Ц.Энхжаргал: Шинэ нөхцөл байдалдаа дасан зохицож цагаа ухаалгаар зарцуулах цаг үе ирээд байна
Менежментийн сэтгэл зүйч Ц.Энхжаргалтай ярилцлаа.
-Бид хоёр сар гаруйн хугацаанд хөл хорионд байлаа. Сая Улсын онцгой комиссоос Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих хугацааг бүтэн сараар сунгах шийдвэрийг гаргачихлаа. Иргэд тийм ч таатай хүлээж авсангүй. “Ковид-19” иргэдэд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Бид нар эмч рүү очихдоо ханиалгаад байна, эм өгөөч гэдэг. эмч юунаас гаралтайг нь тодорхойлоод эмчилгээний жор бичиж өгдөг. Үүнтэй ижил бид нар хөл хорионоос үүдэлтэй ямар асуудал хүмүүст тулгараад байгааг зөв оношлох хэрэгтэй. “Ковид-19” дөрвөн бүлэгт өөр өөрөөр л тусч байна. Нэгдүгээрт хувь хүмүүст өөр өөрөөр л тусч байх шиг. Ажилтай, ажилгүй хүмүүс байгаа шүү дээ. Гэр бүлүүдэд ч янз бүрээр тусч байна. Гэр бүл дотор хосоороо амьдарч байгаа хүмүүс ч бий. Хүүхдүүдтэйгээ амьдарч байгаа хүмүүс ч байгаа. энэ бүхэнд ялгаатай бэрхшээлүүд тулгарч байна. мөн байгууллагуудад ч бэрхшээл тулгарч л байна. Байгууллагууд ажилчдын орон тооноос шалтгаалаад өөр хоорондоо харилцан адилгүй.Үүнээс гадна нийгэм буюу массад хүнд тусч байна. Нийтээр явж байгаа зүйлд дагаж хямраад байна.
-Тулгарч байгаа бэрхшээлүүдийг та хэрхэн харж байна вэ?
-Эхлээд нийтлэг асуудлыг ярих нь зүйтэй байх. Бүгдээрээ тодорхой хэмжээний санхүүгийн хохирол амсаж байгаа. Дэлхий даяараа л санхүүгийн хүндрэлтэй нүүр тулж байна. Хувь хүний тухайд яалт ч үгүй ахуйн хэрэглээ танах шаардлага тулгарч байна. Энэ нь нийгмийн эмзэг давхаргынханд илүү хүнд тусч байх шиг. Хоёрдугаарт, тодорхойгүй байдал нь бүх салбарыг стресстүүлж байна. Яах нь мэдэгдэхгүй байж байгаад л хөл хорионы хугацааг сунгачихаад байна шүү дээ. Долдугаар сар юм уу, аравдугаар сар хүртэл хөл хорионд байна гээд тодорхой хугацаа заачихвал ажил төлөвлөхөд ч хялбар. Сая бол тавдугаар сард чухал ажил төлөвлөсөн хүмүүс хохирч байна. Ийм тодорхойгүй байдал хүмүүсийг бүх түвшинд бухимдуулж байна. Мөн ажилгүй гэртээ байгаа хувь хүмүүс, оюутнууд их уйдаж байна. Монголчууд хийцгүйрнэ гэж ярьдаг шүү дээ. Ийм хүмүүс хий бодолд автаж, бодит биш зүйлд санаа зовж, хямраад байна.
Мөн гэр бүлүүд тогтмол гэрт суугаад байхаар үзэл бодлын зөрчилдөөн үүсч байна. Гэхдээ бүх айлыг хамаатуулж ойлгож болохгүй.
-Хаврын адаг сар гарлаа. Хүүхдүүд гадуур хөөрч гүйлдэж бужигнаж байдаг цаг шүү дээ. Ийм үед ч бага насны хүүхдүүд гэрийн хорионд суугаад байхыг хүсэхгүй байх. Үүнтэй холбоотойгоор ахуйн хүрээн дэх маргаан тасрахгүй байх шиг?
-Хөл хорио тогтоосон энэ үед ахуйн хүрээнд тулгамдаж байгаа нэг асуудал нь энэ мөн. Өвлийн улиралд бол гэрийн хорионд байж болоод байсан. Тухайн үед цаг хугацаа нь ч тодорхой байсан. Одоо бол тодорхойгүй байна шүү дээ. Гадаа дулаарахад хүүхэд зөнгөөрөө гарч орж гүйхийг хүснэ. Тэгэхэд нь л хорьчихож байна. Үүнтэй холбоотойгоор хүүхдийн зан ааш эрс өөрчлөгдөж маргаан зөрчилдөөн үүсч байгаа юм. Гэр бүлийн гишүүд хоорондоо нээлттэй байх нь чухал.
