МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН 2019 ОНЫ ОНЦЛОХ 19 АЖИЛ
Эрх зүйн шинэ орчинг бүрдүүлэв
Төрийн албаны тухай шинэ хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан хуулийг дагалдан гарах 40 гаруй дүрэм, журмыг УИХ, Засгийн газрын дэмжлэг, идэвхтэй хамтын ажиллагааны дүнд шуурхай боловсруулан, батлан гаргав.
Шинэ дүрэм, журмыг мөрдүүлж эхэлснээр улс төрөөс хараат бус, мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлэх эрх зүйн шинэ орчин бүрдэж, албан тушаалын тодорхойлолтод заасан мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлагын шаардлагыг хангасан иргэд нээлттэй, шударга өрсөлдөөнт сонгон шалгаруулалтаар төрийн албанд орох, одоо ажиллаж байгаа төрийн албан хаагч нар тогтвортой ажиллах, чадахуйн зарчмын дагуу шатлан дэвших боломж нөхцөл хангагдлаа.
Төрийн албаны шинэтгэлийн бодлого, үйл ажиллагаа, шинэ хуулийн сурталчилгааг өргөн хүрээнд зохион байгуулав
Төрийн албаны зөвлөл НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн дэмжлэгтэйгээр нийслэл, 21 аймагт ажиллаж, төрийн албаны хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлын явцтай танилцсаны зэрэгцээ шинэ хууль, шинэчлэн баталж гаргасан дүрэм, журмуудыг төрийн байгууллага, албан хаагчдад болон олон нийтэд сурталчлан таниулж, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон мэргэшил, арга зүйн зөвлөгөө өглөө.
Энэхүү үйл ажиллагааг төрийн болон нутгийн захиргааны байгууллагын 6500 гаруй төрийн албан хаагчийг хамруулан улсын хэмжээнд зохион байгуулснаар төрийн албаны шинэтгэлийн үзэл санаа, төрийн албаны тухай шинэ хуулийн зорилго, зарчим, зохицуулалт, шинээр батлагдсан дүрэм, журмуудыг төрийн байгууллага, албан хаагчид нийтээрээ нэг мөр ойлгон зөв хэрэглэх, нэгдсэн зорилго, чиглэлтэйгээр хэрэгжүүлэх, нийгмийн сэтгэлгээг төрийн албаны шинэчлэлд бэлтгэхэд ихээхэн үр нөлөөтэй болно.
“Хуулиа дээдэлсэн, иргэдээ эрхэмлэсэн төрийн албаны төлөө” уриатай нэгдсэн сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, Салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүд, хүний нөөцийн асуудал хариуцсан албан хаагчдыг хамруулж, төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлэх асуудлаар мэдээлэл өгч, санал солилцон цаашдын зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээг хамтран тодорхойлов.
Төрийн албаны шинэтгэлийн стратегийн төслийг боловсруулав
Монгол Улсын Их Хурлын 2004 оны 24 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын төрийн албаны шинэтгэлийн дунд хугацааны стратеги”-ийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, төрийн албаны шинэтгэлийг 2030 он хүртэл хэрэгжүүлэх дунд хугацааны стратегийн баримт бичгийн төслийг төрийн албаны хөгжлийн бодлого төлөвлөлтөөр мэргэшсэн үндэсний болон гадаадын экспертүүдийн оролцоотойгоор боловсрууллаа.
Монгол Улсын төрийн байгууллага НҮБ-ын шагналд нэр дэвших боломжийг нээв
Монгол Улсын төрийн албаны шинэтгэлийг олон улсын хамтын нийгэмлэгээс дэмжиж буйгаа илэрхийлж НҮБ-аас жил бүр олгодог төрийн албаны хүндтэй шагналд Монгол Улсын төрийн байгууллагуудаас нэр дэвшүүлэх болон НҮБ-ын төрийн албаны экспертүүдийн чуулганд оролцох урилгыг ирүүлсэн.
“Төрийн албаны менежментийн хөгжлийн асуудал” форумыг Орхон аймагт зохион байгуулж, ухаалаг, цахим засаглалын чиглэлээр хийсэн ажил, ололт амжилтыг нь үнэлэн Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийг нэр дэвшүүлэхээр тогтсон.
