Монголчууддаа зориулж хилээ нээж, татаж авахыг хичээнгүйлэн хүссэн ил захидал
-Ирэх 5-р сард багтааж, зөвхөн Монголчууддаа зориулж хилээ нээхийг, татаж авахыг хичээнгүйлэн хүссэн сэтгүүлч зохиолчийн ил захидал-
Дэлхийг хамарсан "биологийн дайн" гэж болохуйц цар тахлын үед ард олныхоо эрүүл мэндийг аварч гарах олон талт хэцүү төвөгтэй ажлыг гардан зохион байгуулах түүхэн үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссыг монголчууд үнэлсээр байгаа. Үнэлэх ч болно. Үүнийг бичигч тийм хүмүүсийн нэг. Гадаадад байгаа нь тэсвэрлэж, дотооддоо байгаа нь хичээж ирлээ. Гэвч тэвчээрт хязгаар бий. Сүүлийн үед гадаадад байгаа монголчуудынхаа талаар Монгол Улсын засгийн газар, УОК эрс шийдмэг, хурц зоримог, тууштай, далайцтай арга хэмжээ авахгүй, бүх талын бололцоог эрчтэй хайхгүй, өдөр өдрөөр хавчиж багасгаж байгаа боломжит цаг хугацааг алдсаар монгол эх орныхоо нэгэн эс ширхэг болсон бүрэн эрхт иргэд тэднийг маань сэтгэл санаа, бие сэтгэлээр туйлдуулах зовлонд унагааж, эзгүй аралд цөлөгдсөн мэт болгож байгаа нь маш харамсалтай, бас өрөвдөлтэй байдалд оруулаад байна. Гадаадад байгаа монголчууд жаргасан, цэнгэсэн, зугаалсан, баярхсан улс биш. Эх орондоо байгчдаасаа ч илүү хохирч, илүү бодлогын гадна үлдэж, илүү сэтгэлээ сэмлэж илүү аз жаргалыг дутуу эдэлж яваа улс юм байна. Маргааш өдөр нь зовлон гачигдал болж, мадаггүй итгэсэн итгэлээ алдаж гээсээр байгаа иргэд хэдэн зуугаараа байна.
Аугаа их АНУ-д юу болж байгаа билээ, юун харь хүнийг эмчлэх манатай, өөрсдийнхөө өвчтөнг гэрээрээ бай гээд явуулж байна. Эмнэлэгийнхээ орон дээрээсээ шахагдаж, очих газаргүй, туслах хүнгүй болж, архаг хуучтай хөгшид яаж шүүхэн амьд мэнд дээрээ монголынхоо газар шороон дээр гишгэхэв, халааснаасаа сүүлчийн мөнгөө шавхаж, гудамжинд гарч, хэл ам мэдэхгүйн харгайгаар дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болж, зарим эхчүүд хүүхдэдээ сүүний оронд харь орны ариутгаагүй крантны хар ус хөхүүлж, муусайн азиуд гэж адлагдаж, гадуурхагдаж, орох орон оочих аягагүй зовж зүдэрч яваа монголчуудыгаа харь газар хөсөр хаяж байгаа нь наад зах нь Үндсэн хуулийн хүний амьд явах эрх уланд гишгэгдэж, даанч энэрэлгүй ширүүн байгаа юм биш үү? . Зарим нь гадаад дахь монголчуудыгаа бүгдээрээ өвчин тээвэрлэгч мэтээр хэлэх, хэлэхгүй үгээр доромжилж дайрч байна.
Бүх боломжоороо өөрсдийгөө хамгаалж байгаа, бүр ч илүү байж магадгүй. Бусад хүчирхэг чадалтай гүрнүүд нь ч биш, манайхаас дорой улс орнууд ч корона-19-г авчихсан байсан ч янз янзын арга сүвэгчилсээр АНУ-аас сүүлчийн иргэдээ татаж аваад дууслаа. Миний тэмдэглэлийн дэвтэр дээр үлдсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэдэгдэл монголчуудыг огшоож, бид эзэнтэй юм байна, биднийг харж байгаа юм байна, бололцоогоо шавхаж байгаа юм байна гэж баярлацгаасан, зарим нь ч нулимс унагаасан байх. Гадаадынханд биш, өөрийн орны иргэддээ хилээ хаана гэдэг байшгүй хатуу шийдвэр. ИРЭХ 5 ДУГААР САРЫН ДОТОР амжиж Засгийн газраас дипломатын шуурхай далайцтай чиглэлтэй бодлого явуулж, улс орны удирдлагуудтай яриа хэлцэл хийж, тэдгээр орны онгоцыг түрээсэлж, БНСУ, Япон мэтийн боломжийн орнуудад транзитаар байрагнуулж яаралтай татаж авахгүй бол дахин ийм боломж, бололцоо гарахгүй! "Алтан аргамжаа" гэгдсэн гадаад дахь Элчин сайдын яамд иргэддээ гэр орон шиг, гэрийн ивээлт эзэн шиг байх ёстой байтал тэр бүр нааштай хүлээж авахгүй, шинэ шинэ санаачилга сэдэл гаргахгүй, цахимд хамаг ажлаа даатгаж байгаа харагдана.
