Ахлах багш Ц.Амарсанаагийнд бид зочиллоо. Айлд нөхрийн нэрээр орж эхнэрийн нэрээр гардаг гэдэг. “Номгон Санчир” группийн захирал А.Адьяасүрэн, Баянхонгор аймгийн АЭХ-ны тэргүүн, Ерөнхийлөгчийн ОТБ зөвлөх, АН-ын ҮБХ-ны гишүүн гэхчлэн олон албатай хүн. Эхнэр нөхөр хоёул багш мэргэжилтэй, хоёр хүүтэй айл. Дуу цөөтэй, хөвгүүд угаас чимээ багатай байдаг хойно их намуухан уур амьсгалтай айл санагдав. Тэд хээгүй юмаа, нууж хаахгүй байгаагаар нь л өнгөрснийг ярьж суух нь. Гэр бол хүний өөрийнхөөрөө байх маскгүй орон зай. Тэр орон зайд хамтдаа зочилцгооё.
-Манай ерөнхийлөгч гадаад дүр төрх, имиж бүрдүүлэлтээрээ дэлхийд гологдохгүй аятайхан гэдэг нь олон талаар нотлогдсон. Зөвлөхөөр нь ийм аятайхан бүсгүй ажиллаж байгаа нь тэр хүний мэдрэмж үү эсвэл ... Яаж яваад ерөнхийлөгчийн зөвлөх болов оо. Хэдий Орон тооны бус гэж байгаа ч хүмүүс бол очих дуртай алба юм шиг байна билээ?
А.Адьяасүрэн: -Магтаалд дургүй эмэгтэй хүн гэж байхгүй гэдгийг үнэн үг гэж боддог. Бүсгүйчүүд бид чинь жижигхэн магтаалаас ч урам, эрч хүч авдаг дэврүүн сэтгэлтэй хүмүүс. Сайхнаар тодорхойлсонд баярлалаа танд. Би бодохдоо ажлыг хүн голох биш ажил хүнийг голдог гэж ойлгодог. Надад ирсэн үүрэг даалгаврыг жижиг том гэлтгүй хичээнгүй биелүүлэхийг хичээдэг. Тэр утгаараа ажиллаж явна. Яг одоогоор таны асуултын хариултыг би өгөх нь эрт юм шиг байна. Цаг хугацаа аяндаа энэ олон “Яагаад?” гэсэн асуултын хариултыг өгөх байх.
-Ерөнхийлөгчийн зөвлөхөөр таны гэргий ажиллах болсон мэдээг та хэрхэн хүлээж авсан бэ?
Ц.Амарсанаа:-Миний муу эхнэрийг тоодог юм байх даа гэж тухайн үедээ бодсон санагдаж байна /инээв.сэтг/. Ерөнхийлөгчийг амьдралыг багаас нь эхэлсэн, бизнес хийсэн, амжилтанд хүрсэн гэдэг утгаараа их хөдөлмөрч хүн гэж хардаг. Бидний үеийнхний түүх ерөнхийдөө төстэй байдаг даа, амьдрал дээр. Ханийг маань бас тэр өнцгөөс нь харж амьдралын наад цаадахыг мэднэ гэж сонгосон болов уу гэж бодож байна. Бид адилхан л шилжилтийн үеийг туулж өндийсөн залуус.
-Уучлаарай шулуухан асуучихад таныг чинь Хятад нөхөртэй гээд л ил далд жиг жуг хийх юм. Гэтэл амьдрал дээр нөхөртэйгөө тэгш сайхан амьдарч байгаа төдийгүй гэр бүлийн талаар ёстой сэвгүйг ярилцлага хийхдээ л мэдлээ. Мэдээж та хоёр хоёулаа энэ яриаг сонссон байх. Гэр бүлийн харилцаанд ийм зүйл орж ирэх амаргүй. Хэрхэн хүлээж авсан бэ?
А.Адьяасүрэн:-/инээв.сэтг/ Манай хүн чинь масс багатай, байгаа дүр төрх нь л ийм, номын. Тэр утгаараа хальт харахад Солонгос хүн ч юм шиг үеийнхнээсээ өөр дүр төрхтэй харагддаг талаар нэг бус удаа сонсож байсан. Сүүлдээ тоохоо больсон. Завханы Дөрвөлжин сумын унаган хөдөөний хархүүтэй танилцаад, ханилаад хоёр хүүг нь төрүүлээд хорин жилийг ардаа үдсэн байна. Бид хар нялхаараа нийлсэн.