Олон улсын энэхүү арга хэмжээнд Монгол Улсын төлөөллийг тогтмол оролцуулж, төрийн албаны шинэтгэлийн хүрээн дэх онцлог ажлаасаа нэр дэвшүүлэн олон улсын тавцанд үнэлж дүгнүүлэх, үндэсний хэмжээнд төрийн албаны нэр хүнд дээшлэх эхлэл тавигдав.
VUCA орчны талаарх ойлголтыг түгээв
Орчин үеийн олон улсын практик шалгуурыг давж, судлаач, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан төрийн онол, менежментийн сурах бичиг, зохиол бүтээлийг сонгон зохиогчийн эрхийг авах гэрээ байгуулан нийтийн хүртээл болгож байна.
Хувьсамтгай, тодорхойгүй, төвөгтэй, эргэлзээтэй VUCA орчинд ажиллах төрийн албаны удирдах ажилтны эзэмшвэл зохих ур чадварын тухай Сингапурын үндэсний их сургуулийн Ли Кван Югийн нэрэмжит Төрийн бодлогын сургуулийн профессор Зегер Вандер Валын “21 дүгээр зууны төрийн албаны менежер” номыг монгол хэл дээр хөрвүүлэн нийтийн хүртээл болголоо. Хандлага, сэтгэлгээний олон чухал шинэ санаа дэвшүүлэн тавьж, холбогдох арга хэрэгслүүд, олон улсын амжилт, алдаа оноог толилуулсан энэхүү чухал ач холбогдолтой бүтээлийг төрийн албан хаагчдын хүртээл болголоо.
VUCA орчинд төрийн албыг хэрхэн үр ашигтай удирдан зохион байгуулахтай холбоотой мэдлэг, ур чадвар эзэмшүүлэхэд төрийн албаны тэргүүн, эрхэлсэн түшмэлийн багц сургалтуудыг чиглүүлэн ажиллаж байна.
Төрийн албаны сургалтын тогтолцоог бүрдүүлж жигдрүүлэв
Шинжлэх ухаан, технологийн асар хурдацтай хөгжил, байгаль цаг уурын эрчимтэй өөрчлөлт зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан дэлхий нийтээр “мэдэгдэж байгаа”, бас “үл мэдэгдэх” олон сорилтуудтай тулгарч буй энэхүү нөхцөл байдалд төрийн албыг тасралтгүй явуулж, аливаа сорилтуудыг бэрхшээл, хохирол багатай даван туулах чадвар бүхий мэдлэг, ур чадвартай, мэдээлэл боловсруулж чаддаг төрийн албан хаагчийг бэлтгэх замаар “алдаагүй бодлогыг чадварлаг ажилтан хэрэгжүүлсний үр дүнд, иргэд, олон нийт айдасгүй, амьдралын баталгаатай” болно гэдэг бодлогыг төрийн албаны шинэтгэлийн чухал хэсэг болгон баримтлан ажиллаж байна.
Төрийн албаны сургалтын байгууллагатай хамтран төрийн албан хаагчийн богино, дунд хугацааны болон тэргүүн, эрхэлсэн, ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтын агуулга, хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхэлснээр Монгол Улсын төрийн албаны сургалтын нэгдсэн тогтолцоо бий боллоо.
Ийнхүү төрийн жинхэнэ албан хаагчдад албан тушаалын ангилал, зэрэглэлд нь тохирсон мэдлэг, ур чадварыг эзэмшүүлж эхэлснээр мэргэшсэн, чадварлаг төрийн албыг бэхжүүлэх суурь нөхцөл бүрдлээ.
Хуулийн хэрэгжилтийг хангуулав
Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг төрийн байгууллагуудад шалгаж зөвлөн туслах ажлыг төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудад төлөвлөн хэрэгжүүлэв. Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах ажлын хүрээнд төрийн албан тушаалаас хууль бусаар чөлөөлөгдсөн, халагдсан нь тогтоогдсон 21 төрийн жинхэнэ албан хаагчийг Төрийн албаны зөвлөлийн шаардлагаар өмнө эрхэлж байсан албан тушаалд нь буцааж томилуулав.
