ГБХЗХГ-аас эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа 90 өрхөд тусламж үзүүлэн ажиллаж байна

2020 оны 5 сарын 07

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын алба хаагчид тавдугаар сарын 1-нээс эхлэн нийслэлийн есөн дүүрэгт эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа 90 өрхийн амьдарч буй орчин, нөхцөл байдалтай танилцаж, шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. 

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, өнгөрсөн мягмар гаригт /2020.05.05/ Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга О.Мягмарсүрэн нараар ахлуулсан ажлын хэсгийнхэн тус дүүрэгт ажиллаж, “Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдийг илрүүлэх, хэрэгцээг тодорхойлох түргэвчилсэн үнэлгээ” хийх үеэр эрсдэл өндөртэй гэж гарсан айлуудаар явж нөхцөл байдалтай танилцахын зэрэгцээ хүнс тэжээлийн туслалцаа үзүүллээ.

Тодруулбал, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, БСШУС-ын сайд, Эрүүл мэндийн сайд хамтран “Гэр бүлийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хараа хяналттай байлгах, болзошгүй осол гэмтэл, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний удирдамж”-ийг баталсан. Энэхүү удирдамжийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас “Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдийг илрүүлэх, хэрэгцээг тодорхойлох түргэвчилсэн үнэлгээ”-г өнгөрсөн гуравдугаар сард улсын хэмжээнд зохион байгуулсан юм.

Түргэвчилсэн үнэлгээнд нийт 109.991 өрх хамрагдсан бөгөөд нийт өрхийн 19 хувь буюу 20 мянган өрх эрсдэлтэй, 47.6 хувь буюу 50 мянган өрх цаашдаа хөл хорио тогтоох арга хэмжээ үргэлжилбэл эрсдэлт нөхцөл рүү шилжих магадлалтай гэсэн дүн мэдээ гарсан. Мөн хөл хорионы үеэр хүүхдээ хараа хяналтгүй гэрт нь бие даалган үлдээдэг, өрхийн зөвхөн нэг гишүүн хөдөлмөр эрхэлдэг, тогтмол орлогогүй байна гэсэн судалгаа гарсан төдийгүй эдгээр өрхөд 200 мянга гаруй хүүхэд амьдарч байна гэсэн. Иймээс Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хэд хэдэн ажлын хэсэг гарч, тавдугаар сарын 1-нээс 8-ны хооронд дээрх айлуудаар орж, нөхцөл байдалтай танилцсан дэмжлэг туслалцаа үзүүлж буй  нь энэ. 

Дэд даргаар ахлуулсан ажлын хэсгийн очсон эхний айл нь иргэн н.Одгэрэлийнх. Тэднийх ам бүл тавуулаа. 22-оос 16 насны гурван хүүхэдтэй. 16 жилийн өмнө Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотод шилжин ирсэн. Хотод ирсэн цагаасаа орцны жижүүр хийж байгаа. Гурван хүүхэд нь гурвуулаа хэл яриа болон сонсголын бэрхшээлтэй. Уг нь бага хүү нь Яармагийн 63 дугаар сургуульд сурдаг байсан ч нэгдүгээрт хэл ярианы бэрхшээл, хоёрдугаарт өмссөн хувцаснаасаа ичээд суургуулиа орхисон. Уг нь гарын дүйтэй. Түүний чин хүсэл нь гангуурчин болох. Одгэрэлийн дунд хүү нь мөн л Яармагийн 63 дугаар сургуулийг дүүргэсэн. Сонсгол муу ч хичээл номондоо сайн байсан. Сургуульд сурч байхдаа гадаад руу нэг удаа Жүдогийн тэмцээнд явж байсан. Одоо инженер мэргэжлээр сурч байгаа ч хөл хорио тогтоосон учраас барилгын ажил хийн аав ээждээ тусалдаг. Харин том охин нь группийн мөнгө гэж сард 104 мянган төгрөг авдаг. Аав, ээж хоёр нь хоёулаа орцны жижүүр, цэвэрлэгч хийдэг учраас подвалд амьдардаг. Уг нь дүүргийнхээ холбогдох албаны хүмүүст гэртээ болгож өгнө үү гэсэн хүсэлтийг удаа дараа тавьсан ч нэмэр болоогүй. Нас 50 хүрч байгаа учраас удахгүй тэтгэвэрт гарна. Насаараа подвалд амьдрах аргагүй учраас өөрсдийн гэсэн орон гэр, газартай болчихвол болох гээд байна. Тэтгэвэрт гарлаа гэхэд гурван хүүхдээ аваад гудамжинд гаралтай биш хэмээн өрхийн тэргүүн Одгэрэл өгүүлж байв. Мөн тэтгэвэр тогтоолгоход ч хүндрэл бэрхшээл гарч буй тухай өгүүлж байсан юм.

