Арван удаа хойшилсон Б.Махбалыг шүүх хурал өнөөдөр болно
Шүүгдэгч Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.05.08/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Түүнд холбогдох шүүх хурал дөрөвдүгээр сарын 20-нд товлогдсон шүүгдэгчийн өмгөөлөгч нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэмж шинээр өмгөөлөгч авах хүсэлт гаргасан учраас шүүх хуралдааныг өнөөдөр товлосон нь энэ юм.
Тодруулбал, 2019 оны нэгдүгээр сард болсон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хойш Б.Махбалын шүүх хурал нийт арван удаа хойшилжээ.
Б.Махбалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1 дэх хэсэг буюу хүнийг онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн гэх зүйлчлэлээр хоёрдугаар сарын 11-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.