“The HU“ хамтлагийнхан тусгай үүргийн онгоцоор иржээ
“Ковид-19” цар тахлын улмаас "The HU" хамтлаг Австрали улсад гацаж, хөл хорионд орсон талаар өмнө мэдээлж байсан. Тэгвэл Сидней хотод саатсан "The HU" хамтлагийнхан өчигдөр (2020.05.03) Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Европын улс орнуудаас иргэдээ авахаар ниссэн Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр эх орондоо ирсэн байна.
Тус нислэгээр 261 иргэн ирсэн ба өндөр настан болон асран хамгаалагчтай 39, эрүүл мэндийн шалтгаантай 58, жирэмсэн 22, хөгжлийн бэрхшээлтэй болон асран хамгаалагчтай 3, бага насны хүүхэдтэй болон гэр бүл 62, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 77 зорчигч ирсэн талаар Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлсэн.
Тэдгээр иргэдийг Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, ОБЕГ-ын харьяа “Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал”, “Энхсаран” сувилал, “Центавр” зочид буудалд байрлуулж, 21 хоногийн хугацаатай тусгаарлаад байна.