Иргэд, төрийн албан хаагчдаас эрх зөрчигдсөн маргаантай холбоотой 423 өргөдөл, гомдлыг хүлээн авч холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан шийдвэрлэж, төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэв. Агуулгаар авч үзэхэд, өргөд гомдлын 34 хувь нь төрийн албан хаагчийн зэрэг дэв, цалин хөлс нэмэгдүүлэх, тусламж, дэмжлэг хүсэх, нийгмийн баталгаа хангуулахтай холбоотой, 24 хувь нь хууль бусаар ажлаас халагдсан тухай, 15 хувь нь хууль бусаар сахилгын шийтгэл ногдуулсан тухай, 11 хувь нь шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байгаа тухай, 9 хувь нь төрийн албан тушаалд хууль бусаар томилогдсон тухай, 8 хувь нь төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой байв.
Төрийн албаны үйл ажиллагаанд хүний нөөцийн аудит хийх бэлтгэл хангагдлаа
Хүний нөөцийн аудит нь байгууллагын хүний нөөцийн удирдлагын үйл ажиллагаанд үнэлгээ хийх, одоогийн болон ирээдүйн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд зөвлөх, туслах зорилготой, тусгай шалгуур бүхий мэргэжлийн, бие даасан, хараат бус арга ажиллагаа юм.
Аудитын дээд байгууллагуудын олон улсын нийгэмлэг (ИНТОСАИ)-ээс батлан гаргасан Төрийн аудитын үндсэн зарчмууд, Монгол Улсын Үндэсний стандартад нийцүүлэн байгууллагын “Хүний нөөцийн аудитын стандарт”, аргачлал, гарын авлага, холбогдох дүрэм, журмыг боловсруулаад байна.
Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих мэргэшсэн аудиторуудыг бэлтгэх ажлыг эхлүүлж, чадахуйн зарчим (мерит)-ын хэрэгжилтийн талаар төрийн байгууллагын үйл ажиллагаанд хүний нөөцийн аудит хийх ажлын суурийг тавилаа.
Чадахуйн зарчмыг хэрэгжүүлэх үндсэн нөхцөлийг бүрдүүлэв
Чадахуйн зарчмыг хэрэгжүүлэх гэдэг нь нэгдүгээрт, хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх хүрээнд салбарын хүний нөөцийн бодлогын бичиг баримт, хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр, төрийн албаны хууль, тогтоомжид нийцүүлэн тухайн албан тушаалд хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлагыг шалгуур болгон уг шалгуурыг хамгийн сайн хангаж байгаа хүнийг сонгон шалгаруулж томилох, хоёрдугаарт, гүйцэтгэлийн удирдлагыг хэрэгжүүлэх хүрээнд албан хаагчийн ажлын гүйцэтгэлийг төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах, урамшуулах, өөрчлөлтийг удирдах, ажлын гүйцэтгэлийг үнэлэх, гүйцэтгэлийн үнэлгээнд үндэслэн дэвшүүлэх, шагнаж урамшуулах цогц үйл ажиллагаа болох ажлын гүйцэтгэлийг үнэлэх явдал юм.
Төрийн байгууллагуудыг чиг үүргийн шинжилгээ хийлгэн албан тушаалын тодорхойлолт шинээр боловсруулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, Төрийн албаны зөвлөлөөс 16.0 мянга гаруй албан тушаалын тодорхойлолтыг хянан хэлэлцэж, томилох эрх бүхий албан тушаалтанд батлах зөвшөөрөл олгосноор хуульд заасан болзол, шалгуур, мэргэжил, ур чадварын шаардлагыг хангасан иргэн шударга өрсөлдөөний зарчмаар төрийн албанд ажиллах, улмаар шатлан дэвших тогтолцоо бүрэлдэх суурь тавигдлаа.