Таны хүүхэд эдийн засаг хүнд үед янз бүрийн үнэт зүйл хүсвэл тайлбарлаж ойлгуулж болно. Хүүхдийг сонсож, ойлгож болох түвшинд нээлттэй байх хэрэгтэй. Үүнийг хэсэг зуурынх гэдгийг ойлгуулах нь чухал. Гэхдээ эцэг эхчүүд хүүхдэдээ цаг гаргаж байгаа ч үеийнхнийг нь орлохгүй. Магадгүй зарим найзуудынх нь эцэг эхтэй нь зөвлөлдөөд хувийн ариун цэврийг нь хангаж өгөөд хэсэг хугацаанд хамт тоглох орчин бүрдүүлж өгч болно. Ингэхдээ аюулгүй байдлыг нь сайтар хангаж зөвлөмж мөрдөхөө мартаж болохгүй.
Дахин онцлоход энэ хугацаанд хүүхэдтэйгээ ойр байж хүмүүжил төлөвшилд нь анхаарах л чухал. Хүүхэд нэгэнт насанд хүрчихвэл зан аашийг өөрчилж чадахгүй.
-Хувь хүн, гэр бүлүүдэд таны дурдсан асуудлууд тулгарч байна. Албан байгууллагуудад ч бэрх цаг ирээд байна...
-Ажлын цагийн хуваариас авахуулаад загвараа өөрчлөх цаг ирээд байна. Ер нь тэгээд менежмэнтийн хувьд ч асуудлууд тулгараад л байна.
-Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах шийдвэр нэгэнт гарчихлаа. Хохирол багатайгаар давж гарах арга замыг та яаж харж байна вэ?
-Эхлээд хэсэг хугацаанд төвлөрч бодоод хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Магадгүй энэ жилийг дуустал асуудал үргэлжлэх нь гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байх. Бага зэрэг тайвширна шүү дээ. Ингээд төлөвлөгөө боловсруулж болно. Энэ цаг хугацааны тэдэн хувийг нь цахим орчинд зарцуулна, тэдэн хувийг нь бизнес, шинэ санаа олоход зарцуулна гэх мэт төлөвлөгөө гаргаж болно. Өмнө нь завгүйгээ гайхаад байсан бол одоо танд зав чөлөө гарч ирлээ. Магадгүй энэ жилийг хувь хүний хөгжлийн жил болгож болно. Өөрөө бие дааж сурахад хамгийн тохиромжтой үе ирээд байна. Ирэх жилүүдэд амжихгүй байж болно шүү дээ. Өөрийгөө хөгжүүлэх боломж таны өмнө ирээд байна. Мөн хийж амжаагүй зүйлсээ бодож төлөвлөх хэрэгтэй.
Хүний тархи аливаа зүйлд хурдан дадал болдог. Бидний тархинд аль хэдийнэ өмнөх амьдралын загвар суучихсан байдаг. Өдөр тутмын тогтсон загвар байдаг. Тэр загвар маань өөрчлөгдөх шаардлагатай болоод байна.
-Хувь хүн сэтгэл зүйгээ тогвортой байлгахын тулд юуг анхаарах вэ?
-Хүмүүс өөртэйгөө ярилцаж чадахаа больсон болохоор л сэтгэл зүйч нарын хэрэгцээ их байгаа юм. Өөрийгөө ойлгохоо больсон учраас тэр шүү дээ. Тэгвэл одоо магадгүй өөрийгөө ойлгох боломжтой цаг гарч ирж байна. Юу хүсч байгаагаа чагна. Асуудлыг боломж болгож харах хэрэгтэй. Шинэ нөхцөл байдалдаа дасан зохицож цагаа ухаалгаар зарцуулах цаг ирээд байна. Дасан зохицох чинь байгалийн хууль шүү дээ. Бидэнд шинэ загварыг “Ковид-19” сануулж байна. Ямар боломж өгч байгааг ашиглая.
Одоо ингээд бодсон юм чинь алхам хийнэ. Суръя гэсэн бол сур. Бүтээе гэсэн бол бүтээлц. Өөрийгөө хөгжүүл. Асуудал дундаас боломжийг олж харах нь чухал. Ингэж байж л хүнд үеийг даван туулна.
Үлдсэн амьдралдаа юу хийж бүтээхээ ч төлөвлөж болно шүү дээ. Бусдад найдалгүй, бодож төлөвлөөд өөртэйгөө илүү ойр байх нь танд хэрэгтэй.