Ц.Амарсанаа:-Нээх эмзэглээд байдаггүй. Энд тэнд Солонгос хүн юм уу гэж их андуурдаг. Хөгжилтэй юм шүү. /инээв.сэтг/
-Та гэхдээ сошиал хуудас идэвхитэй хөтөлдөг ч нэг ч удаа гэр бүлийн хүнийхээ зургийг оруулж байгаагүй учраас хардлагад өртчихлөө. Яагаад оруулдаггүй байсан юм бэ?
А.Адьяасүрэн:-Нөхөр маань их сургуулийн багш хүн. Ер нь багш нар сошиалд идэвхитэй байх тохиолдол ховор юм билээ. Хүмүүс тэртэй тэргүй бид хоёрыг мэднэ, нутаг усныхан, үе тэнгийнхэн, ойр тойрныхон. Магадгүй та нарын нүдээр тэгж харагдсан байх. Ер нь гэр бүлийнхээ амьдралыг хэт дэлгэх дэмий гэдэг дээр сошиал медиагийн хэрэглээ тал дээр дэлхий даяараа санал нийлж байна. Таныг асуухад бодохнээ хүн нэгэнт өөрт байгаа зүйлийг заавал нотлох албагүй байдаг бололтой. Аз жаргалаа чимээгүй эдэл гэж үг бий. Нандин зүйл шүү дээ, гэр бүл чинь.
Ц.Амарсанаа:-Би хэвлэлд гараад байх сонирхолгүй. Тэрийг эхнэр маань мэддэг болохоор миний зургийг тавиад байдаггүй. Пэйж хуудас фэйсбүүкийг нь мэдээж дагана, завтай үедээ харна. Би сошиалд идэвх муутай, байгаа нь л ийм хүн. Харин манай хүн бол хэзээний сошиалд идэвхитэй. Хувийн орон зайг нь хүндэлдэг. Хааяа санаа оноогоо хэлдэг.
-Та ханийнхаа юунд нь татагдаж байв? Хүний л амьдрал юм чинь хэн хэнд нь сонголт байсан байх?
Ц.Амарсанаа:-Залуу байхдаа танилцсан тухайгаа ярих уу? Адьяасүрэн манай оюутны дотуур байранд эгчтэйгээ хамт амьдарч байсан юм. Төгсөлтийн үдэшлэг болоод анх урьж бүжиглээд миний нэг хэлсэн үг байдаг юм. “Чи чинь одоо хаанаас гараад ирсэн бүсгүй вэ. Танилцъя” гэсэн утгатай. Тухайн үед таалагдсан охиноо яаж найрдаг байлаа, яг тэр маягаар найрсан. /инээв.сэтг/ Адьяасүрэн гэж охин их энгийн, хуурамч дүр эсгэдэггүй нь надад их таалагдсан. Амарсанаагийнх гэдэг эгэл жирийн л айл үүсэж бий болоод хорь гаруй жил болжээ. Бид энэ эгэл жирийн, нандин харилцаагаа үргэлж хадгалахыг хичээж ирсэн. Хэзээнээсээ хэн түрүүлж ирсэн нь хоолоо хийдэг байлаа. Хоёр талаас аль болох боломжоороо хүүхдүүд, ар гэрийн асуудалдаа оролцоотой байдаг.
А.Адьяасүрэн:-Хань маань бараг бүгдийг нь ярьчихлаа. Манайх хоёр хүүтэй. Би чинь гэртээ гурван эрэгтэйн дунд, ажил дээр бас эрчүүд дунд ажилладаг хүн. Өөрийгөө анзаараад байхад бага ярьдаг, их хийдэг л болдог юм байна. Эрчүүд нэг тиймэрхүү харизматай байдаг даа. Гэрт гадаагүй уусаад л явж байна. /инээв.сэтг/. Анх ханийгаа харахад ухаалаг харцтай, угаасаа онц сурлагатан гэдэг нь духан дээр нь бичээтэй. Номонд дуртай чанар нь бид хоёр адилхан. Бие биедээ харилцан татагдсан. Амьдрах явцдаа тухай тухайн цаг үед бие биенээ дэмжиж түшиж тулаад явж байна. Хань маань үүл шиг нүүгээд байдаггүй, ус шиг урсаад байдаггүй, үргэлж нэг байрандаа байдаг тийм л хүн.
-Та ханиа танилцуулахдаа юу гэж танилцуулдаг вэ?