Хууль бус томилгоог хүчингүй болгов
Төрийн албаны зөвлөлөөс 2019 онд төрийн захиргааны 14 байгууллагад хяналт шалгалт хийж, төрийн захиргааны албан тушаалд 149 иргэнийг, төсвийн байгууллагын шууд захирагчийн албан тушаалд 28 иргэнийг, нийт 177 хүнийг хууль зөрчин томилсныг илрүүлж, зөрчлийг арилгаж 65 албан хаагчийг албан тушаалаас нь чөлөөлүүлэв.
Хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд хариуцлага тооцсоноос гадна нийтлэг илэрч байгаа зөрчил дутагдлыг давтан гаргуулахгүй байхад анхаарч заавар, зөвлөгөө өгч ажиллав.
Төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг эхлүүлэв
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын мэдээнээс харахад, хууль бусаар албан тушаалаас чөлөөлөгдсөн төрийн албан хаагчдад ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг улсын төсвөөс олгосны улмаас төрд учруулсан хохирлын хэмжээ буурахгүй байна.
Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсан нь тогтоогдсон нөхцөлд төрд учруулсан хохирлыг буруутай шийдвэр гаргасан албан тушаалтнаар нөхөн төлүүлэх шаардлага хүргүүлж, шаардлагыг зөвшөөрөөгүй нөхцөлд төрийг төлөөлөн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган ажиллав.
Төрд учруулсан хохирлыг буруутай этгээдээс нөхөн төлүүлэх шаардлага бүхий Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснээр буруутай шийдвэр гаргасан томилох эрх бүхий албан тушаалтанд эдийн засгийн хариуцлага хүлээлгэх ажлын эхлэл болов.
Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудалд онцгой анхаарав
Төрийн албан хаагчийн ёс зүйн эрх зүйн зохицуулалт болон ёс зүйн асуудлаар арга зүйн цуврал сургалтууд зохион байгуулж, 1400 албан хаагчийг хамруулан, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажиллав.
Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагууд, яам, агентлагийн хуулийн хэлтсийн дарга, холбогдох ажилтнуудыг хамруулан зохион байгуулсан бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож, төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх талаар тодорхой үүрэг чиглэл өгөв. Энэхүү хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан болон бичгээр ирүүлсэн саналуудыг нэгтгэн судалж, санал бэлтгэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүллээ.
УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэмд өөрчлөлт оруулж, төрийн албан хаагч гадаад улсад мөрийтэй тоглоом, казино тоглохыг хориглох шийдвэр гаргасныг танилцуулж, төрийн албан хаагчдын ёс зүйг дээшлүүлэхэд онцгой анхааран ажиллахыг зөвлөв.
Төрийн албаны ерөнхий шалгалтыг цахимаар зохион байгуулав
Төрийн албаны зөвлөл төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтыг анх удаа цахим хэлбэрээр улс орон даяар зохион байгууллаа.
Ерөнхий шалгалтад нийт 8894 хүн оролцсоноос 1116 хүн тэнцэж төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдэж, цаашид төрийн жинхэнэ албаны сул орон тооны тусгай шалгалтад орох эрхтэй боллоо. Ерөнхий шалгалтын үйл ажиллагаанд аймаг, нийслэлийн салбар комисс болон нийт 342 албан хаагч дэмжлэг үзүүлж ажилласан бөгөөд шалгалт авах 34 анги танхимд 1502 компьютер, шалгалтын явцыг олон нийтэд нээлттэй ил тод харуулах, хөндлөнгийн хяналтыг тогтоох зорилгоор шалгалт зохион байгуулж буй анги танхимын гадна талд 40 дэлгэц байршуулан сонирхсон иргэдэд шалгалтын үйл явцыг нээлттэй байлгах боломжийг хангаж ажиллав.
Төрийн албаны ерөнхий шалгалт, шалгалтын явц, дүнгийн талаар 2 удаа хэвлэлийн бага хурал зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан үйл ажиллагаагаа сурталчилж, шалгалтын зохион байгуулалт, бэлтгэл ажлын талаар Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах 22 салбар комиссын гишүүдийг оролцуулан цахим хурал хийж ажилласан нь цаг хугацаа, зардал хэмнэсэн үр дүнтэй ажил болсон юм.