Энэ үеэр ГБХЗХГ-ын Дэд дарга Б.Халиун агентлагийн зүгээс хийж болох бүх туслалцаа дэмжлэгийг үзүүлэхийн зэрэгцээ бага хүүг нь гагнуурчин болох мөрөөдлөө биелүүлэхэд нь туслахын тулд МСҮТ-үүдтэй холбох мөн дунд хүүгийнх нь сурдаг сургуультай холбогдож, сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх зэрэг асуудлаар судалж дэмжлэг үзүүлнэ гэдгээ хэлж байсан юм.

Ажын хэсгийн очсон дараагийн айл нь Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны.... байрны подвалд амьдардаг Мөнхсайханых. 3-20 насны гурван хүүхэдтэй. Том охин нь Этүгэн дээд сургуулийн Сувилахуйн ангид сурдаг. Уг нь нэгдүгээр курстээ  Их эмчийн ангид сурч байсан ч төлбөр нь 3 сая төгрөг давсан учраас амьдралын боломж ахуйдаа тааруулан хоёрдугаар курсээсээ Сувилахуйн анги руу шилжсэн. Уг нь энэ ангийн төлбөр нь 2.5 сая. Гэвч хөл хорио тогтоосон үед цахимаар хичээлээ үзэх, кредитний мөнгө гэсээр төлбөр нь 3 сая төгрөг болоод байгаа. Ээж Мөнхсайхан нь хувийн нэхмэлийн үйлдэрт ажилладаг ч  Короногоос болоод үйлдвэр нь хаалгаа барьсан. Одоо тэдний амьдралыг залгуулж буй ганц баялаг нь хэдэн жилийн өмнө жирэмсний амралтын мөнгөөрөө авч байсан нэхмэлийн ногоон машин. Бас хүүхдийн 20 мянган төгрөг гэж байв. Мөнхсайханы хувьд хүнсний талон авахын тулд хаана хандах мөн хүүхдийнхээ сургуулийн захиргаатай уулзаж, сургалтын төлбөрийг нь тодорхой хувиар хөнгөлөөд өгвөл амьдралд нь их нэмэр болно гэдгийг учирлаж байсан.

Харин дараагийн айл нь Дуламханд хэмээх 80 гарсан буурайгийнх. Өөрөө хэдэн жилийн өмнө цус харваж, хэвтэрт орсон. Том охин нь 60 гарсан ч сэтгэцийн өөрчлөлттэй. Хүү нь группийнх. Уг нь хүү нь эхнэр авч хоёр сайхан хүүтэй болсон. Гэвч бэр нь хань, хүүхдүүдээ орхиж  өөр хүнтэй гэр бүл болсон. Бага нь ээжийгээ санаж байна гээд уйлаад байсан учраас ээж нь хоёр хүүгээ дөнгөж өчигдөрхөн аваад явсан. Дуламханд гуайн хүү хэдийгээр группт байдаг ч нэхмэлийн машинаар юм нэхэж зардаг. Сүүлийн үед хүмүүсийн орлого муудаад юм нь зарагахгүй байгаа ч дөнгөж сая бараануудаа аваад гарлаа хэмээн хэвтэрт байгаа хөгшин өгүүлсэн юм. Мөн төрийн байгууллагын алба хаагчид гэрт нь ирж, амьдрал ахуйтай нь танилцахын зэрэгцээ зайлшгүй хэрэгтэй тусламж дэмжлэг үзүүлсэнд чин сэтгэлээсээ талархаж байна хэмээсээр үлдсэн. 

 Энэ бол  нийслэлийн 9 дүүргийн эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа 90 өрхийн төлөөлөл болох гурван айлын ахуй байдал бөгөөд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас тусламж дэмжлэг нэн шаардлагатай айлуудаар орж, хөл хорионы үеэр хэрхэн яаж амьдрал ахуйгаа болгож буйтай танилцахын зэрэгцээ тусламж дэмжлэг үзүүлсэн нь энэ байлаа.  

Энэ үеэр Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун “Эрсдэл өндөртэй 20.000 өрхийн 51.1 хувь буюу 10.221 өрхийн 24.246 хүүхдэд дэмжлэг тусламж шаардлагатай, хоол хүнсний хомсдолтой, тухайн өрхөд байнгын ажлын байртай гишүүн байхгүй, зөвхөн хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжийн мөнгөөр амьжиргаа залгаж амьдарч байна. Манай байгууллагын “Хүүхэд, гэр бүлийн мэдээллийн сан”-гийн Эрсдэлийн программд 2020 оны дөрөвдүгээр сарын 23-ны байдлаар 22.853 хүүхэд бүртгэлтэй байгаа бөгөөд “COVID-19” халдварын цар тахал цаашид нэмэгдэх, хорио цээрийн дэглэм үргэлжлэх тохиолдолд эдгээр хүүхдүүдэд чиглэсэн хүнс тэжээл, хувцас, амин дэм, ариутгалын бодис өгч байна” гэдгийг онцолж байсан.  