Ц.Амарсанаа:-Ёстой анзаарч байгаагүй юм байна. /бодов.сэтг/ Миний хань, гэр бүлийн бизнесээ авч яваа, миний ард байгаа асаалттай танк гэж танилцуулж байсан юм байна./инээв.сэтг/
А.Адьяасүрэн:-Сонин асуулт байна. Хань маань их сургуулийн багш, анх бизнесийн маань суурийг тавьж байсан. Хөдөлмөрч, зүтгэлтэй хүн гэж танилцуулдаг юм байна.
-Гэр бүл оршин тогтнохын үндэс нь юу вэ. Ялангуяа карьер хөөдөг хоёулаа нийгмийн идэвхитэй хүмүүсийн хувьд бүх зүйлийг тэгш авч явах амаргүй. Танай гэр бүлийн нууц?
Ц.Амарсанаа:-Бие биенийгээ харилцан ойлгодог, зан зангаа мэддэг болчихоор аяндаа ажил бүтээд явчихдаг юм. Юу юунаас илүү гэр бүлийн нандин харилцаа, дээдэлдэг зүйлсээ орхигдуулж болохгүй. Эхнэр маань өглөө гараад орой ирдэг цаг наргүй ажиллана. Би гэр амьтай, гэртээ байхыг илүүд үздэг. Миний ажлын нөхцөл ч тийм. Хэн хэнд нь оройтох, хамт олонтойгоо гарах ууж идэх үе хэзээ ч гарч болно. Залуу байхад яав ийв гэдэг байлаа. Одоо бол хэн хэнийгээ бариад цагдаад байдаггүй. Угаасаа сүрхий оройтдоггүй л дээ. Маргаан гарах үед эхнэр ихэвчлэн буулт хийдэг юм. Надад ч бас тийм үе байна. Харилцан 50/50 хувьтай амьдардаг гэх үү дээ. Амьдралын явцад ээнэгшээд дасаад ирэхээр үг хэлээгүй байхад гадна төрх, харцнаасаа ойлголцдог болдог.
А.Адьяасүрэн:-Нөхрийнхөө ярьсантай санал нэг байна. Би ч их зөөлөн талдаа хүн. Гэртээ, гадуур ч тэр болгон хүнтэй ам зөрөөд байхыг хүсдэггүй. Бодоод байхад ихэвчлэн түрүүлж буулт хийдэг юм байна. Ажлын нөхцөл маань жилийн 4 улиралд хөдөө гадаа их явна. Нөхөр маань хамаг хэрэгцээтэй зүйлсийг маань бэлдчихсэн, чемоданаа шууд аваад л гарсаар олон жил өнгөрчээ. Эсрэгээрээ би ханийгаа томилолтоор явах үед бас бэлтгэл ажилд нь анхаарна. Бүх зүйл ойлгомжтой, тодорхой байвал үл ойлголцох асуудал гарахгүй. Бие биенээ нөхөж нэгдэж чаддаг болохоор манай гэр бүл бат суурьтай оршин тогтнодог гэж харж болох юм байна. Хэн хэндээ итгэдэг бол араас нь тасралтгүй залгаад байх шаардлагагүй. Тэр бас нэлээн завтай байж байж хийх зүйл байх. /инээв.сэтг/
-Эмэгтэй хүн улс төрийн карьер хөөх гэр бүлд үзүүлэх нөлөө нь сайн болон сул тал нь хэрхэн илэрч байна. Баянхонгорын АЭХ-ны тэргүүн, Ерөнхийлөгчийн зөвлөх гэхчлэн олон ажил амжуулж байна?
Ц.Амарсанаа:-Сөрөг тал нь гэртээ үзэгдэх цаг нь мэдээж багассан. /инээв.сэтг/ Сайн тал нь гэрээ засаад төрөө зас гэдэг шиг хийх ёстой зүйлээ хийгээд өөрийгөө сориод төрдөө зүтгэж яваа. Би эхнэрийнхээ энэ зорилгыг дэмждэг.
-Адьяасүрэн захирлаар нэрлэгдсэн “Номгон Санчир” группийн түүхийн эхлэн бичигчид нь та хоёр хамтдаа. Амарсайхан гэдэг хүний оролцоо, үүрэг роль ямар байв?
