“Европын холбооны хар жагсаалт гэж байдаггүй“
Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцю Христеатай ярилцлаа
-Европын Холбооноос Монгол Улсыг “Хар жагсаалт”-д оруулсан гэх мэдээллийг монголчууд маш эмзэг хүлээж авсан. Тус холбоо яагаад Монголыг хар жагсаалтад оруулах болов, шалтгаан нь юу байв аа. Монголын эрх баригчдын гаргаж буй эдийн засгийн бодлого, шийдвэрээс гадна хууль, шүүхийн байгууллагын үйл ажиллагаа нөлөөлж байна уу?
-Европын Холбооны зүгээс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд маш нухацтай ханддаг. Энэ бол Холбооны хувьд тэргүүлэх байр суурь эзэлдэг асуудлуудын нэг юм. Холбооны зүгээс гишүүн орнууддаа маш өндөр шаардлага тавьдаг төдийгүй, тэдгээрийн биелэлтийг хангахыг хатуу шаардсаар ирсэн. Ийм ч учраас 2020 оны нэгдүгээр сарын байдлаар ЕХ-ны Мөнгө угаахтай тэмцэх 4-р удирдамжийг бүрэн хэрэгжүүлээгүй 16 зөрчил бүртгэгдэж, Холбооны шүүх дээр дээрх чиглэлийн дагуу мэдээлэл солилцохоос татгалзсан шалтгаанаар хоёр ч хэрэг шалгагдаж байна.
Гуравдагч орнуудын хувьд Европын Холбооны хар жагсаалт гэж байхгүй. Бид улс орнуудын өнгөөр ялгадаггүй. Харин Европын холбооноос "Өндөр эрсдэлтэй орнуудын жагсаалт" гэж гаргадаг. Тэрхүү жагсаалтаа FATF -аас гаргасан жагсаалттай харьцуулах тал дээр анхаардаг. Европын Холбооны гаргадаг өндөр эрсдэлтэй орнуудын жагсаалт 2016 онд хамгийн сүүлд шинэчлэгдсэн явдал нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн FATF-ын жагсаалтаас нэлээд хуучирсан болохыг илтгэж байна.
Монгол Улсын хувьд FATF-ийн “эрчимтэй хяналтад” буй орон хэвээр байсан тул Европын Холбоо өндөр эрсдэлтэй орнуудын жагсаалтаа шинэчлэхдээ нэмэх шаардлагатай болсон. Өөрөөр хэлбэл, Европын Холбооны жагсаалт 2018 оны аравдугаар сард шинэчилсэн FATF-ийн жагсаалтад орсон өөрчлөлтүүдийг тусгаагүй байсан юм. Европын Холбоо дотоод зах зээлээ мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой аливаа эрсдэлд өртүүлэхгүйн тулд тус жагсаалтыг FATF-ийн жагсаалт руу ойртуулах шаардлага тулгарч байна. Өнөөдөр дэлхий дахинд Сovid-19 вирусийн цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор дээрх жагсаалтыг баталсан хууль аравдугаар сарын 1-ээс эхлэн хэрэгжих юм.
-Хар жагсаалт гэж байхгүй гэж ойлголлоо. Тэгвэл Европын холбооны гаргадаг өндөр эрсдэлтэй орнуудын жагсаалтад Монгол Улс орсноор ямар эрсдэлүүд бий болох вэ?