Төрийн албаны тусгай шалгалтын журам хэрэгжиж эхлэв
Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоог нээлттэй сонгон шалгаруулалт болон Төрийн албаны зөвлөлийн дүгнэлтээр, гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нээлттэй сонгон шалгаруулалтаар болон төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаа төрийн албан хаагчдаас нөхдөг байсныг Төрийн албаны тухай шинэ хуулиар төрийн албанд ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас чадахуйн зарчим, шатлан дэвшүүлэх тогтолцоонд суурилсан сонгон шалгаруулалтаар, боломжгүй тохиолдолд нөөцөд бүртгэлтэй иргэдээс нөхөхөөр журамлан өөрчилсөн билээ.
Төрийн албаны шалгалтын тестийн агуулгыг эрдэмтдийн оролцоотой шинэчлэв
Төрийн албаны сонгон шалгаруулалтын зарчмын нэг өөрчлөлт бол төрийн албаны шалгалтын агуулгын шинэтгэл юм.
Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу хууль эрх зүй, монгол хэлний ур чадвараас гадна Монгол Улсын түүх, нийгэм, эдийн засаг, соёлын мэдлэг болон удирдан зохион байгуулах, дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх, манлайлах, багаар ажиллах ур чадварыг шалгах сорил, бодлогын даалгавар, эссэг шинээр оруулж, шалгалтын агуулгын хүрээг өргөжүүлэв.
Энэ ажлын хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн санхүүжилтээр эрдэмтэн, судлаачдын зөвлөх үйлчилгээг авч, “Асуудал шийдвэрлэх чадварыг тогтоох”, “Дүн шинжилгээ хийх чадварыг тогтоох”, “Багаар ажиллах чадварыг тогтоох”, “Удирдан зохион байгуулах чадварыг тогтоох”, “Манлайлах чадварыг тогтоох” шалгалтын санг шинээр бий болгох ажлыг зохион байгуулж, эдгээр таван ур чадвар тус бүрээр авах шалгалтын 500, нийт 2500 тест, асуулт, бодлогын даалгавар, эссэний сэдэв бүхий санг эрдэмтдийн оролцоотой бүрдүүлж, төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтад ашиглаж байна.
Төрийн албаны тухай хууль (шинэчилсэн найруулга), Захиргааны ерөнхий хууль, Зөрчлийн тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай, Төрийн болон албаны нууцын тухай болон хүний эрхийн холбогдолтой хууль тогтоомж, УИХ-ын 2016 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрийн зорилт”-ыг багтаасан нийт 1552 сорилыг шинээр оруулсан “Төрийн албаны мэргэшлийн шалгалт, сонгон шалгаруулалтад бэлтгэх гарын авлага”-ыг бэлтгэн хэрэглээнд оруулав.
Төрийн албаны тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал
Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны тайланд төрийн албаны тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналыг тусгаж байхаар Төрийн албаны тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.3-т заасан билээ.
Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиудыг судлан үзэж, Төрийн албаны тухай хуульд нийцүүлэх, хууль хоорондын уялдаа холбоог хангах, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор эхний ээлжинд нэн шаардлагатай гэж үзсэн 24 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн саналыг боловсруулав.
Улс төрөөс хараат бус төрийн албыг төлөвшүүлэх, төрийн албан хаагчийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилох, Төрийн албаны тухай хуульд тусгайлан заасан шүүхийн шийдвэрийн бүртгэл хөтлөх, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, хөдөлмөрийн харилцааг тодорхой болгох зохицуулалтыг эдгээр хуулийн төсөлд тусгасан болно.
Төрийн албан хаагчдад зориулсан арга зүйн сургалтыг бий болгов
Төрийн байгууллага, албан хаагчдаас ирүүлсэн санал, хүсэлтийн дагуу Төрийн албаны тухай хууль, шинээр батлагдсан дүрэм, журмуудын талаар мэдээлэл өгөх, сурталчлах, арга зүйн зөвлөмж өгөх сургалтуудыг яам, агентлаг, аймаг, нийслэл, сум, дүүргийн нийт 760 төрийн байгууллагад зохион байгуулж давхардсан тоогоор 5584 албан хаагчийг хамруулав.
