Дарга нарын “арын хаалганы” төлөөсийг татвар төлөгчид үүрч байна

2020 оны 5 сарын 14

Arslan.mn

Дарга нар “Төрийн албаны мерит зарчим” гэдэг үгийг хамгийн их давтах дуртай.

Гэтэл наашаа харж инээчихээд цаад хандлага нь ямар байдаг нь төд удалгүй ил болчихдог нь сайхан. Албан тушаалтнуудын хоёр дахь нүүрийг илчилдэг хамгийн тод жишээ бол халаа сэлгээ. Үүнээс болж Монгол төрийн залгамж халаа, мэргэшсэн алба хаагч гэдэг ойлголт үгүй болсон. Албан тушаалтнуудын багаа бүрдүүлэх нэрийн дор үзэгний үзүүрээр хувь заяа нь шийдэгдэж ажилгүй болсон хүн олон бий. Тэр тусмаа төрийн алба сонгуулийн дөрвөн жилийн циклиэр нам, улстөрчдийн шахааны бизнес болж хувирсан жишээг шүүхийн цахим мэдээллийн сан, Төрийн албаны зөвлөлийг сахиж өнждөг хэдэн зуу, мянган жишээнээс олж харж болно.

Гэтэл даргын үзэмжээр ажлаас халагдсан хүн бүр өргөдөл, гомдлоо бариад явахгүй. Нэгэнт ажилгүй болсонтойгоо эвлэрч цөхөрсөн. Адгийн зарга арван хоног гэгчээр зардал чирэгдэл болохоос төвөгшөөх нэгэн ч бий. Энэ байдал сонгуулийн дараа улам олширч, ажлаас халагдсан тогтоол барьсан төрийн албан хаагчид Төрийн албаны зөвлөлийн үүдийг сахиж өнждөг.

БОЛОВСРОЛЫН САЛБАР, ЗДТГ-Т ХАМГИЙН ИХ ХАЛАА СЭЛГЭЭ ХИЙГДЖЭЭ

Шинээр томилогдсон сайд, дарга нар өөрсдийн­хөө хүрээллийг бий болгохын тулд гэмгүй ажилтныг халдаг. Тэрхүү хууль бус шийдвэр  шүүхийн өмнө бүдэрч, нэхсэн мөнгийг нь эргээд татвар төлөгчдийн мөнгөөр барагдуулж ирсэн. Тухайлбал, 2016 оноос өмнө шүүхийн шийдвэрээр 277 иргэн, аж ахуйн нэгжид 8.8 тэрбумын өр төлөхөөр тусгасны 1.1 тэрбум нь үндэслэлгүйгээр ажлаас халагдсаны улмаас олгох хохирлын нөхөн төлбөр байв. Үүний 90 хувь 2012-2016 оны Засгийн газрын хариуцлагагүй үйлдлээс үүдэлтэй нөхөн төлбөр гэдгийг тухайн үед парламентын танхимд  Сангийн сайд хэлж байсан. Мөн Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээ­лэнгийн гаргаснаар төрийн үйлчилгээний болон хувийн байгуул­лага­тай холбоотой аж­лаас үндэслэлгүйгээр халагдсан гомдол 2014 онд 72, 2015 онд 910, 2016 онд 1213-ыг шүүхээр шийдвэрлэсэн тоо баримт бий.

Харин албан тушаалт­нуудын алдааны төлбөр ард түмний халааснаас гарч байгааг болиулах заал­тыг Захиргааны хуульд оруулж өгч 2016 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хууль хэрэгжээд дөрвөн жил өнгөрсөн ч дарга нарын буруутай шийдвэрийн төлөөсийг татвар төлөгчдийн мөнгөөр барагдуулсаар байна. АТГ-ын мэдээлс­нээр сүүлийн гурван жилд хууль бусаар нийтийн албанаас халагдаж чөлөөлөгдөн шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн томилогдсон, нөхөн олговор олгосон  796 албан тушаалтан байна. Тэдний ажилгүй байх хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөд дөрвөн тэрбум гаруй төгрөгийн нөхөн олговор олгох шүүхийн шийдвэр гарчээ. Энэ төлбөрийн  1.3 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргасан байгаа юм. Өөрөөр хэлбэл, “арын хаалганы” хүнээ албан тушаалд томилсон хүмүүсийн бурууг татварын төлөгчид үүрч байна. Салбараар авч үзвэл боловсрол, нутгийн удирдлагын болон аймгуудын Засаг даргын Тамгын газарт шахааны халаа сэлгээ хамгийн их хийгджээ. Тэр дундаа сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, аймгийн Тамгын газрын хэлтсийн дарга, удирдах албан тушаалтнуудыг халсан тохиолдол цөөнгүй байгааг судалгаа харуулж байна. Ажлаас үндэслэлгүй халагдсан 796 хүний 80 гаруй хувь нь шүүхийн шийдвэрээр ажилдаа буцаж оржээ. Тиймээс АТГ-аас буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх талаар Үндэсний аудитын газарт хандсан байна.