Ёрөнхийлөгч Трамп "Улс орнууд АНУ-д байгаа иргэдээ татаж авахгүй бол эрс хатуу арга хэмжээ авна" гэлээ. Үүнийг далимдуулж яриа хэлцэл хийж ч болмоор. "Юмыг олон талаас нь харах тусам олон харагддаг" гэдэг. Ганц цонхоор, ганц нүдээр харсаар өдий хүрэв. Америк дахь Элчин сайдын яам Монголчууддаа цаг алдалгүй мэдээлэл хүргэж байгаа ч шинэ шийдэл эрж хайх талаар хэр ажиллаж байгаа нь мэдэгдэхгүй байна. Элчин сайд тээвэрт асуудал байхгүй ч Монголд очоод хангалттай тусгаарлах байр байхгүй, мөн олон өвчтэй хүн очвол амьсгалын аппаратаас авахуулаад хүндрэлтэй гэж ярьж байх юм. Болохгүй болгоныг тоочвол болж бүтэх юм байхгүй. Цаг хугацаа биднийг хүлээхгүй. Монголд тусгаарлах байр дутагдалтай гэвэл түүн шиг худлаа юм байхгүй ЭМЯ тун саяхан 900-аад ор бэлэн, цаашдаа бэлтгэнэ гэж мэдээлж байсан. Амрагчгүй амралтын газар, гадаадын нэг ч зочингүй зочид буудал, эзгүй байгаа их дээд сургуулиудын байр, гадаадын оюутны байр, арга ягдвал сургууль цэцэрлэгийг ч дайчилж болно. Иргэд мөнгөө төлнө, харин улс зохион байгуулна. Харьцангуй эрүүл үед нь амжих, амжуулах хэрэгтэй байсан юм, одоо ч хожимдоогүй. Гагцхүү цаг хожих, боломж бололцоогоо дайчлахыг л гадаад дахь монголчууд шаардаж байна. Дайн байтугай энхийн цагт ч хүнд бэрх үе тохиолдож байсан. Гараад, туулаад л байсан. Энэ бол өвөрмөц төрлийн дайн юм байна, бүр дэлхийн 3-р дайн ч гэж болох нь. Маршал, генералууд, хүчит пуужин, буу зэвсэг чухал биш, зөвхөн зангарагтай удирдагчийн эрсдлийг үүрч гарах эр зориг, мэргэн шийдэл, өөрийг биш өрөөлийн төлөө хийх гавьяа, сорилт шалгуурын үе мөч юм. Эрсдэлгүй амьдрал үгүй, эрсдлээс айж биш, давж гарна.
Монголд маань гадаадад байгаа монголчуудаа авчрах талаар хөдөлгөөн өрнүүлж, үүнийг төрийн бодлогын асуудал болгож, залуучууд маань манлайж байгаа сайн мэдээ ирж байна. Төр засаг хэрхэн яаж дэмжиж, яаж хүлээж авахыг гадаадад түр оршин сууж байгаа 8,000 иргэн нүд чилтэл хүлээж бас цөхөрч байна. Хилийн чанадад байгаа 200.000 гаруй мянган иргэд бүгдээрээ ирнэ гэж байгаа юм бишээ. Энд хэдийнэ амьдраад суурьшиж ирсэн монголчууд эх орноо аюул багатай даваад гараасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Гадаад дахь монгол иргэдийн чилж цөхөрсөн хэдэн зуун мянган нүд, чичирч зовсон зүрх сэтгэл харж, бие сэтгэлээ чилээж Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисынхонд энэхүү захидлаа илгээж чин сэтгэлээсээ мэдэгдье.
МОНГОЛ ХҮН БҮР, МОНГОЛ АЙЛ, ГЭР БҮЛ ЭРҮҮЛ ЭНХ, АМАР АМГАЛАН ОРШТУГАЙ.
ЗОХИОЛЧ СЭТГҮҮЛЧ ДО.ЦЭНДЖАВ USA. Danville PA
2020 . 04. 21