Өчигдөр 397 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй
Манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх болон шинжилгээний хариуг танилцуулж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн нэг салбар лабораторид нийт 397 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй.
Тодруулбал, тандалтын зорилгоор цуглуулсан таван сорьцод коронавирус илрээгүй. Сорьцыг Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг, улсын гуравдугаар төв эмнэлгээ авсан.
ХӨСҮТ-д тусгаарлагдсан 49, ажиглах байранд тусгаарлагдсан 282, Өмнөговь аймагт тусгаарлагдсан 7, Замын-Үүдэд тусгаарлагдсан 18 хүний давтан шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй.
Мөн дөрөвдүгээр сарын 30-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илрээгүй.
Алтанбулагийн боомтоор орж ирсэн 36 ачаа тээврийн жолоочийн сорьцод коронавирус илрээгүй.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 107 хүн ажиглалт, эмчилгээ, тандалтад байна" гэв.