“Номин холдинг” компани жижиг компаниудыг залгиж байна

2020 оны 5 сарын 01

Arslan.mn

Монгол Улсад олон салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын нэг бол “Номин холдинг” компани.

Тус компанийн цахим хуудас дахь танилцуулгаар худалдаа, инженеринг, санхүү даатгал, үйлчилгээ зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагааг явуулдаг аж. Энэ үйлчилгээ бүр нь дотроо бас салбарлаж, дахин хэд хэдэн төрөлд хуваагдаж харагдана. Энэ бол “Номин холдинг” компани Монголын худалдаа. үйлчилгээний зах зээлд ямар том орон зайг эзэлж буйг бэлхнээ харуулна.

Зах зээлийн зарчмаар ч тэр, нийгмийн хариуцлагын хүрээнд ч тэр ийм том компани улсдаа үлгэр жишээ үйл ажиллагаатай байх учиртай. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд тус компанийн үйл ажиллагааны талаар сайн гэхээс саар мэдээлэл, иргэдийн гомдол бухимдал л дуулдах болоод удлаа.

Үүний хамгийн тод жишээ бол Улсын их дэлгүүрийн 40 гаруй мянган жижиг хувьцаа эзэмшигчийн эрх хөндөгдсөн асуудал юм. Хотын төвийн байрлалд олон арван жил үйл ажиллагаа явуулж ирсэн Улсын их дэлгүүр өнөө хэр алдагдалтай ажилладаг. Тэр хэрээр олон мянган хувьцаа эзэмшигчдэдээ хэзээ ч ногдол ашиг өгч байгаагүй нь нэлээд хэдэн жилийн өмнөөс маргаан дагуулсаар ирсэн.

Гэтэл энэ бүхний цаад хэргийн эзэн нь “Номин холдинг” байсныг холбогдох мэргэжлийн, хуулийн байгууллага тогтоогоод буй.

Өөрөөр хэлбэл, Улсын их дэлгүүрийн бүхий л ашиг “Номин холдинг”-ийн олон жижиг компаниудаар угаагдаж, эцэст нь зохиомлоор алдагдалтай ажилладаг болгож нийгэмд харагдуулдаг, хувьцаа эзэмшигчдээ хохироодог байсан болж таарсан. Үүнийг Санхүүгийн зохицуулах хорооны шалгалтын багийнхан тогтоож, бүр хэдэн тэрбумаар ашигтай ажиллах тооцоог ч гаргаж ирсэн байдаг. Уг асуудал одоо шүүхийн шатанд хүрчихээд буй.

“НОМИН ХОЛДИНГ”-Д ХАЯГЛАСАН АСУУДАЛ ИНГЭЭД ДУУСДАГГҮЙ

Ялангуяа “Номин” сүлжээ дэлгүүрт хаягласан иргэдийн гомдол байсхийгээд л ШӨХТГ-т очсон дуулдаг. “Номин” сүлжээ дэлгүүр зөвхөн иргэдийг хохироогоод дуусахгүй сүүлийн үед жижиг компаниудын үйл ажиллагааг булаадаг болжээ. Үүнийг батлах цөөн хэдэн жишээ дурдахад хангалттай.

“Номин холдинг”-ийн “Номин” супер маркетуудаар “Эрдэм газ” нэртэй хайрцаг сав баглаатай ахуйн газ худалдаалагддаг. Харин дотор нь “Sun" нэртэй өөр газ худалдан авагчдын гар дээр очдог. Тооцооны хуудас дээр ч “Sun” нэрээр гарч ирдэг. Гэтэл уг “Sun” газ нь БНСУ-ын брэнд бүтээгдэхүүн юм байна.

Уг бүтээгдэхүүнийг “Мөнзөв” компани 2004 оноос хойш албан ёсны гэрээт борлуулагчаар импортлон оруулж ирэн Монголд худалдаалж эхэлжээ. Хөгжингүй улсын том брэндийн бүтээгдэхүүн учраас чанарын хувьд олон жилийн туршид асуудал гарч байгаагүй, худалдан авагчдаа нэгэнт олчихсон брэнд юм байна.

Гэтэл сүүлийн үед “Мөнзөв” компани дээр гомдол мэдүүлэн очих иргэд нэмэгдэх болж. “Танай импортолж оруулж ирдэг газ чанарын шаардлага хангахгүй байна” гэсэн нэг бус нэлээд олон гомдол иржээ.