Төрийн албаны тухай хууль, холбогдох дүрэм, журмуудыг хэрэгжүүлэхтэй холбогдсон арга зүйн сургалтад яам, агентлаг, аймаг, нийслэл, сум, дүүргийн 511 төрийн байгууллагын 3868 албан хаагчийг, албан тушаалын тодорхойлолт боловсруулах журмын талаар зөвлөгөө өгөх арга зүйн сургалтад төрийн 47 байгууллагын 579 албан хаагчийг, төрийн үйлчилгээг ёс зүйтэй, ил тод, нээлттэй, тэгш хүртээмжтэй, давхардал чирэгдэлгүй хүргэхтэй холбогдсон арга зүйн сургалтад төрийн 106 байгууллагын 764 албан хаагчийг, төрийн байгууллага, албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийг тайлагнахтай холбогдсон арга зүйн сургалтад төрийн 4 байгууллагын 223 албан хаагчийг тус тус хамруулав.
Гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэв
Гадаад улс орнуудын төрийн албаны сайн туршлага, шилдэг менежментийг судлах, өөрийн орны онцлогт тохируулан нутагшуулах ажлын хүрээнд гадаад харилцаа, хамтын ажиллагаа идэвхжүүлэн өргөжүүлэв.
Мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай, ёс зүйтэй төрийн албыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй Монгол Улсын төрийн албаны шинэтгэлийг гадаад орнууд, олон улсын байгууллагууд талархан дэмжиж байна.
Канад, Сингапур, Энэтхэг, Бүгд найрамдах Солонгос улсын ижил төрлийн байгууллагатай харилцаа тогтоож, хамтран ажиллаж байгаагийн зэрэгцээ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь”, Канад улсын Засгийн газрын санхүүжилттэй “Мерит” төслөөс дэмжлэг авч байна.
Хүний нөөцийн нэгдсэн системийн хэрэглээг өргөтгөж байна
Төрийн албаны зөвлөлийн “Хүний нөөцийн нэгдсэн систем”-ийн мэдээллийн санг байнга баяжуулан төрийн байгууллага, албан хаагчийн мэдээллийг 30 гаруй бүлэг үзүүлэлтээр нэгтгэн боловсруулж Монгол Улсын төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийг хөтөлж байна. 2019 оны байдлаар, Хүний нөөцийн системд улсын төсвийн санхүүжилттэй төрийн 4374 байгууллага, 198463 төрийн албан хаагч бүртгэлтэй байна.
Хүний нөөцийн систем дэх төрийн байгууллага, албан хаагчдын мэдээллийг боловсронгуй болгон хөгжүүлэх, тайлан мэдээллийг нарийвчлах зорилгоор Үндэсний статистикийн хороотой хамтран “Төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийн статистикийн албан ёсны мэдээний маягт, нөхөх заавар”-ыг баталлаа. Сангийн яамны “Төрийн байгууллагуудын цалингийн нэгдсэн систем”-ийг Хүний нөөцийн системтэйгээ холбон мэдээлэл солилцох боломжийг нээснээр төрийн албан хаагчдын цалинг цахим хэлбэрээр тооцон хувийн дансанд нь шууд шилжүүлэх ажлын эхлэл тавигдаж, төрийн 30 байгууллагад туршилтаар хэрэгжиж байна. Энэ хамтын ажиллагааг бүрэн хэрэгжүүлсний үр дүнд албан тушаалын батлагдсан орон тооноос илүү томилгоо хийж цалинжуулах зөрчил арилж, төсвөөс цалинждаг төрийн бүх байгууллагууд бүртгэлийн системд бүрэн хамрагдах, мэдээллийн бодит байдал илүү сайн хангагдах ач холбогдолтой болох юм.
“Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төсөлтэй хамтран Хүний нөөцийн системийг шинжлэх ухааны судалгааны хэрэгцээ, төрийн албаны шаардлага, хууль, стандартад нийцүүлэн өргөтгөж, үүлэн технологи, их өгөгдөлд суурилсан Төрийн албаны хүний нөөцийн удирдлагын мэдээллийн систем болгон хөгжүүлэх ажлыг эхлүүлэв.
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