ТАЗ: НЭГ ХҮНЭЭС 8.9 САЯ ТӨГРӨГ ГАРГУУЛСАН 

Захиргааны ерөнхий хуульд зааснаар дарга нарын хэн нэгэнд давуу тал олгосны төлөөсийг эхлээд төрөөс төлүүлдэг. Дараа нь буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх хуулийн зохицуулалттай. Харин үүнийг хуулиараа УЕПГ, Төрийн албаны зөвлөл хянах үүрэгтэй. Төлөгдөөгүй бол шүүхэд төрийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрх нь ч бий. Энэ талаар  АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт “Шийдвэр гаргах эрх бүхий этгээдийн шийдвэр хууль бус болох нь тогтоогдсон тохиолдолд шийдвэрийг хүчингүй болгох, гарсан сөрөг үр дагаврыг арилгах, учруулсан хохирлыг төлүүлэх хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх”-ээр заасан. Өөрөөр хэлбэл, дээрх төлбөрийн 1.3 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргаж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар, үр ашиггүй зарцуулсан, улмаар төсөвт зохиомол хүндрэлийг учруулсан байна. Зарим байгууллагад хууль бусаар халагдаад шүүхийн шийдвэрээр эргэж томилогдсон боловч тухайн хүний оронд ажилд томилогдсон албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөхгүй давхар цалин олгох асуудал ч байна. Хууль бусаар төрийн албанаас халдаг, чөлөөлдөг гэм буруутай албан тушаалтнуудаар хохирлыг нөхөн төлүүлдэг ажиллагааг төрийн байгууллагууд хаа хаанаа хяналт тавьж ажиллахгүй бол энэ төрлийн зөрчил буурахгүй байна” гэлээ.

Харин төсвийг мөнгийг буруутай албан тушаалтнуудаас гаргуулах талаар Төрийн албаны зөвлөлийн Маргаан хянан шалгах газрын шинжээч Э.Мөнхгэрэлээс тодруулахад “Өнгөрсөн онд манай байгууллага шүүхэд хэд хэдэн нэхэмжлэл гаргаж буруутай нэг албан тушаалтнаас 8.9 сая төгрөг гаргуулах шийдвэрийг анхан шатны шүүхээс гаргасан. Мөн энэ тохиолдолд буруутай албан тушаалтнууд давж заалдаж, шүүх тэдний талд шийдвэр гаргасан учраас бид дахиад Дээд шүүхэд хандсан хоёр ч гомдол байна.

Албан тушаалтнуудын буруу шийдвэртэй холбоотой нөхөн олговрыг зөвхөн Төрийн албаны зөвлөл хариуцах мэтээр олон нийт ойлгодог. Гэтэл Төрийн албан хуульд “Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ. Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасан байдаг. Энд төрийн жинхэнэ албан хаагч гэдгийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй” гэлээ.

Захиргааны Ерөнхий хуульд зааснаар “Гэм буруутай албан тушаалтны хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна. Харин дотоод аудитын нэгж байхгүй бол төрийн аудитын байгууллага хариуцна” гэж заажээ. Эндээс харахад төрийн байгууллага буруутай албан тушаалтны мөнгийг төлөөд дараа нь дотоод аудитын нэгж байгууллагын даргаараа мөнгийг нөхөн гаргуулах юм байна. Энэ тохиолдолд цэрэг нь даргаа захирах асуудал гарч ирэх учраас эргэлзээтэй. Тиймээс төрийн албаны халаа сэлгээг хязгаарлаж өгөх албан тушаалтнаар мөнгө төлүүлэх заалт хэрэг­жихгүй байгаа  хуулийн “цоорхой” байж мэднэ.

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
617040
1 эможи
keyboard_arrow_up