Гомдлын мөрөөр баримт мэдээллийг нь шалгахад “Мөнзөв” компаниас бус “Номин” супер маркетаас худалдан авсан “Sun” газны гомдол болж таарчээ.
Гадаадын брэнд бүтээгдэхүүнийг нэг л компани оруулж ирнэ гэсэн хатуу шаардлага манай зах зээлд байхгүй. Тиймээс “Номин” ч БНСУ-ын брэнд бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр худалдаалах болсон байж болох юм.

Гэвч “Мөнзөв” компанийн зүгээс түнш компаниас тодруулга хийхэд “Зөвхөн танай компанитай олон жилийн турш харьцаж ирсэн. “Номин холдинг” компанитай харьцдаггүй” гэж мэдэгдээд байгаа аж.

Угтаа бол “Номин холдинг” компани дотоодод газ үйлдвэрлэдэг юм байна. Түүндээ “Sun” брэндийн хаяг шошгыг ашиглан нэрлээд, гадна сав баглаа боодлоо “Эрдэм газ" гэж худалдаалдаг тухай баттай эх сурвалж хэлж байна.

Тиймээс “Мөнзөв” компанийн зүгээс энэ явдлыг хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн, шударга бус өрсөлдөөн хэмээн үзэж байгаа аж. Түүгээр зогсохгүй олон жилийн турш гадны брэнд бүтээгдэхүүнийг импортлон оруулж ирэн хэрэглэгчдээ татсан компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг Монгол даяар олон салбарт үйлчилгээтэй том компани булаан авсан үйлдэл нь жижиг компанид томоохон эрсдэл учруулж буйг ч хэлж байлаа. Өрсөлдөөний тухай хуулийн долдугаар зүйлд монопол компанийн үйл ажиллагааг тодорхой зааж өгсөн байдаг.

Тус зүйлийн 7.1.4-д монопол компани нь бусад аж ахуй эрхлэгч зах зээлд гарч ирэхэд саад учруулахыг хориглоно гэж заажээ. Гэвч энэ тохиолдолд хуулийн тус заалт ноцтой зөрчигдсөн харагдаж байна.

“Номин холдинг” компани сүлжээ дэлгүүрүүдээ Улаанбаатараас гадна хөдөө орон нутагт ч шинээр байгуулах болжээ. Хөдөө орон нутгийн иргэдэд олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг нэг дороос худалдан авах сүлжээ дэлгүүр хэрэгтэй ч энэ нь нөгөө талаар орон нутгийн жижиг бизнес эрхлэгч, компаниудыг хаалгаа барихад хүргэж байгаа жишээ байна.

Үүний нэг бол Төв аймаг. Төв аймагт Номин супермаркет үүдээ нээснээр орон нутгийн дэлгүүр хоршоод хаалгаа барьжээ. Үүнийг сонссон хэнбугай ч зах зээлийн жамаараа явж байна, иргэд хэрэглэгчийн эрх нэгдүгээрт байх ёстой гэж харж буй. Нэг талаар тийм.

Гэхдээ зах зээлийнхээ хуулиар монопол компани ямар байх ёстойг хуульчилж өгсөн байдаг. Монопол компани энэ мэтээр өөрсдийн дураар дуртай газраа үйлчилгээгээ нэвтрүүлж, шинэ салбар барьж ашиг олдог болчихвол жижиг бизнес эрхлэгчид дорхноо дампуурч дуусна.

Гадаад улс оронд жижиг бизнес эрхлэгчдийг хамгаалдаг гол хууль бол Монополын тухай хууль. Харин манай улсад энэ төрлийн хууль одоо хэр нь батлагдаагүй байна. Эдийн засагчдын хэлж буйгаар “Монопол компаниуд зах зээлээс жижиг компанийн үйл ажиллагаанд саад учруулах ёсгүй.

Монгол Улсад Монополын тухай хууль батлах цаг нь болсон. Энэ хуулиар л жижиг бизнес эрхлэгчдийг хамгаалах ёстой” гэлцэж байгаа юм. Нийгэм эдийн засгийн хямралтай үед жижиг бизнес эрхлэгчдийг хамгаалах бодлого эрэлхийлж байгаа төрийн түшээд, холбогдох байгууллагууд хууль эрх зүйн орчноо эргэн харахгүй бол монопол компаниуд энэ мэтээр жижиг бизнесүүдийг залгисаар байх нь.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
4
ouch an post
1
confuse an post
1
angry an post
1
616742
7 эможи
keyboard_arrow_up