Хар тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлийг таниулах ажлыг зохион байгуулна
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой 600 гаруй хэрэгт 1100 гаруй хүн холбогджээ. ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас ирүүлсэн мэдээгээр нийт хэргийн 80 гаруй хувь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд холбогдогчийн 80 орчим хувь нь 35 хүртэлх насныхан байгаа юм.
Тиймээс Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай хамтран ухуулга, нөлөөллийн ажлыг эхлүүллээ.
Улаанбаатар хотын иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдруулах, болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийнхээ хүрээнд Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс хар тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлийг таниулах ажилд 100 сая төгрөг төсөвлөөд байна. Тус хөрөнгөөр залуус мансууруулах бодис хэрэглэгч болон түүнд донтогч болж байгаа шалтгаан нөхцөлүүдийг судлахаас гадна ухуулга нөлөөллийн ажил зохион байгуулах юм.