-Өндөр эрсдэлтэй орнуудын жагсаалтад орсноор санхүүгийн системд сөрөг нөлөө үзүүлнэ. Европын холбооны банк санхүүгийн байгууллагууд болон аж ахуй нэгжүүд Монгол Улстай холбоотой аливаа гүйлгээ хийхдээ урьдынхаас илүү хянуур хандана гэсэн үг юм. Ингэснээр олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, FATF –ийн адилаар сайжруулсан арга хэмжээ буюу гишүүн орнуудаа эрсдэл өндөртэй орнуудтай хянуур ажиллахыг уриалж, анхааруулж байгаа явдал юм. Сайжруулсан арга хэмжээ гэдэг нь аливаа сэжигтэй гүйлгээ хийхээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоохын тулд банк, санхүүгийн байгууллага, аж ахуй нэгжүүдийн хийж буй гүйлгээнд нэмэлт хяналт тавина гэсэн үг юм. Эдгээр арга хэмжээ нь аливаа төрлийн хориг арга хэмжээ, хуулийн хүрээнд хийгдэж буй худалдааны харилцааг хязгаарлах, хөгжлийн хамтын ажиллагаанд саад учруулахгүй бөгөөд харин дор бүрнээ хянамгай байх шаардлагатай болж байгааг сануулсан үйлдэл юм. Үүнээс улбаалан Европын Холбооны гишүүн орнуудын аж ахуй нэгжүүд аливаа хамтарсан үйл ажиллагаагаа илүү няхуур хийх шаардлагатай. Жишээ нь, шаардлагай бол нэмэлт мэдээлэл авах, хянах, удирдлагын зөвшөөрөл авахыг хүсэх, буюу давхар аудит оруулах шаардлагатай болох юм.
–Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх асуудал Монголд харьцангуй шинэ ойлголт. Монгол терроризм хийдэггүй, НҮБ-ын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу мөнгө угаах зэрэг хөгжингүй орнууд, олон улсад яригддаг гэмт хэргүүдийг үйлдсэн баримт нотолгооны талаар би хувьдаа олж сонсож байгаагүй юм байна? Магадгүй ийм төрлийн асуудлууд ил биш нууцын зэрэглэлд судлагдаж, тандагдаж байдаг ч байж магадгүй юм?
-Санал нэг байна. Монгол Улс 2019 оны аравдугаар сараас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлд тодорхой арга хэмжээ авч эхэлснийг бид бүхэн мэдэж байгаа. Тухайлбал, илэрсэн зөрчилд санхүүгийн хяналт шалгалт хийх, хориг арга хэмжээ авах, хуурамч / зарлаагүй / мөнгөн тэмдэгтийг хураан авах зэргээр арга хэмжээ авч эхэлсэн байдаг нь маш зөв.
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, тэдгээрийг дэлгэрүүлэхийн эсрэг тэмцэхэд үүсч буй аливаа алдаа дутагдлыг илрүүлэхийн тул FATF –тай идэвхтэй хамтран ажиллаж нь чухал санагдаж байна. Монгол Улсын тодорхойлсон стратегийн дутагдлыг цаг тухайд нь хурдан шийдвэрлэхийг эрмэлзэж байгаа ч хяналтаа улам нэмэгдүүлэх шаардлагатай байна. Энэ асуудал ганцхан Монгол Улсын асуудал биш гэдгийг л ухаж ойлгох нь чухал байгааг хэлмээр байна.
–Монгол Улсын нэр хар жагсаалттай нэр холбогдож, сонгуулийн эмзэг үед олон тодорхойгүй зүйлс, хардлага үүсгээд эхэлчихлээ. Монгол Улс энэ жагсаалтаас гарахын тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?
-Монгол Улс мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд анхаарал татсан учир дутагдалтай асуудлуудыг харгалзан гарсан ажлын төлөвлөгөөг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хэрэгтэй нөхцөл байдалтай нүүр туллаа. Үүнд, нэгдүгээрт, санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдэд мөнгө угаах / терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн ойлголтыг сайжруулах, эрсдэлд суурилсан хяналт, ялангуяа үнэт металл, чулуун худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт тавих шаардлагатай. Хоёрдугаарт мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр тодорхойлсон эрсдэлийн дагуу аливаа мөнгө угаах үйл ажиллагаа, мөрдөн байцаалтын ажиллагаа уг хариуцлага нь гаргасан зөрчилтэй нийцсэн, дахин үйлдэгдэхээс сэргийлсэн шинжтэй байх нэмэгдсэнийг харуулах, мөн гуравдугаарт санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих зэрэг шаардлагуудыг хэрэгжүүлэх юм.
