Мэргэшсэн мөрдөгчдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор дээд боловсролтой иргэдийг “Цагдаагийн ажил-эрх зүй” хөтөлбөрт хамруулна
ХЗДХЯ-ны харьяа Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулиас бакалавр болон түүнээс дээш боловсролтой иргэдэд зориулсан “Цагдаагийн ажил-эрх зүй” бакалаврын 2 жилийн мэргэшүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа.
Тус их сургуулийн элсэлт, сургалтын үйл ажиллагааны талаар ДХИС-ийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн процессын эрх зүйн тэнхимийн эрхлэгч, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбаттай ярилцлаа.
-Дээд боловсролтой иргэдэд зориулсан “Цагдаагийн ажил-эрх зүй” бакалаврын хөтөлбөрийн талаар танилцуулахгүй юу?
-Монгол Улсын Засгийн газрын тус их сургуулийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолоор, их сургуулийн сургалтын агуулга, чанарт ахиц гаргах, сургалтын бодлого, тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх үүргийг Дотоод хэргийн их сургуульд хүлээлгэсэн. Мөн Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт “... Дээд боловсролын эрх зүйн орчинг боловсронгуй болгож, төрийн их, дээд сургуулийн бие даасан байдлыг нь хангах, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээг баримжаалсан мэргэжилтэн бэлтгэх, стандартад суурилсан чанарын хяналтын бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлэх, судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ” гэж тусгасны дагуу Дотоод хэргийн их сургуулиас “Цагдаагийн ажил-эрх зүй” бакалаврын хөтөлбөрийн хүрээнд эрх зүйн бус бакалаврын боловсролтой иргэдэд зориулсан “Цагдаагийн ажил-эрх зүй” мэргэшүүлэх 2 жилийн хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж энэ онд анхны төгсгөлтөө хийх гэж байна.
Тус хөтөлбөрийн хүрээнд Үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, иргэдийн аюулгүй байдлыг хангах мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ нийгэм, хүмүүнлэг, байгалийн ухааны онолын суурь мэдлэгийг ашиглах чадвартай, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах цагдаагийн албаны чиг үүргийг хэрэгжүүлэх чадварлаг хүний нөөцийг бэлтгээд байна.
Тодруулбал, эрх зүйн болон мэргэжлийн мэдлэг, ур чадварыг бүрэн эзэмшсэн, үндэсний эх оронч, хууль дээдлэх, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг хангах үзэл төлөвшсөн, эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүйн болон ёс зүй, харилцааны ур чадварын шаардлагыг хангасан, мэдлэг, ур чадвараа тасралтгүй дээшлүүлж, технологи, арга зүйн өөрчлөлтөд зохицон өөрийгөө хөгжүүлэх чадвартай цагдаагийн алба хаагчийг бэлтгэх нь тус хөтөлбөрийн онцлог гэж болно.
-“Цагдаагийн ажил-эрх зүй” мэргэшүүлэх сургалтын талаар тодруулаач?
-“Цагдаагийн ажил-эрх зүй” мэргэшүүлэх хөтөлбөр нь эдийн засаг, нябо-бүртгэл, инженерчлэл, байгалийн шинжлэх ухаан, математик, мэдээлэл харилцаа холбооны инженер гэх мэт бакалаврын боловсролтой иргэдэд гэмт хэрэгтэй тэмцэх, криминалистик, шинжлэн магадлахуйн болон мөрдөн шалгах ажиллагаа, хэргийн газрын үзлэгийг удирдан явуулах, мөр, эд мөрийн баримтыг илрүүлж, бэхжүүлэх, оношлогоо, шинжилгээ хийж дүгнэлт гаргаж, гэмт этгээдийг эрэн сурвалжлах, илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулах, эрх зүйн зөрчилтэй тэмцэнэ. Мөн шинжлэн магадлахуйн ухааны мэдлэгтэй шинжилгээний тодорхой чиглэлээр магадлагаа, дүгнэлт гаргах чадвартай, сэтгэл зүй, ёс зүй, харилцааны ур чадвартай мэргэшсэн алба хаагчийг бэлтгэхэд чиглэгдэнэ.