Ц.Амарсанаа:-Би сургууль төгсөөд Батлан хамгаалахын авто сургуульд багшаар очоод ерөнхийдөө жолооны сургалтын технологийг мэдэж авсан. Бид хоёр тухайн үед хийж болох бизнес юу байна гэдэг дээр сонголт хийгээд жолооны сургууль ажиллуулах нь зөв юм байна гэж шийдсэн. Жолооны сургууль байгуулах бол мөнгөтэй хүмүүсийн хийх ажил гэж би боддог байсан. Үүн дээр зоригжуулсан хүн бол эхнэр маань. Ажлаа эхлэхдээ манай ээжийн Төмөр замын байрыг тавиад зээл авсан. Амьдардаг хоёр өрөө байраа бас түрээслээд тэгээд бид анхны хоёр машинаа авч байлаа. Өглөө 6 цагт босно. Машин тэргээ халаана, бэлэн болгоно. 9 цагт жолоондоо гараад өдөржин явна. Орой 17 цагт буугаад үргэлжлүүлэн дүрмийн хичээлээ заана. Заримдаа машин тэрэг эвдэрнэ. Үүр цайтал засна, маргааш нь бүтэн ажиллана. Ингэж л эхэлсэн. Тэр үед залуу байж. Хэн хэн нь шантрахгүй тууштай зүтгэсний үр дүн. Жолооны сургалт жигдрээд олон машин, багш нартай болоход миний оролцоо багасаад ирсэн. Тэр үед мөрөөдөж явсан эрдмийн ажилдаа шамдахаар болж эхнэртэйгээ ярилцаад шийдсэн. ШУТИС-д багшийн шалгалтанд бэлдлээ, тэнцсэн. Эхнэр маань маш амжилттай бизнесээ авч явж өдий зэрэгт хүргэлээ.
А.Адьяасүрэн:-Аливаа зүйлийн үндэс, суурь зөв тавигдвал цаашид хөгжүүлэхэд амжилттай байх нь гарцаагүй. Тухайн үед хадам ээжийнхээ байрыг дэнчин тавьж хөдөлнө гэдэг бас л том зориг зүрх шаардсан асуудал байлаа. Би нөхөртөө итгэж байсан. Нөхөр маань ч надад дараа нь итгэл хүлээлгэсэн. Өөрийнхөө хэмжээнд тэр итгэлийг дааж яваа гэж боддог. Гэхдээ хийхийг зорьсон зүйл маш их байна. Алхам алхмаар урагшилж явна. Бид хоёрын амьдрал Батлан хамгаалахын их сургуулийн буудлагын клубын дотуур байрнаас анх эхэлж байсан тэр өдөр өчигдөрхөн юм шиг санагдаж байна. Цалингаас цалингийн хооронд, хоолтой хоолгүй янз бүрийн л үеийг туулж байлаа. Гоё гоё хоол яриад л, тэр үед чанаж иддэг байсан хонины толгойны амт одоо ч сэтгэлд тод байна. Өнгөрсөнд хэн байснаа бид мартаагүй. Өнөөдөр нэг хүний ч цалинг хоцроохгүй тавьчих юмсан гэсэн бодлоор ажилладаг. Бизнес хийж байгаа хүнд том том зорилт байлгүй яахав. Миний хувьд нэг номерын зорилт маань энэ.
-Та хоёрт хуримын зураг харагдахгүй байх чинь. Ингэхэд мөрөөдлийн хуримаа хийх болвол хэрхэн хийх вэ?
Ц.Амарсанаа:Хурим хийгээгүй. Тэр үед хурим байтугай хоногийнхоо хоолыг яаж залгуулах дээрээ амьдардаг байсан үе юм чинь. Мөрөөдлийн хуримын талаар ёстой бодож байгаагүй юм байна. Манай хүн тухайн үед заавал хуримаа хийх ёстой гэж цамнаж байгаагүй. Хурим хийсэн бол гоё байх байсан даа гэж хааяа ярьдаг байсан. Адьяа маань нөхцөл байдлаа их сайн ойлгодог хүн.
А.Адьяасүрэн:-Ингээд хөөргөөд байдаг юм./ инээв.сэтг/ Үнэн үнэн, юун хурим манатай л цаг үе байсан. Бид чинь шилжилтийн хүнд хэцүү үед залуу насаа өнгөрөөсөн болохоор тансаглах, барууныхан шиг тийм романтик мөрөөдөлтэй биш юм шиг байгаа юмаа. Хүн тухайн орчин нөхцөлдөө зохицож л амьдарна шүү дээ. Би цагаан, цайвар хувцас их сонгодог нь хуримаа хийгээгүйгээс болдог юм болов уу гэж гэнэт бодогдчихлоо. Өөрийг чинь асуух хүртэл энэ талаар ёстой бодоогүй юм байна.
Та бүхэнд баярлалаа.