-Европын Холбооны улсуудаас Монгол Улсад өнөөдрийг хүртэлх хугацаанд тусалж дэмжиж байсан зээл тусламж, төслүүд саатах нь гэж ойлголоо. Европын холбоо яг ийм үед гуравдагч хөршүүддээ, бусад улсуудтай харилцах аливаа харилцаандаа ямар бодлого барьдаг нь сонин байна.
-Европын Холбооны жагсаалтад орсноор Монгол Улсын эсрэг ямар нэгэн санхүүгийн хориг арга хэмжээ авахгүй. Европын Холбооны гишүүн орнуудын санхүүгийн байгууллагуудтай хийж буй гүйлгээнд ямар нэгэн хориг тавигдахгүй. Монгол Улсад хэрэгжиж буй хөгжлийн хамтын ажиллагааны бодлого, тэдгээрийн хэрэгжилтэд саад тотгор учрахгүй.
Техникийн хамтын ажиллагаа шаардлагатай түншүүддээ дэмжлэг үзүүлэхээр бид энд маш шаргуу ажиллаж байна. Монголчуудын нэг давуу тал нь аливаа эрсдэлд орвол хамтын хүчээр давж гарч чаддаг уламжлалтай. Covid-19-ийн үед ч энэ нь илт харагдаж байгааг энэ улсад ажиллаж амьдарч байгаа хүний хувьд өдөр бүр мэдэрч байна. Бид ч дутагдалтай асуудлуудыг арилгаж, талуудын ашиг сонирхолд нийцсэн техникийн хамтын ажиллагааг улам сайжруулан, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх асуудлыг шийдвэрлэхэд илүү олон түншүүдээ дэмжихийг зорьж байна. Европын Холбооны жагсаалтад багтсан гуравдагч орнуудад аливаа хүмүүнлэгийн тусламж, хөгжлийн хамтын ажиллагаа, буцалтгүй тусламж, хөрөнгө оруулалт, төсвийн дэмжлэг үзүүлэхэд нөлөөлөхгүй. Нөлөөлж ч байгаагүй.
-Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханы шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөлөө. Европын холбооны төлөөлөгчийн газраас шүүх хурлын анхааралтай ажиглаж буйгаа илэрхийлээд, бамбарууш өгсөн байсан. Энэ шүүх хурлыг яагаад анхааралтай ажиглаж, ач холбогдол өгөх болов? Шүүх хурлын шийдвэрийг олон хүн эсэргүүцэж байна. Европын холбооны төлөөлөгчийн газрын ажиглалтаар шүүхийн шийдвэрийг юу гэж харж байна вэ? Хэдийгээр энэ манай улсын дотоод асуудал ч төрийн эрх барьж байсан улс төрч гэдгээр нь та бүхэн бас илүү ач холбогдол өгсөн байх.
-Монгол Улс хүний эрхийн хэд хэдэн олон улсын гэрээ конвенцоор соёрхон баталсан. Эдгээр гэрээ конвенцид иргэний болон улс төрийн эрх, эрх чөлөөний тухай олон улсын хэлэлцээр ч мөн багтана. Үүнд шүүх засаглалын нээлттэй байдал, урьдчилан цагдан хорих журам болон бусад эрх хамаардаг. Монгол Улс бол Европын холбооны GSP+ тогтолцооны давуу эрх ашгийг хүртэгч улс. Энэ нь Монголын 6500 орчим бараа бүтээгдэхүүн ЕХ-ны зах зээлд ямар ч татваргүй нэвтрэх боломжтой гэсэн үг юм. Энэхүү давуу эрхийг эдэлж, Монгол Улс олон улсын 27 гэрээ хэлэлцээрийг дагаж мөрдөх нэгдэн орсон. Эдгээр гэрээ хэлэлцээр нь иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын гэрээ конвенцууд юм.