Цаашилбал практикт экологи, эдийн засгийн эсрэг болон цахим гэмт хэрэг, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг зарж борлуулах зэрэг илрүүлэхэд нарийн мэргэжил, мэргэшил шаардах гэмт хэргүүдтэй тэмцэхэд энэ чиглэлийн мэргэжил эзэмшсэн, мэргэшсэн мөрдөгч нар дутагдалтай байгаа. Иймд мэргэшсэн мөрдөгчдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор дээд боловсролтой иргэдийг “Цагдаагийн ажил-эрх зүй” хөтөлбөрт хамруулна.
Энэ хөтөлбөрт суралцагчийг анхны мэргэжил, суралцах хугацааны амжилт чанараас шалтгаалан шинжээч-мөрдөгч, замын хөдөлгөөний гэмт хэрэг мөрдөгч, эдийн засгийн мөрдөгч, урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэшүүлэн сургана.
-Дээд боловсролтой иргэд тус хөтөлбөрт хамрагдсанаар төгсөөд ажлын байранд шууд томилогдох уу?
-“Цагдаагийн ажил-эрх зүй” хөтөлбөрт хамрагдсан төгсөгчид цагдаагийн албаны чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн болон мэргэжлийн мэдлэг, ур чадварыг бүрэн эзэмшсэн, эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүйн болон ёс зүй, харилцааны ур чадварын шаардлагыг хангасан, цагдаагийн дэслэгч цолтойгоор офицер орон тоонд шууд томилогдон ажиллана.
-Иргэдийг “Цагдаагийн ажил-эрх зүй” хөтөлбөрт хамруулах шалгуур нь юу вэ?
-Тус хөтөлбөрт элсэгчдэд дараах нийтлэг шаардлага тавигдана. Тухайлбал, өмнө нь төгссөн бакаклаврын дипломын голч дүн 2,4-өөс доошгүй байна.
Элсэхийг хүсэгч иргэд эдийн засаг, сэтгэл судлал, ня-бо бүртгэл, санхүү, банк, даатгал, байгалийн шинжлэх ухаан, математик, статистик, мэдээлэл, харилцаа холбооны технологи, инженерчлэл, үйлдвэрлэл, зохион бүтээгч, ХАА мал эмнэл зүй, эрүүл мэнд, цэрэг, батлан хамгаалахын мэргэжил эзэмшсэн бакалавр болон түүнээс дээш боловсролтой байх нь тавигдаж буй гол шалгуурууд юм.
Түүнчлэн эрүүл мэндээр цэргийн албанд тэнцэх, шивээсгүй, сорвигүй, сэтгэцийн хувьд эрүүл, бие бялдрын болон нүүрний хэлбэр төрөх зөв хөгжилтэй байна.
Мөн эрэгтэй 25 хүртэл насны 170 см буюу түүнээс дээш өндөртэй, ял шийтгэгдэж байгаагүй, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисын хамааралгүй байх, ДХИС-ийн элсэлтийн шалгалт, цэргийн хэргийн бэлтгэл сургалтад хамрагдаж тэнцсэн байх шалгуурыг хангасан байна.
-Бакалавр болон түүнээс дээш боловсролтой иргэд “Цагдаагийн ажил-эрх зүй” 2 жилийн хөтөлбөрийн бүртгэлд хэрхэн хамрагдах вэ?
-Юуны өмнө ДХИС-ийн www.uia.gov.mn цахим хуудасны элсэлт-элсэлтийн цахим бүртгэл гэсэн хэсэгт нэвтэрч, бүртгэлд хамрагдана. Бүртгэлийн хугацаа 2020 оны 05 дугаар сарын 01-ний 8.00 цагаас 06 дугаар сарын 26-ны 17.00 цаг хүртэл үргэлжилнэ.