Мөн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Азжаргал “Түргэвчилсэн үнэлгээрээр эрсдэлт бүлэгт багтсан гэр бүлийн гишүүдийн 94 хувь нь 31-35 насныхан, 6 орчим хувь нь 40-46 насныхан байна. Нэг өрхөд дунджаар 0-18 хүртэлх насны 2-7 хүүхэд амьдарч байна. Нийт өрхийн 90 орчим хувь нь өдөрт нэг удаа махан хоолоор хооллодог, хөнгөн цай, боорцог талх зэрэг хөнгөн цай ууж байна. Нийт өрхийн 10 орчим хувьд  өрхийн зөвхөн нэг гишүүн үйлчлэгч, галч, харуул, барилгын туслах, нүүрс шуудайлж зарах гэх мэт ажил хийдэг, 85 хувь нь ажилгүй байна. Хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж, асаргааны мөнгө, Цалинтай ээж хөтөлбөрийн мөнгөнөөс өөр орлогын эх үүсвэргүй байна. Нийт өрхийн 60 орчим хувь нь архины хамааралтай гишүүнтэй, хүүхдээ үл хайхарсан, гэрийн ахуй, нөхцөл байдал хүнд байна. Хөгжлийн бэрхшээлтэй болон сэтгэцийн тулгамдсан асуудалтай гишүүнтэй өрхийн хувьд нөхцөл байдал илүү хүнд, өрхөд байгаа бусад хүүхдэд тавих анхаарал сул, нэмэлт амин дэм шимт тэжээл хэрэглүүлж  чаддагүй,  өрхөд ажилгүйдэл үүссэн байна. Ялангуяа хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод шилжин ирээд өөрийн гэсэн орон гэр, газрын асуудлаа шийдвэрлүүлж чадаагүй өрх 50 орчим хувийг эзэлж байна” гэж байлаа.

Түүнчлэн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ажлын хэсгийнхэн нийслэлийн 9 дүүргийн эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа 90 өрхөөр орж, тусламж дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ иргэдэд тулгарч байгаа зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж байсан. Тухайлбал, гэрээр оёдол хийх чадавхитай өрхүүдэд туслаж дэмжих, түлээ нүүрс зарах болон гарааны бизнес эрхлэхэд нь мөн дэмжлэг үзүүлэх, ажлын байранд холбон зуучлах, зургаагаас дээш насны хүүхдүүдийг хорио цээрийн дэглэм цуцлагдсаны дараа хороод дээр хэрэгждэг “Би нар” төсөлд хамруулж, хүүхдийн хөгжлийн дэмжих, нийгэмшүүлэх, сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай эцэг эх, хүүхэд, өсвөр үеийнхэнд урт хугацааны нийгэм-сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлэх, архины хамааралтай болсон өрхийн гишүүдэд урт хугацааны эмчилгээ, зан үйлийг засан сургалтад хамруулах, анхан шатанд ажиллаж байгаа Хэсгийн ахлагч нарыг чадавхжуулж, мэдээллийг илрүүлэх, мэдээлэх, холбон зуучлах болон гэр бүлтэй ажиллах чиглэлээр  чадавхжуулах зэрэг ажлыг зохион байгуулна гэж байсан. Үүнээс гадна холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ажиллах замаар иргэдийн газрын асуудлыг шийдвэрлэж, орон гэртэй болгох, хүнсний талонд хамруулах, хөгжлийн бэрхшээлтэй болон хоол тэжээлийн дутагдалтай хүүхдүүдийг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд хэвтүүлэн эмчлүүлэх зэрэг ажлыг шийдэж байсан юм.

Түүнчлэн эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа өрхийн амьжиргааны түвшин доогуур 90 өрхийн хүүхдүүдийн 80 гаруй хувь нь цахимаар хичээлээ хийж чадахгүй, ангийн багш нар нь огт холбогдоогүй байна. Иймд дүүргийн Боловсрол, соёл урлагийн газарт албан бичиг илгээж, зуны хугацаанд хичээлийн хөтөлбөрөө нөхөж судлах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг хийхээр болсныг гэр бүл, хүүхэд залууучуудын хөгжлийн газрын удирдлагууд энэ үеэр онцолж байлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616901
1 эможи
keyboard_arrow_up