Ерөнхий сайд асан М.Энхсайханд 4.6 жилийн хорих ял оноолоо
Гурван өдрийн турш үргэлжилсэн Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох шүүх хурал өнөөдөр дууссан.
Түүнийг Нийслэлийн прокурорын газраас
-“Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй шалгаруулалтыг зохион байгуулах, гэрээ байгуулах Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газрын “Таван толгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг хэрэгжүүлэх Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн удаа дараагийн зөвлөмж, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг баталсан Улсын Их Хурлын тогтоол зэргийг зөрчиж, “Шинхуа Энержи, Энержи Ресурс болон Сумитомо корпорац”-ийн түншлэлд давуу байдал бий болгон Монгол Улсын эдийн засагт илт хохиролтой гэрээг батлуулах зорилгоор эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан,
-Таван толгойн цахилгаан станц” төслийн нэгжийн захирлаар ажиллаж байхдаа төрсөн дүүгийнхээ болон түүний хүүгийн нэр дээр үүсгэн “ЕАС” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй Тоёота Лексус 570 маркийн тээврийн хэрэгслийг тухайн үеийн зах зээлийн ханшнаас 55.000.000 төгрөгөөр илүү үнээр буюу 130.000.000 төгрөгөөр “Таван толгойн цахилгаан станц” төслийн нэгжид худалдан авч эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Ингээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт нэгтгэн шүүгдэгч М.Энхсайханд Нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, эрх хасах ялыг хугацаатай хорих ял эдэлж дууссан цагаас эхлэн тооцож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтсон байна.