Өмнө нь бакалаврын дипломтой, цаашид цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой залуусыг энэ хөтөлбөрт элсэн суралцахыг урьж байна. Төгсөгчийг хоёр жилийн дараа ажлын байраар баталгаатай хангана, суралцсан хугацааг цэргийн алба хаасан хугацаанд болон ажилласан жилд оруулан тооцдог давуу талтай.
-Энэ хөтөлбөрөөс гадна ДХИС шинэ хичээлийн жилд хэдэн мэргэжлийн чиглэлээр элсэлт авах вэ?
-Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагууд болон Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний Онцгой байдлын байгууллагаас манай их сургуульд хүний нөөц, албан хаагчийг бэлтгэх захиалга ирүүлсний дагуу 2020-2021 оны хичээлийн жилд бакалаврын зэрэг олгох цагдаа, хил, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, эрх зүйн чиглэлийн нийт 12 хөтөлбөрт элсэлт авна.
-ДХИС оюутны хотхон хэлбэрээр хөгжиж, сургалтын орчноо сайжруулах чиглэлээр бүтээн байгуулалтын олон ажлыг хийж хэрэгжүүлж байгаа гэсэн?
-Их сургуулийг хотхон хэлбэрээр хөгжүүлэх ажлын хүрээнд 2013 онд 850 сонсогчийн дотуур байр, 2016 онд Их сургуулийн 3000 сонсогчийн хичээлийн төв байр, 2018 онд Гүнжийн хоолой дахь сургалт, дадлагын төвийг өргөжүүлж 720 м2 талбай бүхий 2 давхар, ус, цахилгаан, дулааны хангамжийг бүрэн шийдсэн сургалтын байртай болсон. Энэ ондоо “Номын сан, спорт цогцолбор” барилгыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Их сургуулийн статустайгаар үйл ажиллагаа явуулсан сүүлийн цөөхөн жилийн дотор төр, засгийн дэмжлэгтэйгээр хичээлийн болон сонсогчийн байрууд, номын сан, спорт цогцолбор, сургалт-дадлагын төв, багш, албан хаагчдын орон сууц зэрэг олон байгууламж бүхий сургалтын таатай орчинг бүрдүүлж байгаа нь тус сургууль “Оюутны хотхон” хэлбэрээр хөгжих нөхцлийг хангасан. Өнөөдөр сонсогч, оюутнууд суралцах, амьдрах ая тухтай орчинд байрлаж, төрийн тусгай албаны эрдэм ухаанд шамдан суралцах боломжтой болсон нь ирээдүйд чиглэсэн томоохон хөрөнгө оруулалт юм.
-Сургалтын орчныг сайжруулснаар практик байгууллагууд та бүхнээс их зүйлийг хүлээж байгаа. Сургалтын үйл ажиллагаанд ойрын ирээдүйд ямар шинэлэг алхамууд хийгдэх вэ?
-Сургалтыг илүүтэй амьдралд ойртуулсан нөхцөлд явуулах, практик байгууллагын өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж чадахуйц хүний нөөцийг бэлтгэх шаардлага бидний өмнө оршиж байна. Үүнтэй холбоотойгоор академик сургалтыг прагматик сургалттай оновчтой хослуулах, түүнчлэн чадамжид суурилсан, асуудалд суурилсан, үр дүн, үйл ажиллагаанд суурилсан, судалгаанд суурилсан болон клиник, зайн сургалтын технологиудыг нутагшуулах ажил биднийг хүлээж байна. Эдгээрийг бий болгохын тулд лаборатори, кабинет байгуулах замаар сургалтын орчинг шинээр бий болгох, багшлах бүрэлдэхүүнийг бүрдүүлэх, заах арга зүйд суралцуулах зэрэг олон ажил шат дараатай хийгдэнэ. Сургалтын шинэ технологи эзэмших үйл явц нь багшлах бүрэлдэхүүн, профессорын багуудаас ихээхэн зүйлийг шаардана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, багш, судлаачдад тавих шаардлага өндөрсөнө гэж ойлгож болно.
