“Монголын залуучуудад үг хэлэх эрх чөлөө алга“
Монгол хүн бүрт Үндсэн хуулиар баталгаажсан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бий. Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх эрх чөлөөгөө Монголын залуучууд эдэлж чадахгүй байгаагийн том жишээ өнөөдөр тохиов. Өмнө нь сошиал орчинд үг хэлэх эрх чөлөөгөө эдэлсэн хэмээн хуулийн байгууллагад дуудагддаг байсан бол өнөөдөр өөрсдийн үзэл бодол, үг хэлэх эрхээ эдэлж, жагсаал зохион байгуулсан залуучуудыг баривчилсан юм.
Бид ардчилсан нийгэмд шилжиж үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх маш том эрх чөлөөг өнөөдрийг хүртэл эдэлж ирсэн болохоос хуулийн байгууллагаар айлган сүрдүүлж, Үндсэн хуульд заасан хамгийн том эрх чөлөөнд халдаж буй энэ үйлдэлтэй олон залуучууд санал нийлэхгүй гэдгээ сошиал орчинд ч илэрхийлээд байна.