ЦЕГ: “ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ“ ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

2020 оны 5 сарын 15

Arslan.mn

Улсын хэмжээнд 2020 оны эхний 04 сарын байдлаар насанд хүрээгүй хүнээс үйлдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 24.6 хувиар, гэмт хэргийн улмаас хохирсон хүүхэд 41.5 хувиар тус тус буурсан хэдий ч эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналт, анхаарал халамж дутмагаас хүүхэд гэмт халдлагад өртөх, гэмтэж бэртэх, сэтгэл гутралд орох улмаар амь нас, эрүүл мэндээр хохирох явдал гарсаар байна.

Цагдаагийн байгууллагаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, гудамж талбай, олон нийтийн газарт аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аливаа эрсдлээс хамгаалах зорилгоор “Хүүхэд хамгаалагч төсөл”-ийг 2019 онд туршилтаар, 2020 оноос 21 аймгийн төв, нийслэлийн 9 дүүргийн 172 хороонд хэрэгжүүлж эхэлсэн.

Энэхүү төслийг Ахмад настны тухай хуульд заасан “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ, ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа”-нд тулгуурлан хэрэгжүүлж байгаа ба тухайн нутаг дэвсгэрт оршин суух хүүхдийн болон боловсрол, эрүүл мэнд, цэрэг, цагдаагийн байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан 65 хүртэлх насны ахмад настнуудыг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажиллуулж байна.

“Хүүхэд хамгаалагч” эргүүл нь гудамж, талбай, олон нийтийн газраар эргүүлийн үүрэг гүйцэтгэн, хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийлэл, Ковид-19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хүүхэд, иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдээлэх, таслан зогсоох үүргийг хэрэгжүүлж байна.

“Хүүхэд хамгаалагч” эргүүлүүд 2019 онд давхардсан тоогоор 1550 чиглэлд ажиллаж, 150259 хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, хүчирхийлэлд өртсөн 12 хүүхдийн мэдээллийг хамтарсан багт мэдээлж, төөрсөн 79, цасан болон шороон шуурганы үеэр хараа хяналтгүй явсан бага насны 183 хүүхдийг гэрт нь хүргэж, хүүхэд шууд эрсдэж болзошгүй 128 тохиолдлоос урьдчилан сэргийлж, зөвшөөрөлгүй газар тамхи татсан, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан зэрэг 161 зөрчлийг таслан зогсоожээ.

Хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалах, гудамж, талбай, гэр бүлийн орчинд гэмт халдлагаас урьдчилан сэргийлэхэд иргэн бүрийн дэмжлэг, оролцоо нэн чухал ач холбогдолтой тул иргэд та бүхэн “Хүүхэд хамгаалагч” эргүүлийн үйл ажиллагааг дэмжиж, тавьсан шаардлага, зөвлөмжийг биелүүлэн, хүүхдийг аливаа осол гэмтэл, гэмт хэрэг, зөрчлөөс уьдчилан сэргийлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж, хамтран ажиллахыг хүсье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617084
2 эможи
keyboard_arrow_up