ШӨНИЙН СУРВАЛЖЛАГА: Өнгөрсөн амралтын өдрүүдэд эрүүлжүүлэх байрны ачаалал ихэсчээ
Нийслэлийн цагдаагийн удирдах газраас дүүргүүдэд тогтмол хяналт шалгалтын ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа билээ. Энэ удаагийн шөнийн хяналт, шалгалтаар манай сурвалжлах баг хамт ажиллаж Нийслэлийн шөнө"-ийн амьдралыг сурвалжиллаа.
Өнгөрөгч пүрэв гаригт буюу 30-ны өдөр хотын захирагч С.Амарсайхан захирамж гаргаж, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг шөнийн цэнгээний газрууд, баар, ресторан, караоке, бусад үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийг сунгаж, 07.00-00.00 цаг хүртэл ажиллуулах шийдвэр гаргасан.
Уг захирамжийн хүрээнд 2020.05.02.ны 22цагт НЦУГ-ийн бие бүрэлдэхүүнтэй хамт ээлжит гэнэтийн шалгалтыг хийхээр хөдөллөө.
Манай сурвалжлагын баг эхлээд БГД-ийн 8-р хорооны нутаг дэвсгэрээс хяналт шалгалтаа эхлүүлсэн бөгөөд MA-I лоунж, Fire баар, Zippo караоке болон Stella бааруудын үйл ажиллагааг шалгалаа.
Үргэлжлүүлэн 23:00 цагт БГД-ийн 10 дугаар хороонд байрлах ПАБ-т ороход архи, пивоор ширээгээ дүүргэн нилээд согтуу маскгүй хүмүүс дараа нь хайчих талаараа ярьж суусан харагдана. Харин 23:30 цагт цаашлаад тус дүүргийн "Анархан "ресторан ПАБ дээр очиход зарим хүмүүс хоорондоо муудалцан согтуурахсан байдалтай байлаа. Тус газарт үйлчлүүлж байсан иргэнээс архи согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын цагийн хуваарийг 00.00 сунгасан талаар асуухад "Иргэн О нь чөлөөт цагаа өнгөрөөх эндээс өөр газар байхгүй болохоор сууж байна. Манай улсад халдварт өвчин ахуйн хүрээнд гараагүй учир бидэнд айх зүйл алга. Угаасаа энэ газруудыг 00.00 цаг хүртэл сунгацан юм чинь ингээд суухаад яахавдээ" хэмээн хариуллаа.
НЦУГ-ийн бие бүрэлдэхүүнтэй караоке, баар, цэнгээний газруудад шалгалтыг хийхэд тус газрууд хүнээр дүүрэн харагдана.
00:00 цагт бид цаашлаад Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байрны нөхцөл байдалтай танилцахад ачаалал хэвийн хэмжээнээс өссөн дүр зураг харагдсан.
"Баар, цэнгээний газрын ажиллах цаг сунгагдсанаар эрүүлжүүлэхүүд дүүрчээ"
Энэ талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Б. Дэлгэрхангай
Нийслэлийн засаг даргын дөрөвдүгээр сарын 30-ний өдрийн А/590 захирамжаар архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг баар, караокенуудыг нээлээ. Хяналт шалгалттай холбоотойгоор архидан согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үйлдэл их гарч байна. Үүнтэй холбогдуулан Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст бямба гарагт 100 дуудлага бүртгэгдсэн. Тус дүүргийн эрүүлжүүлэх, саатуулах байр л гэхэд 25 хүн хүлээн авах хүчин чадалтай ч өчигдөр /2020.05.02/ шөнө 23:00 цагийн байдлаар 35 хүнтэй болсон байгаа.
Савнаасаа бусдыг дийлдэг хар усны балаг өнөөгийн нийгмийн эмзэг сэдвүүдийн нэг. Гэмт хэргийн гаралтын 80-аад хувь архинаас үүдэлтэй үйлдэгддэгийг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байна.
Хотын захирагч согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын цагийн хязгаарыг 07:00-00:00 цаг хүртэл сунгахаар болсон нь өнгөрөгч амралтын өдрүүдэд гэмт хэргийн дуудлага өсчээ.
Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Ахлах байцаагч Г.АМАРЖАРГАЛ:
Бар, караоке, шөнийн цэнгээнүүдийг хааснаар ахуйн хүрээний архидалт ихэссэн. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хотын даргын захирамжаар нийслэлд үйл ажиллагаа явуулдаг шөнийн цэнгээний газрууд, баар, ресторан, караоке, бусад үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийг сунгаж, 07.00-00.00 цаг хүртэл ажиллуулах шийдвэр гаргасан. Уг захирамжийн дагуу хяналт шалгалтыг хийхэд архидан согтуурсантай холбоотой зөрчлийн дуудлага мэдээлэл өссөн. Архидан согтуурсан иргэд гэртэй очоод агсам тавих, эхнэр хүүхдээ зодох гэх мэтчилэн гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээлэл зонхилох нь их. Бид цагийн хуваарь зөрчсөн ААНБ-уудад зөрчлийг газар дээр нь арилган зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч ажиллаж байна.
Захирамжийн хүрээнд баар, караоке нээсэнтэй холбогдуулан зөрчлийн дуудлага мэдээлэл хоёр дахин өссөн байна.
Нийслэлийн шөнийн амьдралын нэгэн эмгэнэлт дүр зураг нь шагчдын гар харсан залуусын бөөгнөрөл байлаа. СХД-ийн 13-р хороо ӨНӨР зочид буудлын гадна гар дээрээс архи худалдсан, БГД-ийн 21 хороо гэмтлийн эмнэлгийн автобусны буудалд гар дээрээс архи худалдсан гэх мэт шагийн архи худалдан борлуулдаг иргэдийг цагдаагийн алба хаагчид цөөнгүй илрүүллээ.
01:00 цагт шалгалтын сүүлийн газар болох БГД-ийн 21 хороо гэмтлийн эмнэлгийн автобусны буудал дээр гар дээрээс архи худалдан дамлаж байсан иргэнийг саатуулснаар тухайн өдрийн гэнэтийн хяналт шалгалт өндөрлөсөн юм.
Энэ бүхнээс харахад баар, караоке ашгаа бодож цагийн хуваарийг хэтрүүлэн ажиллах нь хүний биеийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг гарах томоохон шалтгаануудын нэг болж байна. Хэдэн төгрөгний төлөө иргэдийн амь насанд эрсдэл үүсгэж байгаа нь харамсалтэй. Эдгээр газруудад цагдаагийн байгууллагаас хяналт шалгалтыг хийн ажиллаж байгаа ч дотроосоо хаалгаа түгжин ажиллахгүй байгаа мэт ажиллаж хууль дүрэм зөрчсөөр байх уу.
Дэлхий нийтийг цочроосон энэ цар тахлын үед хөл хориог улам чангатгахгүй бол улс орныг мөхөөх аюул энүүхэнд болчихоод байна. Захирамж зөрчин хаалга үүдээ дотроос нь түгжин үйлчилдэг хариуцлагагүй ААНБ-ууд энэ олон хүний хүч хөдөлмөрийг үгүй болгох эрсдэлийг өндөрсгөж байна. Хорио цээрийн дэглэмийг зөрчөөд, хувь хувиараа шийдвэр гаргаад явдаг ААНБ-ууд улс орноо ЭРСДЭЛД оруулж байна.