-Масс баталгаагүй мэдээлэлд хэт их автаж өнөөх 76-гаа зүхэж бухимдаад байх шиг. Мэдээлэлд шүүлтүүртэй хандах тал дээр манайхан дутагдалтай байгаа нь цахим орчноос анзаарагддаг. Сонгууль дөхсөн энэ өдрүүдэд хар бараан баталгаагүй мэдээллүүд бүр л хүчээ авах байх. Үүнийг иргэд хэрхэн тусгаж авах вэ?
-Хүмүүс мэдээлэлд шүүлтүүртэй хандах нь чухал. Хамгийн энгийн алхам нь хэн нээсэн нь мэдэгдэхгүй пейж хуудас, хуурамч аккаунт дагахаа болих хэрэгтэй. Сэжигтэй худлаа мэдээллийн сувгуудыг хаа. Бодитой судалгаатай мэдээллийг хүргэдэг мэргэжлийн редакцын бэлтгэсэн мэдээ материалыг үз. Мэдээлэлд шүүлтүүртэй хандахгүй бол хүний тархи хогийн сав болж дуусна. Тархинд юу орох орохгүйг та л шийднэ. Магадгүй “Өдрийн сонин”-г уншиж болно шүү дээ. Мэргэжилтнүүдийн үгийг тэндээс уншиж болно. Сонгууль дөхөж байна. Үнэн худал мэдэгдэхгүй янз бүрийн мэдээлэл зах замбараагүй л хөвөрнө. Энэ бүхэнд автаад бухимдаад байж болохгүй. Хар бараан мэдээлэл уншиж бухимдаж байхаар сэтгэл зүйч нарын цахим хуудсаар зочилж эерэг мэдээлэл зөвлөгөө авч болно. “Менежмэнтийн сэтгэл зүйч Ц.Энхжаргал” гэсэн фэйсбүүк хуудсаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ мэдээлэл авахад нээлттэй байгаа. Өнөө үед хүн бүр л фейсбүүк хаягтай, цахим орчинд чөлөөтэй аялдаг болсон шүү дээ.
-Өндөржүүлсэн бэлэн байдал, хөл хорионы үеийг дагаад гарах сөрөг үр дагавар их байх шиг. Үүнийг сэтгэл судлаач хүний зүгээс яаж харж байна вэ?
-Хийцгүүрч байгаагаас үүдэлтэй асуудлууд гарч ирж байна л даа. Бар цэнгээний газруудыг хаасан ч ахуйн хүрээн дэх архидалт нэмэгдсэн. Хүнд баярлаж цэнгэх нийгмийн хэрэгцээ байдаг. Хянах хорихыг дагасан сөрөг үр дагаврууд энд илэрч байгаа юм. Хөл хорионд уйдсан иргэд амарч зугаалж байна. Салхинд гарч зугаалж буй иргэд түймэр тавих эрсдэлтэй. Энэ хөл хориог бүр удаан үргэлжлүүлэх тал дээр судлаачийн хувиас сөрөг байр суурьтай байна. Бид өнгөрсөн хоёр сарын хугацаанд ариун цэвэр сахиад сурчихсан бол хөл хориог бага багаар тавих хэрэгтэй. Хүмүүс хувийн ариун цэвэр сахиад маскаа зүүгээд явах дадал суучихсан байгаа гэж ойлгож байгаа. Европын орнууд хөл хориогоо тавиад эхэлчихлээ шүү дээ. Өвчлөл хянаад байгаа боловч нийгмийн ар талын асуудал хүндрээд байгааг харах хэрэгтэй. Жижиг, дунд үйлдвэрлэл баялаг бүтээгчид ар араасаа хаалгаа барьж байна. Ажилгүйчүүд эрс нэмэгдлээ. Үүнийг дагаад ахуйн хүрээн дэх архидалт нэмэгдээд ирлээ. Шууд эрсдэлээсээ айж байгаад урт хугацааны давагдашгүй эрсдэлийг үүсгэчих вий дээ. Улс орны хөгжлийн том хөшүүрэг нь эдийн засаг мөн. Дан ганц сэтгэл зүйгээ тайван байлгаад асуудал шийдэгдэхгүй.
-Улсын онцгой комиссоос зарим тохиолдолд гэр бүлээрээ хөдөө гар гэж зөвлөж байна лээ...
-Хэрэв хөдөө хүлээгээд авах орчин байгаа бол яагаад болохгүй гэж. Тийм боломж байгаа бол явж болно.Гэхдээ бүгд хөдөө явчихвал хэн хийж бүтээх билээ. Энэ талаас нь бодолцож үзэх хэрэгтэй.
Эх сурвалж: Өдрийн сонин