-Их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажил хэр ахицтай байгаа вэ?
-Их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажилд тодорхой ахиц харагдаж байна. Өнгөрсөн цөөн жилүүдэд Их сургууль эрдэм судлалын ажлыг явуулах бие даасан бүтэц, бүрэлдэхүүнтэй болж, шинжлэх ухааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж, судалгааны ажлын арга зүйг эзэмшсэн баг хамт олныг бүрдүүлж чадсан. Өнөөдөр эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тухайд том үр дүнг ярихад арай эрт байна. Багш, судлаачдын оюун санааны хүрээнд харин томоохон өөрчлөлт эхэлсэн гэж баттай хэлж болно. Манай хамт олон шинэ мэдлэг бүтээх, түүнийгээ бүтээгдэхүүн болгох чиглэлээр, өөрөөр хэлбэл, инновацийн үйл явцад идэвхтэй оролцох болсныг би сэтгэлгээний томоохон өөрчлөлт гэж үздэг. Энэ чиглэлээр энэ судалгааны жилд хийхээр олон ажлыг төлөвлөсөн. Гарааны компаны үйл ажиллагааг жигдрүүлж, үйлдвэрлэлийн дэд бүтцийг бүрдүүлэх тодорхой алхамуудыг хийнэ. Ингэснээр Их сургууль маань “эрдэм шинжилгээ – сургалт – үйлдвэрлэл” гэсэн хэв шинжид шилжих нөхцөл бүрдэнэ.
Тус Их сургуулийн эрдэм шинжилгээний хүрээлэн, бүрэлдэхүүн сургууль, судлаачдын явуулж буй зарим судалгааг би дурдья. Нийгмийг түгшээж байгаа олон асуудлыг шийдвэрлэх гарц, шийдлийг олохоор манай судлаачид ажиллаж байна. Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, насанд хүрээгүй хүүхдийн бэлгийн мөлжлөг, гэр бүлийн хүчирхийлэл, хулгайлах гэмт хэрэг, орон нутагт үйлдэгдэж буй гэмт хэрэг, хүн худалдаалах зэрэг гэмт хэргийн гаралт, түүний динамик, шалтгаан, нөхцлийг тодорхойлох судалгаанууд, хилийн аюулгүй байдал, тал, хээр, ой, обьектын түймрийн эрсдэл, урьдчилан сэргийлэх ажил, үер, усны ослын эрсдэлийн судалгаа г.м. олон судалгааг нэрлэж болно.
Манай Их сургуулийн Эрдмийн зөвлөл саяхан хуралдаж их сургуулийн хөгжлийн хэд хэдэн асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргалаа. Ирэх хичээлийн жилээс эхлээд докторын сургалтын өдрийн хэлбэрийг туршиж үзэх нь зүйтэй гэж үзлээ. Иймд докторын эчнээ сургалтын зэрэгцээ сургалтын өдрөөр явуулах хэлбэр бий болгох санал боловсруулаад байна. Докторын сургалтыг өдрийн хэлбэрээр явуулснаар сургалтад хамрагдаж буй албан хаагч үндсэн ажлаасаа түр чөлөөлөгдөж тус Их сургуульд 3 жилийн хугацаанд тасралтгүй суралцан, боловсролын докторын зэрэг хамгаалах боломжтой болох юм.
-Танай Их сургуулийн гадаад хамтын ажиллагаа хэр эрчимтэй хөгжиж байна. Гадаадын хэдэн их, дээд сургуультай хамтран ажилладаг вэ?
-ДХИС 10 гаруй орны 20 орчим их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай байнгын хамтын ажиллагаатай. Эдгээртэй бид багш солилцоо, оюутан солилцооны болон хамтарсан судалгааны хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Цаашид сургалтын хамтарсан хөтөлбөрийг хэд хэдэн их сургуультай хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Манай их сургуульд суралцах хүсэлтийг гадаадын иргэдийн зүгээс илэрхийлэх болсон нь биднийг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг.